Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Оффшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэрийн жагсаалтыг хэлэлцэн хавсралтаар баталжээ. Ингэснээр хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргадаг төрийн өндөр, мөн удирдах албан тушаалтан, тэдгээрийн хамаарал бүхий этгээдүүд уг албан тушаалыг хаших хугацаандаа Бахамын болон Маршаллын арлууд, Бүгд Найрамдах Панам Улс, Пуэрто-Рико, Микронезийн Холбооны Улс зэрэг 50 гаруй улсын оффшор бүсэд банкны данс нээлгэх, мөнгөн хөрөнгө байршуулах, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчлөх, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулахыг хориглохоор байгаа юм. Үүнтэй холбогдуулан Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасаннямтай ярилцлаа.
-Улсын Их Хурал энэ оны 4 дүгээр сард хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргадаг төрийн албан хаагчдыг оффшор бүсэд мөнгөн хөрөнгө, үл хөдлөх хөрөнгө байршуулахыг хориглосон хуулийг баталсан. Гэсэн ч энэ хууль өрөөл дутуу байсаар өчигдөр Засгийн газрын хуралдаанаар баталсан тогтоолын дагуу бүрэн дүүрэн хэрэгжих нөхцөл бүрдэх бололтой. Оффшорын эсрэг хууль одоо л хэрэгжиж эхлэх нь гэж ойлгож болох уу?
-Засгийн газраас Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулж өргөн мэдүүлснээр 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн Улсын Их Хурлын нэгдсэн чуулганаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн “Албан тушаалтанд тавигдах хориглолт хязгаарлалт” буюу 3 дугаар бүлэгт “Оффшор бүсэд банкны данс эзэмших, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчлөх, хуулийн этгээд байгуулахтай холбогдсон хориглолт” гэсэн нэмэлтээр орсон. Үүнээс өмнө төрийн албан хаагч нь оффшор бүс дэх банк, санхүүгийн байгууллагад данс эзэмших, компани байгуулах, компанийн хувь эзэмших зэргээр оффшор бүсэд санхүүгийн үйлчилгээ ашиглахыг хориглосон, хязгаарласан зохицуулалт байгаагүй.
Харин энэ хуульд нэмэлт, өөрчлөлт орсноор авлига, ашиг сонирхлын зөрчлийн хуулийн үйлчлэлд хамаардаг албан тушаалтнууд, тэдгээрийн хамаарал бүхий этгээд нь тухайн албан тушаалтны албан үүрэг гүйцэтгэх хугацаанд оффшор бүсэд өөрийн нэр дээр банкны данс нээлгэх, мөнгөн хөрөнгө байршуулах, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчлөх, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулах буюу оффшор данстай байх, гадаадад өмчтэй байхыг хориглосон эрх зүйн шинэ зохицуулалт үйлчилж байна. Хуулийн 101дугаар зүйлийн 101.3 дахь хэсэгт заасны дагуу оффшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэрийн жагсаалтыг Засгийн газраас тогтоох талаар тодорхой заасан. Харин өчигдөр буюу 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Засгийн газрын хуралдаанаас оффшор бүсэд хамаарах 50 гаруй орны нутаг дэвсгэрийн жагсаалтыг баталсан байна.Тэгэхээр дээрх хуулийн зохицуулалт нэг мөр гүйцэд үйлчлэх нөхцөл боломж бүрдэж байна.
-Хууль хэрэгжээд 4 сар гаруй хугацаа өнгөрчээ. Энэ хооронд Авлигатай тэмцэх газар юу хийв? Хуулийг хэрэгжүүлэх чиглэлээр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс үүрэг чиглэл өгсөн шүү дээ.
