Дэлхийн хэмжээний одод янз бүрийн гажигтай байсан тухай нэгэн сонирхолтой нэвтрүүлэг телевизээр гарч байсныг санаж байна. Тэр нэвтрүүлгийн үеэр үзэгчдийн хайртай жүжигчин Сильвестр Сталлоне дислексия хэмээх бэрхшээлтэй байсан тухай өгүүлэхэд энэ үгний утгыг сайн мэдэхгүй учраас тэр даруйд нь гүүглдсэн юм.
Энэ бол унших дадал эзэмших чадварыг үгүйсгэдэг гажиг бөгөөд үүгээр Кира Найтли, Сальма Хайек гэх мэт олон алдартнууд шаналж байсан тухай мэдэж авсан билээ. Гэхдээ ийм гажигтай байлаа гээд тэднийг ямар нэгэн хөгжлийн бэрхшээлтэй хэмээх ангилалд хамруулж болохгүй аж.
Ингээд бидний ярианы гол баатар болох Сильвестр Гарденцио Сталлоне руу буцаж орцгооё. Ямартай ч, манай хатан зоригт, дайчин Рэмбогийн хувь заяа нэг их атаархаад байхааргүй адал явдлуудаар дүүрэн байжээ!
Түүнийг эхээс мэндлэх үед төрөлтийн хүндрэл үүссэний улмаас хүүг багажаар татаж гаргах үед түүний мэдрэлийн төгсгөлүүдийг гэмтээсэн аж. Иймээс хүүхэд байхдаа түүний нүд зөвхөн тал хувь нь нээгдэж, хэл болон хацар нь саажилтын байдалтай байсан гэнэ. Алдарт жүжигчин эр заримдаа их сонин ярьдагийг та бүхэн анзаарсан ч байж болох.
Тэр 11 настай байхдаа супер баатруудтай кино үзээд, түүнийгээ амьдралд дууриахын тулд байшингийн дээвэр дээрээс борооны шүхэр барин үсэрсэн хэрэг гарчээ. Сильвестр бетон цутгамал нүх рүү унасан бөгөөд үүнийг харсан эцэг нь: “Энэ золгүй хүүхдээ хараач, чи усан тэнэг хүүхэд төрүүлжээ!” хэмээн ээж рүү нь ууртай орилсон аж.
13 нас хүрэх үедээ Сталлоне бараг 10-аад сургууль дамжчихсан байв. Тэрээр хүмүүжил муутай гэх шалтгаанаар нэг сургуульдаа уддаггүй байсан бөгөөд үнэн хэрэгтээ энэ бүхэн үеийнх нь хүүхдүүд түүнийг шоолж гомдоодог явдлаас үүдэлтэй байж.
Ингээд бусдын энэхүү доог тохууг даван туулахын тулд спортын дугуйланд бүртгүүлж, тэндээ эцэг эх нь ч гайхмаар амжилтад хүрч чаджээ. Түүнээс гадна, тэрээр дунд сургуулиа төгсөнгүүт Швейцарь дахь Америк коллежид элсэн орж, давхар дасгалжуулагчаар ажиллаж эхэлсэн байна.
Тэнд л Сталлоны театрын урлагийн хичээлд сууж, спорт биш харин тайз түүний хувьд хамгаас чухал болохыг ойлгосон гэнэ. Ингээд таван жилийн турш шоу бизнест хөл тавихын тулд зохиол бичиж, пробонд орсон хэдий ч үргэлж татгалзсан хариу сонсдог байжээ.
Тэр амьдралаа залгуулахын тулд зоопаркийн цэвэрлэгч, тасалбар шалгагч гээд янз бүрийн ажил хийсэн байна. Ингээд нэгэн удаа алдарт боксчин Мохаммед Али, Чак Уэпнер нарын тоглолтыг зурагтаар үзэж байх үед түүний толгойд гайхалтай санаа орж ирсэн байна. Азгүй боксчин эр дурласныхаа дараа бүх зүйл нь амжилттай болдог тухай кино хийх хэрэгтэй юм байна гэх санаа төрж.
Энэхүү зохиолын зургаан бүлгийг кино компаниуд хүлээж авахаас татгалзсан бөгөөд харин “Рокки” хэмээх нэртэй долоо дахь нь алдарт “Юниверсал”-ын ажилтнуудын сэтгэлд ихэд нийцсэн байна. Тэд залуу авьяастантай 350 мянган долларын гэрээ хийхээр шийджээ!
Сталлоне энэхүү их мөнгөний гэрээг тэр дор нь баярлан хүлээн авч зөвшөөрсөн гэж бодож байгаа бол та эндүүрсэн байна! Тэрээр зохиолоо ганцхан доллараар тэдэнд зараад, харин киноны гол дүрд өөрөө тоглох болзол тавьжээ.
Энэ бол жүжигчин эрийн шоу-бизнесийн ертөнцөд нэвтрэн орох азтай тасалбар болсон юм. Түүнээс хойш Сталлоне адал явдалт кинонуудын хамгийн эрэлттэй жүжигчнээр тодорч, түүнийг дэлхийн сая сая үзэгчид шүтэн биширдэг болсон билээ. Хүндрэл бэрхшээлийн өмнө хэзээ ч өвдөг сөгдөн бууж өгч болохгүйн үлгэр жишээ бол алдарт Сильвестр Сталлонегийн амьдралын замнал болно.
Д.Мягмарсүрэн
Эх сурвалж: ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 2 )
Goe surgamjtai tuuh bichsend bayarlalaa. Uram avlaa.
Goe surgamjtai tuuh bichsend bayarlalaa. Uram avlaa.