14-р сургуулийн шинэ барилга удахгүй ашиглалтад орно

2017 оны 08 сарын 26

Сүүлийн жилүүдэд Нийслэлийн Баянзүрх дүүрэгт бүтээн байгуулалтын ажил эрчтэй өрнөж байна. Тухайлбал, Монгол-Японы сургалтын эмнэлэг, 14 дүгээр сургуулийн шинэ барилгын ажлууд үргэлжилсээр мэдэгдэхүйц үр дүнд хүржээ.

Баянзүрх дүүргийн 12-р хороон дахь Монгол-Японы сургалтын эмнэлгийн ажил төлөвлөгөөнийхөө дагуу 2018 оны наймдугаар сард дуусах хуваарьтай байгаа бол 13 дугаар хороонд байрлах Улсын тэргүүний 14 дүгээр сургуулийн барилагын ажил бараг дуусч байна.  10,8 тэрбум төгрөгийн өртөгтэй тус барилгын ажил 95 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд 2017-2018 оны хичээлийн шинэ жилийн эхээр бүрэн ашиглалтад орох гэж байгааг барилгыг гүйцэтгэгч компани “Цамхаг констракшн” ХХК-ийн захирал Ц.Одгэрэл УИХ-ын гишүүн Ж.Батзанданд мэдээллээ. Мөн сургуулийн захирал В.Цэцэгээ  сургуулийн барилга ашиглалтад орохтой зэрэгцээд хуучин биеийн тамирын заалын дулааны шугамыг хичээлийн төв байртай холбох, сургуулийн орох гарах гарцыг чөлөөтэй болгох зайлшгүй шаардалга байгааг уламжиллаа. Ж.Батзандан 14 дүгээр сургууль, Монгол-Японы сургалтын эмнэлэг зэрэг барилгын олон төслүүдийг амжилттай эхлүүлэх, үр дүнтэй үргэлжүүлэхэд гар бие оролцсон бөгөөд тэдгээр томоохон бүтээн байгуулалтын үр дүнд анхаарал хандуулж иржээ.

Мөн тэрбээр Баянзүрх дүүргийн 16-р хорооны 8-р цэцэрлэгийн шинэ улирлын бэлтгэл ажилтай танилцаж, эцэг эхийн төлөөлөлтэй уулзсан. Тус цэцэрлэгт жилд дөрвөн бүлгийн 210 гаруй хүүхэд хүмүүждэг бөгөөд энэ жил бага ангид 206 хүүхэд бүртгүүлсэнээс 40 хүүхэд л элсчээ. Энэхүү асуудлыг шийдэх нэг арга нь хувийн хэвшлийн цэцэрлэгүүдийн урсгал зардлыг төрөөс хариуцах замаар цэцэрлэггүй үлдсэн хүүхэд багачуудыг цэцэрлэгтэй болгох явдал юм. Тиймээс сургууль, цэцэрлэг, эмнэлгийн тулгамдсан асуудлаар иргэд болон холбогдох төрийн байгууллагуудын байр суурийг сонсч, зохих шийдлийг олох үүднээс УИХ-ын гишүүн Ж.Батзандан 8-р сарын 29-ний 11 цагт Төрийн ордонд нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулах гэж байна.  Тус хэлэлцүүлэгт БСШУСЯ, ЭМЯ, Баянзүрх дүүргийн сургууль цэцэрлэгүүдийн удирдлагууд оролцох юм байна.


 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top