Сүүжний ястай холбоотой янз бүрийн домог яриа байдаг. Тэгвэл уншигчдаа Бадарчинтай холбоотой нэгэн домог яриаг хүргэе. Эрт цагт нэгэн бадарчин эзгүй говийг туулж явжээ. Орой болсон ч айл таарсангүй. Бадарчин "Хээр хонох болох нь" гэж бодож явтал гэр шиг цагаан юм харагдаж гэнэ. Бадарчин ихэд баярлаж айлд очиж хонохоор алхаагаа түргэтгэн явсаар очтол гэр биш өгөршсөн сүүжний яс байв. Нэгэнт гэгээ тасарч байсан тул аргагүй тэндээ хоносон байна. Шөнө нойрон дунд нь ганц нүдтэй чөтгөртэй зодолдоод болохоо байхаар нь бадарчин уурлаж "Энэ муу чөтгөр ямар хаашаа юм, хүн зүгээр байлгахгүй" гээд аманд нь атга хөмүүл чихсэн чинь "Яасан гашуун юм" гэж хашгирч байна гэж шөнөжин зүүдлээд хоножээ. Маргааш өглөө нь бадарчин нэлээд хол яваад өчигдөр шөнийн чөтгөртэй ноцолдсон нь санаанд орж, дагаж яваагүй байгаа гэж бодоод “одоо яаж байна” гэхэд “гашуун байна” гэж чөтгөр хариулав. Энэ муу чөтгөр надаас салахгүй юм байна гэж бодоод амандаа ном уншиж баахан явж байгаад “одоо яаж байна” гэж асуухад “гашуун байна” гэжээ. Бадарчин чөтгөрөөс хурдан салах гэж нэг живаа ном уншсан боловч чөтгөр туж дагаад салж өгсөнгүй. Мөн тэгж явсаар орой болоход нэг айлд хүрч ирэв. Бадарчин тэр айлд бууж, хоол унд идэж уугаад унтахаар хэвтэв. Тэгээд нөгөө чөтгөр одоо нэг салсан байлгүй гэж бодоод “одоо яаж байна” гэж асуутал “гашуун байна” гэж орон дотор нь дуугарав. Бадарчин чөтгөрөөс яаж нэг салья даа гэж бодож байснаа гэнэт нэг арга оллоо. Чи унтаж бай. Би гарч шээчихээд ирье гэж хэлчхээд бадарчин гарч явав. Тэрээр айлын гадна гараад “одоо яаж байна” гэж асуусанд юу ч дуугарсангүй. Бадарчин баярлаж тэр чигтээ цаашаа алхав. Өглөө нь айлын хүмүүс босч цай ундаа уугаад бадарчинг босохгүй болохоор нь "Энэ бадарчны бие нь өвдсөн юм биш биз" гэж ярилцаад хөнжлийг нь сөхөөд хартал өгөршсөн сүүжний яс хэвтэж байжээ. Гэрийн эзэд цочин сандарч “өчигдрийн ирсэн бадарчин чинь чөтгөр байсан байжээ” гэж хэлэлцээд өгөршсөн сүүжний ясыг галд хийж шатаахад “Гашуун байна. Гашуун байна” гэж хашгирсаар түлэгдэж үнс болсон гэдэг ба энэ цагаас хойш сүүжний ясыг гэрт хонуулдаггүй болсон юм гэдэг...
Б.Янжиндулам
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )