Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 2011 оны 5 сард ОХУ-д айлчилах үед тохиролцсон асуудлуудын нэг нь тус улсад хадгалагдаж буй монголын соёлын өвийг хамтран судлах, хэвлэн нийтлүүлэх, хуулбарлах асуудлыг тавьж, хэрэгжүүлэх үүргийг Монгол улсын Шинжлэх Ухааны Академи, түүний салбар хүрээлэн дүүрэг болгожээ.
Олон жилийн турш хамтын судалгааг эхлүүлэх, хамтын бүтээл туурвих, хэвлэн нийтлүүлэх зөвшөөрлийн асуудлыг Түүх, Археологийн хүрээлэн, түүний захирал доктор С.Чулууны санаачилга зүтгэлийн үр дүнд "Эрмитаж дахь Ноён уулын эрдэнэс" бүтээлийг эрдэмтэн И.Элихина гүйцэтгэж, Түүх, Археологийн хүрээлэнгийн эрдэмтэд Монгол хэлэнд хөрвүүлэн, хянан тохиолдуулж Монгол хэлээр анх удаагаа цогц бүтээл болгон гаргажээ. Уг каталогид Ноён уулаас олдсон бүх олдвор буюу 2,900 гаруй олдворыг багтаасан байна.
Тус бүтээлийн нээлтэд (2017.07.04) Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар, ШУА-ийн Ерөнхийлөгч Д.Рэгдэл болон түүх, соёл, хэл шинжлэлийн эрдэмтэн судлаачид, зочид төлөөлөгчид оролцжээ. Энэ үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тус ажлыг цаашид онцгойлон дэмжих, "Их Монгол" сангаас дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллахаа илэрхийлсэн байна.
Тус бүтээл нь Ноён ууланд П.К.Козловын удирдсан хээрийн шинжилгээний ангийн 1924-1926 оны хооронд малтлагаас илэрсэн дурсгалуудыг цогцоор нь анх удаагаа нийтлэж байгаа бүтээл аж. Түүх, Археологийн хүрээлэнгээс үргэлжлүүлэн "Хархорины гайхамшиг", "Алтан ордон улсын өв" зэрэг бүтээлүүдийг хэвлэн нийтлүүлэхээр ажиллаж байгаа аж.
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн хэлсэн үгийг хүргэж байна.
“Эрмитажид байгаа Ноён уулын олдворыг бүрэн хэмжээгээр бүртгэж, ном болгож гаргана гэдэг бол маш чухал зүйл байсан. Энэ каталогийн араас дахиад олон ном бэлтгэгдэж байгаа. Эрмитажаас гадна Кунст Камерск, Санкт-Петербургийн Дорно дахины бичиг соёлын хүрээлэнд Монголын өв соёлын чухал зүйлс хадгалагдаж байгаа. Чухал зүйлсийн хуулбар, эх загварыг олж авах ажил үргэлжилж байна.
Нэг даавууны өөдөс, нэг утсыг ч хаяхгүйгээр бүгдийг каталогижуулаад, хэмжээс, тайлбартай гаргана гэдэг бол шинжлэх ухааны талаасаа чухал зүйл боллоо. Энэ чиглэлээр гарч байгаа анхны бүтээл юм. Ноён ууланд судлагдах боломжтой 300 гаруй булш, бунхан байдаг гэдэг. Эдгээр бол 3-аас нь л гарсан зүйл.
Тэнд байгаа уурхай, хайгуул эдгээр зүйлд нөлөөгүйгээр явж, түүхийн судалгааны ажил бүрэн хийгдээсэй гэсэн бодол байдаг.
Ираны хувьд энэ бол эхлэл байгаа юм. Манай сайн санаат хүмүүс, эрдэмтэд, тэнд сурч, ажиллаж байгаа хүмүүс анхны энэ бүтээлийг хэвлэж, гаргаж байгааг их дэмжиж байгаа. Үүнийг мэргэжлийн талаар, шинжлэх ухааны чиглэлд улам өргөжүүлж, улам нарийн судлах шаардлагатай.
Иранд очиход онцгой сэтгэгдэл төрж байсан. Ираны дээд удирдагч Аятолла Хомейнитай уулзахад монголчуудын засаглалын үеийн талаар маш сайхан сэтгэгдэлтэй байсан. Монголчууд Иранд маш их зүйл хийсэн. Бид монголчуудын хийсэн зүйлд талархаж байдаг гэж хэлж байсан. Энэ бол албан ёсны протоколд орсон үг.
Монголчууд Иранд их сургууль нээсэн. Номын сан байгуулсан. Одон орон судлалын хүрээлэн, цамхагууд бий болгосон. Сэтгэл мэдрэлийн өвчтэй хүмүүсийг хөгжмөөр эмчлэх эмнэлэг нээж байсан гэж байсан. Тэр надад онцгой сэтгэгдэл төрүүлж байсан.
Монголын түүхийг бүрнээр нь харъя гэвэл Ил хаант улсын түүх, тэр үед үлдээсэн бичиг соёл, дурсгалуудыг судлахгүйгээр бүрнээр нь харах боломжгүй юм байна гэж ойлгосон.
Монголчуудын хөл хүрсэн газарт хүрье гэвэл Ираныг орхиж болохгүй. Иранд заавал очих ёстой юм байна гэж ойлгогдсон. Монголчуудын нийслэл байсан хотуудад очоод байхад монголчуудын ул мөр арвин байдаг. Энэ үүд хаалга нээгдсэн. Ираны тал дээд удирдагчаасаа авахуулаад энэ дээр хамтарч ажиллах, судалгаа хийх бүрэн боломжтой. Иймд Иранд очиж үзэх хэрэгтэй. Ялангуяа монголчуудын нутаглаж байсан газар яг манай төв Азийн өндөрлөгт байдаг газар нутаг шиг уул, ус, бэлчээр нь маш сонин. Их танил. Тэр нутаг усны хүмүүс нь хүртэл асар их элгэмсэг байдаг.
Тэнд сурдаг манай нэг оюутан хэлж байсан. “Монгол Улсын Ерөнхийлөгчийг ирэхээс нэг жилийн өмнө, Монгол Улсын Ерөнхийлөгч ирснээс 3 жилийн дараа” гэх мэтээр он тоолол маягаар ярьдаг гэсэн. Өлзийт хааны бунхан үзэхдээ айлчилж байсан жижиг хот байдаг. Ийм учир утгатай, монголчуудыг хүсэн хүлээсэн, хамтарч ажиллах зорилготой, бие даасан бодлоготой, өөрийн түүх, соёлтой мундаг улс байдаг.
Ерөнхийлөгчийн ажил отголж байгаа энэ өдрүүдэд энэ үйл явц таарч байна. Энэ явж байгаа ажлуудыг дараа дараагийн Ерөнхийлөгч маань дэмжинэ. Миний хувьд “Их Монгол” гэсэн сан байгуулсан. Энэ сангийнхаа чиглэлээр Монголтой холбоотой түүх, соёл, энэ бүх зүйл дээр дэмжлэг үзүүлж, хамтарч ажиллая гэж бодож байгаа. Миний хийж үргэлжлүүлэх нэг сэдэв бол Монголтой холбоотой сэдвийг аль болох дэмжиж, эрдэмтэд, судлаачидтайгаа ажиллана гэсэн төлөвлөгөө байгаа. Та бүхэнтэй дахин дахин уулзах, сайхан боломж гарна гэж итгэж байна. Та бүхнийг хүрэлцэн ирсэнд их баярлалаа” гэлээ.
Д.Тамир
WWW.ZINDAA.MN