Сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нар тулгамдсан асуудлаа хэлэлцэв

2017 оны 08 сарын 29

УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнөөдөр (2017.08.292017-2018 оны хичээлийн шинэ жилийн нээлттэй холбогдуулан ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн бэлтгэл, тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа.

 

Хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын гишүүн Ж.Батзандан хэлсэн үгэндээ “Сургууль, цэцэрлэгийн хувьсах зардлын хэмжээг нэмэгдүүлэх,  энэ зардал нь бүрэн олгогдож байгаа эсэх, мөн багш нарын цалингийн асуудлаар өнөөдөр хэлэлцүүлгээ өрнүүлж, та бүхний санал бодлыг сонсъё” гэлээ.


Дараа нь БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын газрын мэргэжилтэн З.Мягмар 2017-2018 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын талаар танилцууллаа. Тэрбээр, “Өмнөх оны хичээлийн жилээс энэ жил суралцагчдын тоо нэмэгдсэн. Нэгдүгээр ангид элсэн орж байгаа хүүхэд өмнөх оныхоос 11500 орчим илүү байна. Харин цэцэрлэгт 9321 хүүхэд өмнөх жилээс илүү хамрагдахаар болсон.

БСШУСЯ-наас шинээр ашиглалтад орж байгаа сургууль, цэцэрлэгийн барилгуудыг энэ ондоо багтаан хүлээн авах бодлого баримталж байна. 1250 ор бүхий 14 цэцэрлэгийн барилгыг есдүгээр сарын 1-ний өдрөөс өмнө ашиглалтад оруулна. Сургуулийн өмнөх боловсролын хамрах хүрээг нэмэгдүүлэх хүрээнд төрийн өмчийн цэцэрлэгийг шинээр барих, хувийн болон байгууллагын цэцэрлэгүүдийг төрөөс дэмжиж хамтарч ажиллах, хүүхэд харах үйлчилгээг өргөжүүлэх чиглэлээр ажиллаж байна” гэлээ.


 


Танилцуулгын дараа сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нар асуулт асууж холбогдох хүмүүсээс хариулт авсан юм. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 84-р сургуулийн захирал С.Марта “Шинээр ашиглалтад орсон сургуулийн барилгад нэг ч ширээ, сандал, самбар байхгүй шинэ хичээлийн жилээ угтах гэж байна. Энэ асуудлыг хэзээ шийдэж өгөх вэ” гэсэн бол 115-р цэцэрлэгийн захирал Б.Гэрэлцэцэг, нэг ангид ногдох хүүхдийн тооноос хамаарч туслах багш нэмж авах, мөн цэцэрлэгийн хүүхдийн нэг өдрийн хоолны мөнгийг нэмэгдүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Түүнчлэн Баянзүрх дүүргийн 21-р сургуулийн захирал Т.Бумаа, сурагчдад өгч буй “Үдийн цай” хөтөлбөрийн 600 төгрөгийг нэмэх, багш нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, энэ чиглэлээр УИХ-д лобби бүлэг байгуулах хүсэлтэй байгаагаа УИХ-ын гишүүн Ж.Батзанданд илэрхийллээ.

 

БСШУСЯ, Нийслэлийн боловсролын газрын албаны хүмүүс хэлэлцүүлгээс гарсан асуултад хариулахдаа, “Шинээр ашиглалтад орж байгаа сургуулийн ширээ, сандал есдүгээр сарын 15-ны дотор очно. Мөн туслах багш авах, хүүхдийн хоолны мөнгийг нэмэх зэрэг асуудал Сангийн яамнаас шийдэгддэг” гэлээ.

Хэлэлцүүлгийн төгсгөлд УИХ-ын гишүүн Ж.Батзандан хэлсэн үгэндээ, “Багш, сурган хүмүүжүүлэгч нарын цалин, нийгмийн асуудлыг шийдэх зорилгоор УИХ-ын дэргэд лобби бүлэг байгуулах саналыг дэмжиж байна. Та бүхний тавьсан асуудлыг холбогдох газруудад албан бичгээр хүсэлт болгон тавих болно” гэв.

Уг хэлэлцүүлэгт Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Нийслэлийн боловсролын газрын албан тушаалтнууд болон нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нар оролцов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

 


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top