АНУ-ын Кентаки мужийн дүүргийн шүүгч Амбер Вольф хамгийн энэрэнгүй шүүгч хэмээн цоллогдоод байгаа аж. Түүнийг ийнхүү цоллох болсон шалтгаан нь шүүх танхимд хэрэгтнийг шүүхдээ хүнлэг сэтгэл гаргасантай нь холбоотой гэнэ. Тухайлбал, Амбер Вольф шүүгч өөрийнх нь танхимд дэлгүүрээс хулгай хийсэн хэргээр баривчлагдаж, дүүргийн шоронд дотуур өмд, футболкнаас өөр хувцасгүй гурав хоносон эмэгтэй хэрэгтэнг орж ирснийг мэдээд, хэрэгтэн бүсгүйд өмд цаашлаад эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэглэл өгөхөөс татгалзсан шоронгийн удирдлагын талаар сонсоод үзүүлж байгаа хариу үйлдэл нь интернетэд шуугиан тарьсан байна. Түүний өмнө 2016 оны 7-р сарын 29-ны үдийн алдад индрийн дэргэд өмгөөлөгчийнхөө хамт өнгөт арьстай бүсгүй хэлхэгэр футболк өмсөж, өмдгүй зогсжээ. Улмаар өмгөөлөгч бүсгүй шоронгийн удирдлага өнгөт арьст бүсгүйд өмд болон эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэглэл өгөхөөс татгалзсан гэдгийг шүүгч Амбер Вольфод хэлжээ. Үүнийг сонссон Амбер Вольф илт бухимдаж, гайхширсан байна. Улмаар тэр даруй утас цохиж шоронгийн удирдлагыг яаралтай шүүх танхимд ирж, өөрийнх нь өмнө яагаад өмдгүй эмэгтэй зогсож байгааг тайлбарлахыг үүрэгджээ. Ингээд өмдгүй бүсгүйд хандан: “Хатагтай би таныг ичгэвтэр байдалд оруулахыг хүсээгүй юм шүү. Намайг үнэхээр уучлаарай” гэж хэлээд зогсохгүй бүсгүйд доод биеэ хаах ямар нэг юм авчирч өгөхийг танхимд байгаа цагдаагийн ажилтнуудаас шаардаж, “Би одоо хаана амьдраад байгаа юм бэ? Ямар гээчийн там нь болохоороо ийм байдаг юм? Итгэх арга алга” гэж бухимдсан байна. Тэгээд ч зогсохгүй дэлгүүрээс хулгай хийсэн анхны тохиолдолд нь 75 хоног баривчлах ял шийтгэсэн улсын яллагчийн дүгнэлтийг ширээн дээрээ шидэж, байж болшгүй зүйл гэж үзэн бүсгүйг 100 доллараар торгож, яаралтай суллахыг шаарджээ.
Түүний энэрэнгүй үйлдэл үүгээр дууссангүй. Тус хэргийн дараахан түүний дахин нэг сайхан сэтгэл гаргаж буй бичлэг цахим ертөнцөд тавигджээ. Тодруулбал, ял шийтгэгдэн хоригдож байгаа залууд төрөөд сар болж буй хүүгээ анх удаа тэврэхийг нь зөвшөөрсөн байна. Тусдаа хоригдож байсан залуу хос шүүх танхимд нь ирэхэд төрөөд сар хүрээгүй нярай хүүгээ анх удаа тэврэхийг нь залуу эцэгт нь зөвшөөрсөн аж. Ингээд залуу эр хүүгээ анх удаа энгэртээ тэвэрч, духыг нь үнэрлэжээ. Ял шийтгэгдсэн залуу хос төдийгүй шүүх танхимд байсан бүх л хүн энэ явдлын дараа нулимс унагаж, шүүгч Вольф хүмүүст салфетка өгөхийг санал болгож байгаа нь бичлэг дээрээс харагдах аж.
Вольфын гаргасан сайхан сэтгэлийг хүмүүс биширч, хэд хэдэн телевизээс өөрийн шоутай болох санал тавихад тэрээр татгалзсан байна. Тэрбээр энэ тухай тайлбарлахдаа "Интернетэд өөрийг нь од болгоод байгаа энэ хоёр бичлэгээр ажил үүргээ хэрхэн явуулж байгааг нь дүгнэх нь өрөөсгөл ойлголт. Би бол их хатуу, чанга шүүгч" гэж CNN агентлагт өгсөн ярилцлагадаа хэлжээ.
Б.Янжиндулам
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )