С.Батболд: Энэ хичээлийн жилд хоёр настай хүүхдүүдийн 70 хувийг цэцэрлэгт хамруулна

2017 оны 08 сарын 02

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд болон Засаг даргын зөвлөлийн гишүүд өнөөдөр нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт шинээр элсэх хүүхдүүдийн цахим бүртгэлийн ажлын явц, сургууль, цэцэрлэгийн засварын ажлын явц, нийслэлийн эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалт, урсгал засварын талаар холбогдох хүмүүсээс мэдээлэл авч зарим үүрэг даалгаваруудыг өглөө.

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгийн бүртгэлийг цахимаар зохион байгуулах ажлын хэсэг байгуулан ажилласан. Ажлын хэсгийн хийж хэрэгжүүлсэн ажил, цахим бүртгэлийн явцын талаар нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг танилцууллаа. “Цахим бүртгэл өнгөрсөн сарын 25-ны өдөр эхэлсэн, өнөөдрийн байдлаар 15725 хүүхэд бүртгүүлсэн байна. Цахим бүртгэлийг энэ сарын 24-ний өдөр хаана. Мөн цахимаар бүртгүүлж чадахгүй байгаа иргэд цэцэрлэг дээр очиж бүртгүүлэх боломжтой.

3-5 насны хүүхдийг энэ сарын 21-24-ний өдөр уламжлалт аргаар буюу цэцэрлэг дээр нь бүртгэх ажил зохион байгуулагдана. Нийслэлийн Боловсролын газар, цэцэрлэгийн эрхлэгч нар наймдугаар сарын 25-ны өдрийн 10:00 цагт цахим элсэлтийг цэцэрлэг тус бүр дээр нь зохион байгуулна.

Даац хэтэрсэн, хүүхдийн тоо давсан цэцэрлэгүүдэд бүртгүүлсэн хүүхдүүдийг  түүврийн санамсаргүй аргаар сонгон элсүүлнэ. Энэ жилийн хувьд цэцэрлэгт шинээр элсэх 2015 онд төрсөн нийслэлд хаягтай 39 мянга гаруй хүүхэд байна гэсэн тоог Оюуны өмч, улсын бүртгэлийн газраас авсан. Үүнээс цахимаар 11 мянга 560 хүүхдийг элсүүлнэ. Мөн зорилтот бүлэг болон багш ажилчдын хүүхдүүдийг цэцэрлэг дээр бүртгэнэ” хэмээн цахим бүртгэлийн явцын талаар танилцуулав.

Нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Ц.Отгончимэг “Энэ хичээлийн жилд гурван настай 1847 хүүхэд, дөрвөн настай 1439 хүүхэд, таван настай 2573 хүүхдийг нэмэлт элсэлтээр авна. Төрийн өмчийн цэцэрлэгт цахимаар бүртгүүлсэн хоёр настай хүүхдүүдийн 30 гаруй хувь нь хамрагдах боломжтой байгаа. Мөн төрийн бус өмчийн 443 цэцэрлэгт 12 мянга гаруй хүүхэд элсэх боломжтой. Ингэснээр энэ жил хоёр настнуудын 70 гаруй хувь нь цэцэрлэгт хамрагдах боломжтой” хэмээн ярилаа.

 Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С. Батболд хэлэхдээ “Энэ жил цахим бүртгэл явуулж байгаа нь техник технологийн дэвшлийг ашигласан боломжийн арга. Нийт бүртгүүлсэн хүүхдүүдийн дунд элсэлтийг санамсаргүй түүврийн аргаар зохион байгуулна. Санамсаргүй түүврийн аргаар сонгох нь хөндлөнгийн нөлөө, танил талаа харж, ар өврийн хаалга  хэрэглэдэгийг таслан зогсоож байна гэсэн үг. Өнөөдөр цэцэрлэгийн насны хүүхдийн тоо, төрийн өмчит цэцэрлэгийн орны тоо эрс зөрүүтэй байгаа ч нийслэлийн удирдлагын баг аль болох  олон хүүхдийг цэцэрлэгт хамруулж,  эцэг эхэд нь  ажил хөдөлмөрөө хийх боломжийг олгохын төлөө  хичээж байна. Энэ жил шинээр 13 цэцэрлэг ашиглалтад орно. Мөн хувийн цэцэрлэгүүдэд хувьсах зардлыг нь өгөөд 3087 хүүхдийг шинээр авна.Нийт хоёр настай хүүхдийн 70 гаруй хувийг цэцэрлэгт хамруулах тооцоог бид гаргаад байна. Түүнчлэн  нийслэлд 25 хороо цэцэрлэггүй байснаас 6 хороог нь цэцэрлэгтэй болгож байна. Бүрэн эрхийнхээ хугацаанд бүх хороог цэцэрлэгтэй болгох боломж бүрдэнэ. Энэ жил хувийн хэвшлийн 36 цэцэрлэгт шинээр зөвшөөрөл олгосон”  гэдгийг онцолж, төр иргэдийнхөө өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийн төлөө хүнд сурталгүй , шуурхай ажиллах  ёстойг  Нийслэлийн боловсролын салбарынханд хэлж, цахим бүртгэлийн ажлыг алдаа дутагдалгүй, иргэдэд хүндрэл учруулахгүйгээр зохион байгуулж намйдугаар сарын 26-ны өдөр ажлынхаа үр дүнг танилцуулах үүрэг даалгаварыг холбогдох албаны хүмүүст өглөө.

Сургууль, цэцэрлэгийн барилга барих, их засвар хийх ажлыг  8 сарын 15 гэхэд дуусгах  үүрэг даалгавар өглөө

Нийслэлд хийгдэж буй сургууль, цэцэрлэгийн барилга, засварын ажлын явцын талаар нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Ц.Ариунбаяр Засаг даргын зөвлөлийн гишүүдэд танилцуулав. Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 108 тэрбум төгрөгийн өртөг бүхий 89 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байгаа юм. Үүнээс 34.3 тэрбум төгрөгийн өртөг бүхий 3770 ортой 26 цэцэрлэгэ, 67.4 тэрбум төгрөгийн өртөг бүхий 8120 хүүхдийн суудалтай 12 сургуулийн барилга баригдаж байна. Энэ онд хэрэгжиж дуусахаар 51 сургууль цэцэрлэгийн засварын ажил хийгдэж байгаа юм. Нийслэийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Ц.Ариунбаяр хэлэхдээ “Энэ онд багтааж дуусгах ажлыг дурдвал 1465 ор бүхий 12 цэцэрлэг, 7800 хүүхдийн суудал бүхий 10 сургуулийн барилга ашиглалтад орно. Мөн 21 сургууль, 30 цэцэрлэгийн засварын ажил мөн энэ онд багтаж бүрэн хэрэгжиж дуусна. Ирэх онд 2305 ортой 13 цэцэрлэг, 320 суудал, нэг спорт заал бүхий хоёр сургуулийн барилга, нэг бага сургууль цэцэрлэгийн цогцолбор барилга бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллан байна” хэмээв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Боловсролын салбарт хийгдэж байгаа их засварын ажлуудыг энэ сарын 15-ны дотор дуусгах хэрэгтэй. Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар их засварын ажил болон шинээр баригдаж байгаа ажлуудад тавих хяналтаа сайжруул. Очиж талбайн инженертэй уулзаад буцдаг биш. Компаниудын удирдлагуудтай уулзаж, графикыг нь шахуулаад, чанар байдалд нь хяналт тавих хэрэгтэй. энэд онд багтаж ашиглалтад оруулахаар төлөвлөсөн сургууль цэцэрлэгийн барилгын ажлыг шахаж ирэх сарын 1-ний дотор ашиглалтад оруул.   

Гурван жил дамнан  баригдаж байгаа ерөнхий боловсролын 14 дүгээр сургуулийн барилгын ажлыг энэ хичээлийн жилд дуусгаж, сурагчдын хүлээн авах орчныг бүрдүүлэхийг хотын дарга үүрэгдлээ. Сургуулийн сурагчид шинэ барилгаа хүлээгээд бүтэн 3 жил өөр сургууль дээр  3 ээлжээр хичээллэж байхад  концессын гэрээгээр ажлын хийж байгаа компани хариуцлагагүй ажиллаж байгааг шүүмжилж,  аравдугаар 1-нээс хэтрүүлэхгүй ашиглалтанд оруулах хэрэгтэй. Хэдийгээр концессийн гэрээгээр үүрэг хүлээж байгаа ч ажилдаа хариуцлагагүй хандаж байгаа компани байвал арга хэмжээг нь авна.

Концессын гэрээний үүргийн дагуу 50 хувиа гүйцэтгэсэн комданиудад дараагийн санхүүжилтийн асуудлыг маш хурдан шийдвэрлэж өгөөд, гүйцэтгэлийг нь хурдан гаргаад явах хэрэгтэй. Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар инженерүүдээ хуваарилаж бүх шинээр баригдаж байгаа болон засвар хийгдэж байгаа цэцэрлэг, сургуулийн ажилд хяналтаа тавиад, шургуу хугацаанд ажиллах хэрэгтэй” хэмээн нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Ц.Ариунбаярт үүрэг өглөө.

 Энэ намар гурван дүүргийн эмнэлэг мэс заслын тасагтай болно

Үүний дараа эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтын явцын мэдээллийг нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга  орлогч дарга О.Баяр өглөө.

“Энэ жилийн хувьд нийслэлийн эрүүл мэндийн салбарт улсын төсвөөс 493.6 сая төгрөг, нийслэлийн төсвийн 2.6 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж байгаа. Үүнээс нийслэлийн гурван дүүрэгт мэс заслын тасаг байгуулахад шаардлагатай тоног төхөөрөмж багаж хэрэгсэл худалдан авахад зориулсан. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалт 357.5 сая, нийслэлийн Эрүүл мэндийн газарт эрх шилжүүлсэн хөрөнгө оруулалт одоогийн байдлаар 366.4 сая төгрөг байна.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийслэлд байгаа гурван амаржих газарт тус бүрт нь 50 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг шийдэж өгсөн байгаа.

Бид Амгалан амаржих газарт шинээр Эмгэг нярайн тасгийг байгуулахаар ажиллаж, засварыг дуусгаад улсын комисс хүлээн авсан. Үйл ажиллагаагаа эхэлэхэд бэлэн болсон байгаа. Хүрээ амаржих газарт мэс заслын хэсэгт их засварыг хийсэн” хэмээн танилцууллаа.  Дүүргийн эмнэлгүүдэд мэс заслын тасаг байгуулах  ажлын хүрээнд засварын ажил хийгдэж, тоног  төхөөрөмжийн тендерүүд зарлагдаад дууссан.  10 сарын 1-н гэхэд гурван дүүргийн эмнэлэг мэс заслын тасгаа нээнэ” гэдгийг  Нийслэлийн эрүүл мэндийн газрын  орлогч дарга  О.Баяр хэллээ.

 Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч  С.Батболд хэлэхдээ “Нийгмийн салбарын хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг  цаг тухайд нь  шуурхай, чанартай  гүйцэтгэж байх  ёстой. Ирэх жилээс  тендерүүдийн  1 сарын 1 гэхэд зарладаг тогтолцоонд шилжинэ. 8 сарын 15 гэхэд бүх ажил дуусч, ашиглалтанд орж, хяналт хийгдэх болно” гэдгийг   хариуцсан агентлагийн дарга нарт үүрэг болгосон байна.

8 сарын 15 ны өдөр хотын дарга өгсөн үүрэг даалгаварын биелэлтээ  өөрийн биеэр очиж шалгана гэдгийг ч санууллаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top