-Хууль батлагдсанаас хойших хугацаанд Улсын ерөнхий прокурорын тушаалаар цагдаа, тагнуул, авлигатай тэмцэх байгууллагын хамтарсан ажлын хэсэг байгуулагдан тодорхой хэрэгт эрүү үүсгэн шалгасан. Хамгийн сүүлд гэхэд 2017 оны 8 дугаар сарын 3-ны өдөр гомдол, мэдээллийн дагуу Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, Улсын ерөнхий прокурорын газрын 2017 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн “Мөрдөн шалгах ажиллагааг хэд хэдэн байгууллага хамтран явуулах тухай” тогтоолын дагуу Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг байгуулагдан, хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж эхлээд байна. Хэдийгээр хууль батлагдсан боловч хуулийн үйлчлэл нь ямар улс, нутаг дэвсгэр, аль бүсийг хамаарах вэ гэдэг нь тодорхойгүй байсан. Харин одоо Засгийн газраас оффшор бүсийн харьяалал, улс орон, нутаг дэвсгэрийн жагсаалтыг баталснаар энэ чиглэлийн хууль бүрэн утгаараа, нэгдсэн байдлаар, цэгцтэй, илүү тодорхой хэрэгжих боломж бүрдлээ гэж ойлгож болно.
-Зөвхөн төрийн өндөр болон удирдах албан тушаалтнууд гэлгүй тэдгээрийн хамаарал бүхий этгээдүүд мөн оффшор бүсэд санхүүгийн үйлчилгээ ашиглахыг хориглож, хязгаарлаж байгаа юм байна. Хамаарал бүхий этгээд гэдэгт ямар ямар хүмүүс орж байна вэ? Улсын хэмжээнд хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргадаг хэчнээн албан тушаалтан байгаа вэ?
-Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д “хамаарал бүхий этгээд” гэдгийг тодорхой заасан. Нийтийн албан тушаалтны эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, эхнэр /нөхөр/-ийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, бусад нэгдмэл сонирхолтой этгээдийг хамаарал бүхий этгээд гэнэ гэж нэлээд өргөн хүрээнд авч үзсэн байдаг. Мөн нэгдмэл сонирхолтой этгээд гэдэгт тухайн нийтийн албан тушаалтантай ашгийн төлөө үйл ажиллагаагаар холбоотой хувь хүн, хуулийн этгээдийг ойлгохоор хуульд заасан байгаа.
Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн үйлчлэлд хамрагдах нийт 39000 орчим мэдүүлэг гаргагч хуульд заасан үндэслэлийн дагуу жил бүр хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргаж холбогдох байгууллага, албан тушаалтанд бүртгүүлдэг. Энэ жилийн хувьд улсын хэмжээнд нийт 39742 мэдүүлэг гаргагч бүртгэгдсэнээс 39739 нь мэдүүлгээ гаргаж бүртгүүлсэн байна.
-Мэдүүлэгч гаргагч төрийн албан хаагчид энэ хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу өөр ямар үүрэг хүлээсэн бэ?
-Хуульд зааснаар мэдүүлэг гаргагч нь өөрийн болон хамаарал бүхий этгээдийн нэр дээр оффшор бүсэд банкны данс нээлгэсэн, мөнгөн хөрөнгө байршуулсан, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчилсөн, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулсан тохиолдолд 3 сарын дотор нээлгэсэн банкны дансаа хаалгах, банкинд байршуулсан мөнгөн хөрөнгөө татах, хөдлөх, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг худалдах, шилжүүлэх, татах, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулсан бол үйл ажиллагаагаа зогсоох, эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхээ худалдах, шилжүүлэх, дуусгавар болгох арга хэмжээг авч, хөрөнгө, орлогын мэдүүлэгт орсон нэмэлт, өөрчлөлтийн талаар 30 хоногийн дотор Авлигатай тэмцэх газарт мэдэгдэж, шинэчлэн бүртгүүлэх үүрэгтэй.
-Хэрвээ төрийн албан хаагч гадаад улсад эмчлүүлэх шаардлагатай байгаад тэр улсад данс нээлгэсэн бол яах вэ. Үүнийг хориглохгүй биз дээ?
-Энэ нь хуулиар нээлттэй байгаа. Мэдүүлэг гаргагч, түүний хамаарал бүхий этгээд нь хуулиар хүлээсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлэхээс бусад тохиолдолд гадаад улс, түүний нутаг дэвсгэрт суралцах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах зорилгоор тухайн улсын банкинд данс нээлгэж болно. Гэхдээ дээрх зорилгоор данс нээсэн, мөнгөн хөрөнгө байршуулсан, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчилсөн бол энэ тухайгаа Авлигатай тэмцэх газарт тухай бүр бичгээр мэдэгдэх ёстой.
-Оффшор бүсэд байгаа хууль бус мөнгө, үл хөдлөх хөрөнгийг эргүүлэн татах боломжтой юу. Хууль зөрчсөн гэм буруутай этгээдэд хэрхэн хариуцлага хүлээлгэх талаар тодруулна уу?
-Хууль хяналтын байгууллага гэмт хэрэг үйлдэх замаар олсон орлогоо оффшор бүсэд байршуулсан, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн иргэн, хуулийн этгээдийг илрүүлэх чиглэлээр холбогдох ажиллагааг явуулдаг. Иймд Оффшор бүсэд хууль бус мөнгөн хөрөнгө байршуулсан, хууль бусаар олсон хөрөнгөөр хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчилсөн, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулсан нь гэмт хэргийн шинжийг агуулсан бол Эрүүгийн хуулийн зохих зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, гэм буруутай нь шүүхээр тогтоогдвол эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
Манай улс өнөөдрийн байдлаар нийт 20 гаруй улстай иргэний болон эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх талаар гэрээ байгуулан ажиллаж байна. Энэхүү гэрээ эрх зүйн харилцан туслалцааны хүрээнд оффшор бүсэд байршуулсан хууль бус хөрөнгийг царцаах, буцаан авах ажлыг хийх боломжтой. Гэвч энэ нь богино хугацаанд шийдэгддэггүй, түвэгтэй, цаг хугацаа шаардагддаг харилцаа байдаг.
Одоогийн практикт харилцагчийн нууцлалтай холбоотой гэсэн шалтгаанаар эрх зүйн туслалцааны хүсэлтэд хариу өгөхгүй байх, тодорхой бус хариу өгөх, цаг хугацаа алдах, удаах зэрэг хүндрэлүүд учирдаг. Цаашид оффшор бүстэй нэр нь холбогдсон албан хаагчдыг шалгахын тулд олон улсын байгууллагууд, олон улсын хамтын нийгэмлэгийн санал, санаачилгуудтай хоёр талт болон олон талт хамтын ажиллагааг хэрэгжүүлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгох, мэдээллийн технологийн дэд бүтцийг сайжруулах, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа юм. Авлигатай тэмцэх газраас Монгол Улсын Ерөнхийлөгчид оффшортой холбоотой асуудлаар 2017 оны 8 дугаар сард хүргүүлсэн танилцуулгад энэ талаар тодорхой дурдсан.
Засгийн газрын дээрх тогтоол батлагдсантай холбогдуулан манай газраас хуулийн үйлчлэлд хамаарах мэдүүлэг гаргагч нарт зориулж хуулийн хэрэгжилтийн талаар зөвлөмж, чиглэл өгөхөөр ажиллаж байна. Хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хөрөнгө, орлогын мэдүүлэгт орсон нэмэлт, өөрчлөлтийн талаар хуульд заасан хугацаанд Авлигатай тэмцэх газарт мэдэгдэж, бүртгүүлээгүй албан тушаалтныг нийтийн албанаас халах, эгүүлэн татах хүртэл хариуцлага хүлээлгэх заалт Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хуульд бий.
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
Сэтгэгдэл ( 1 )
Одоо тэгээд хууль гарахаас өмнө хийсэн гээд шалгуулахгүй байх юм биш биз дээ