Өмнө нь фотошоп гэж байсангүй, гэхдээ Мэн Рэй байжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 06

Америкт төрсөн, ихэвчлэн Францад ажиллаж уран бүтээлээ туурвидаг байсан энэ хүн дада, сюрреализмд том хувь нэмэр оруулсан уран бүтээлч юм. Түүнийг дэлхийн түүхэн дэх шилдэг уран зураач, кино найруулагч, фото зурагчин, эссе бичигч, гүн ухаантан, яруу найрагчдын нэг байсан гэж үнэлдэг бөгөөд Америкийн модернизмыг анхлан толгойлогч нарын нэг гэж үздэг. Монпарнасст амьдрах 20 жилийнхээ туршид фото зургийн урлагийг дээд төвшинд нь аваачсан гэгддэг (соляризаци, рэйограф зэргийг нээсэн). Алдарт дуучин Кики (де Монпарнасс)-д дурлаж байсан бөгөөд түүний дуртай модель болсон гэдэг. Кикигийн зургийг авахдаа Рэй түүний гоо биеийг ашиглан өөр обьектуудыг дүрслэх нь олонтаа байжээ. Энэхүү минимализм, абсурдизмын нийлбэр болсон зоригтой алхмуудыг тухайн үеийн уран бүтээлчид халуунаар угтан авсан гэдэг.

Энэ удаа танилцуулж буй зураг бол түүний хамгийн алдартай басхүү хамгийн эртний зургийн нэг юм. Бүсгүй хүний уян налархай бие тэнгэрийн дэвсгэр дээр уруул дүрсэлсэн нь үзэгчдэд ээлжит гэнэтийн бэлэг болж чадсан юм. Түүний бүтээл ер нь байнга л ийм шинэлэг байсан билээ. Энэ бол хийсвэрлэлийг гэрэл зурагт ашигласан маш гайхалтай бүтээл болсон гэж судлаачдад үнэлэгддэг. Зураач С.Дюшан тэр хоёрын хамтран зүтгэж, дада урсгалыг хөгжүүлсэн гэгддэг ч аль аль нь өөрсдийгөө энэ урсгалын төлөөлөгч жинхэнэ утгаараа байгаагүй гэж үздэг байсан байх юм.

Бүх үеийн түүхэн дэх 100 еврейн нэгээр нэрлэгдсэн түүнийг оролдож байсан бүх төрөл жанртаа амжилт гаргасан, найз нөхөд болох Пабло Пикассо, Эрнест Хэмингуэй, Сальвадор Дали, Жеймс Жойс, Жан Кокто, Гертруд Стаин нартай дотно нөхөрлөдөг байжээ. Тэрбээр 1976 онд биднийг орхин одсон билээ.

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top