“Үндэсний боловсрол 2017” нээлттэй өдөрлөг 25-нд эхэлнэ

2017 оны 08 сарын 21

Эх оны ирээдүй болсон хүүхэд залуусаа! Зуны зугаатай амралт дуусч хичээл сургууль орох цаг ойртлоо. Хичээлийн шинэ жил эхлэхээс урьдаж “Үндэсний боловсрол 2017” нээлттэй өдөрлөгийг  “Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэн”гээс санаачлан Глобал Эвэнт ХХК-тай хамтран энэ сарын 25-31-ныг дуустал Цэцэрлэгт хүрээлэндээ зохион байгуулах гэж байна.

Эрхэм та бүхэн тус өдөрлөгийг зорин ирснээр цэвэр агаарт амрангаа урлаг соёлын тоглолт үзэн сонирхож, боловсролын талаар шилдэг лекторуудын лекцүүдийг сонсон мэдлэгээ тэлж, дунд, их дээд сургуулиудын талаарх мэдээлэлтэй танилцан хүссэн сургуульдаа элсэх боломжтой. Мөн ном бичиг хэрэг, хичээлийн хэрэгсэл, сурагчийн дүрэмт хувцасны үзэсгэлэнгээс сонголтоо хийн бүгдийг нэг дороос авах сайхан боломжийг бид бүрдүүллээ. Таны боловсрол Монголын Ирээдүй...

 


Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэн ОНӨТҮГ-аас хичээлийн шинэ жилд зориулсан арга хэмжээ зохион байгуулах төлөвлөгөө

2017 оны 8-р сарын 7    Улаанбаатар хот      

Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэн нь 2010 онд НИТХ-ын 30-р тогтоолын дагуу Баянзүрх дүүрэгт 973 га бүхий талбайд үүсгэн байгуулагдсан. Нийт нутаг дэвсгэрийн эхний ээлжийн 183 га талбайд бүтээн байгуулалтын ажил хийгдэж байгаагаас 30 га талбайд үйл ажиллагаагаа явуулж байна. Одоогоор Монголын хамгийн том цэцэрлэгт хүрээлэнд тооцогддог бөгөөд ард иргэд амралт чөлөөт цагаа хамгийн их өнгөрүүлдэг газар болоод байна.

Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнгээс гаргасан судалгаагаар нэг өдөрт 2000 гаруй, баяр ёслолын өдрүүдэд 10,000 гаруй амрагч, зугаалагч нар чөлөөт цагаа өнгөрүүлдэг. Үүнээс амрагч нарын 50,6% нь 18-30 насны, 39,4% нь 31-50 насны залуу иргэд байнa.

БСШУСЯ-ны харъяа боловсролын үнэлгээний газраас гаргасан судалгаагаар Монгол улсын хэмжээнд ЕБС-ийн нийт 40,388 шалгуулагчид бүртгүүлсэнээс 87% нь 2017 оны шалгуулагчид, 13% нь өнгөрсөн оны шалгуулагчид байсан байна. Шалгуулагчдийн 17,499 нь Улаанбаатар хотоос 22,889 нь хөдөө орон нутгаас бүртгүүлсэн байна.

 

Нэг. Зорилго 

Монголын залуус мэргэжлээ зөв сонгох нь өөртөө итгэлтэй, чадварлаг боловсон хүчин болоход өөртөө оруулж буй том хөрөнгө оруулалт юм. Тиймээс оюунлаг, эрүүл залуусын төлөө ҮЦХ нь бидний ирээдүй болсон хүүхдүүдэд боловсрол олгох, их, дээд сургуулиудын мэдээллийг түгээх зорилготой “Үндэсний Боловсрол 2017”-г зохион байгуулах гэж байна. Үзэсгэлэн яармаг хүн бүхэнд нээлттэй бас үнэ төлбөргүй бөгөөд дунд, ахлах ангийн сурагчид, оюутан залуус, эцэг эх, багш нарыг онцгойлон урьж байна. Хүүхэд залуусын сонголтонд тус болох, боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудыг нэг дор татан төвлөрүүлэх, аялаж амрангаа нэг дороос мэдээллээ авч сонголтоо хийх боломжийг олгох зэрэг олон давуу талтай.

Хоёр. Зорилт

Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэн нь олон нийтэд чиглэсэн эрүүл, ногоон орчинд аялаж зугаалах таатай орчинг бүрдүүлж, байгууллага аж ахуйн нэгжтэй хамтран байгууллагын ажлаа олон нийтэд сурталчилдаг. Энэхүү ажлынхаа хүрээнд “Үндэсний Боловсрол 2017” нь их, дээд сургуульд элсэгч залууст мэргэжлээ зөв сонгох чиглэл өгөх, мэдээллээр хангах, зорьсон сургуульдаа бүртгүүлэх боломжтой. Мөн сурагч, оюутнууд хичээлийн хэрэгсэл болоод дүрэмт хувцасны нэгдсэн яармаг зохион байгуулагдана.

Гурав. Явагдах хугацаа 

2017 оны 8 сарын 25-аас 31-ны дуустал 7 хоногийн турш үргэлжилнэ.өдрүүдэд 13:00-21:00 цагт

Дөрөв. Байршил

Төв орцны хэсгээс урагшаа усан оргилуурыг тойрсон талбай


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top