Гэмт хэрэг хамгийн бага гардаг хотын тоонд Сингапур ордог. Баян чинээлэг тус хотын цагдаа нар ихэвчлэн сонин хачин хэргийн араас мөрддөг аж. Тухайлбал, саяхан Сингапурын иргэн 60 настай эрэгтэй автобусанд “сахилгагүйтэж”, суудал дээр гурван ширхэг шүдний чигчлүүр босгон хатгаж орхисон нь том хэрэгт тооцогдож байгаа гэнэ.
Цагдаагийн газар дээрх хэргийг нарийвчлан мөрдөж, хяналтын камерын бичлэгний тусламжтайгаар сэжигтнийг илрүүлсэн байна. Хэргийг анх тухайн чигчлүүр зоосон байсан суудал дээр суух гэж байсан автобусны зорчигч олон түмэнд мэдээлэлжээ. Тэрбээр автобусны суудал дээр гурван ширхэг шүдний чигчлүүр хатгаастай байгаа гэрэл зургийг өөрийн фэйсбүүк хуудснаа нийтэлж, хүмүүст анхааралтай байхыг сануулсан байна. Энэхүү хэргийг цагдаа үргэлжлүүлэн шалгаж байгаа аж. Хэрэгтэнд 2 жил хүртэл хорих ял эсвэл торгууль төлүүлэхийн аль нэг шийтгэлийг оногдуулахаар болоод байгаа гэнэ.
Сингапурын цагдаа нар “Гэмт хэрэг бага гэдэг нь гэмт хэрэг байхгүй гэсэн үг биш” гэсэн уриатай ажиллах бөгөөд дээрх шиг жижиг хэргүүдийг мөрддөг байна. Хоёр жилийн өмнө татсан тамхиныхаа ишийг гэрийн цонхоороо хаядаг байсан иргэнийг илрүүлж, $14.5 мянгаар торгож байжээ.
Б.Янжиндулам
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )