Их, дээд сургуулиудын “Ашгийн бус” статусыг хасъя

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 02

Их, дээд сургуулиудын сургалтын төлбөрөө өмнөх оныхоос 30 хувиар нэмэх шийд гаргасныг Засгийн газар шуурхай арга хэмжээ аван болиулсан билээ. Гэтэл зарим сургуулиуд төлбөрөө нэмсэн хэвээрээ байна хэмээн мэдээлэгдэж байна. Төлбөр нэмэгдэх үед нийгмийн сэтгэл зүй тэр чигээрээ их дээд сургуулиудыг буруутгах хандлагатай байдаг. Тэгвэл энэ байдалд төр засаг ч бас тодорхой хэмжээгээр буруутай гэдгийг мартаж болохгүй. Нэгдүгээрт, их дээд сургуулийн төлбөр инфляцид баригдах шаардлагагүй. Яагаад гэвэл инфляцийн түвшинг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэд үндэслэн тогтоодог. Үүнд гурил будаа, мах зэрэг бүтээгдэхүүн гол байр суурь эзэлдэг гэдгийг бүгд мэдэх байх. 9,4 хувь гэдэг бол дундаж хэмжээ. Зарим бүтээгдэхүүний үнэ 30 хувь нэмэгдэж, зармынх нь 30 хувь унасан байж болно. Хамгийн гол нь энэ бол дундаж тоо.

Тухайн их сургуулийн зардал яаж ч бодсон 9,4 хувиас илүү нэмэгдэх ёстой гэдгийг батлахыг оролдоё. Хамгийн гол шалтгаан бол багш нарын цалин. Хэрвээ сургалтын төлбөр инфляцитай уялдаад 9,4 хувь нэмэгдэвэл багш нарын цалин мөн л 9,4 хувь нэмэгдэнэ гэсэн үг. Энэ нь багш нарын цалингийн худалдан авах чадвар өмнөх жилийнхтэйгээ адил байна гэсэн үг. Гэтэл хөгжиж байгаа улсын гол шинж нь иргэдийн худалдан авах чадвар жилээс жилд нэмгэддэгт оршдог шүү дээ. Монгол Улс хөгжиж байгаа орон гэж би итгэдэг. Эрх баригчид ч ингэж баталдаг. Тэгвэл багш нарын цалин инфляциас илүү байх ёстой. Тиймээс сургалтын төлбөр 9,4 хувиас илүү нэмэгдэх учиртай юм. Энэ жил инфляци 10 хувь байсан, тиймээс цалинг чинь 10 хувь л нэмнэ гэж хэлбэл хэн ч дургүйцнэ шүү дээ.

Манайхан төрийн их дээд сургууль гэж ярьдаг боловч үнэн хэрэг дээрээ төрөөс 100 хувь санхүүжүүлдэг сургууль нэг ч байхгүй. Социализмын үеэс хойш л нэг ч байгаагүй. Монголын хамгийн ууган их сургууль МУИС л гэхэд жилийн зардлынхаа 92 хувийг оюутны сургалтын төлбөрөөс бүрдүүлдэг. Найман хувь хүрэхтэй үгүйтэй мөнгийг л төрөөс гаргадаг. Тэгсэн атлаа тэтгэлгээр оюутан сургах эрх нь БСШУЯ-нд байдаг гэж байгаа. Манай сайд дарга нар гадаадад албан ёсны айлчлал хийхдээ МУИС болон бусад төрийн өмчийн гэгддэг сургуулиудад тэтгэлгээр суралцах эрхийг богд боорцог тарааж байгаа юм шиг л тараацгаадаг. Халимаг, өвөрмонгол зэрэг орнуудаар явахад энэ “боорцог тараалт” илүү их ажиглагддаг гэж болно. Гаднаас,  (гаднаас гэхэд ч хаашаа юм) монгол үндэстэн, элэг нэгтнүүдээсээ “алтан толгойтой” оюутнуудыг татах гэсэн оролдлого гэж харагддаг. Гэхдээ энэ ажлаа төр засгийн хэмжээнд явуулаад байх нь хэр зохимжтой юм бол. Төр засгийн тараасан тэтгэлгээр суралцагч гадаад оюутнуудын зардлын 92 хувийг дааж байгаа (МУИС-ын төсвийн 92 хувийг оюутнуудын төлбөр бүрдүүлдэг учир ингэж хэлэв) сургууль нь өөрөө ганц ч оюутан тэтгэлгээр суралцуулах эрхгүй явааг юу гэж ойлговол зохилтой вэ.

Өнөөдөр түшмэдүүдээс илүү оюутнуудтай тулж ажилладаг багш хүн үнэхээр мундаг “толгойтой” ядуу оюутныг тэтгэлэгт хамруулах эрхгүй байна. Учир нь “оюутан тэтгэлгээр сургах журам” гэх аюултай юм байх бөгөөд үүнд “Сурагч ахуйдаа гадаадын олимпиадаас медаль авсан байх” гэх мэт заалтуудыг оруулж өгсөн байдаг аж. Гэтэл ЕБС өөрсдөө зардал гаргаад толгойтой сурагчдаа олимпиадад явуулж байсан түүх бараг л үгүй. “Уг нь чи явах ёстой. Гэхдээ зардалгүй юм чинь Дорж явахаас аргагүй” гэсэн хууль л энд үйлчилдэг. Тэгэхээр ядуу ч гэсэн чадалтай хүүхэд тэтгэлгээр суралцах хувь бараг үгүй болж байгаа биз.        

Хувьцаат компани бол 51 хувиас илүү хөрөнгө оруулсан тал нь шийдвэрийг гаргадаг. Тэгвэл хандивын анги нээх зэргээр амьдрах зардлаа арай гэж болгож байгаа сургуулийн захиргаанд тэтгэлгээр оюутан сургах эрхийг нь яагаад өгч болдоггүй юм бэ.     

Манай улс нэг үе дэлхийн хамгийн олон их дээд сургуультай улс болж үзсэн. Тэр үед их дээд сургуулиудыг ашгийн бус салбарт тооцох шийдвэргарахад “сургуулиудын захирлууд бүгд хуль тогтоох байгууллагад байдаг учраас ингэлээ” гэж буруутгах нь байсан. Төр засаг энэ байдлаа одоо эхнээс нь цэгцэлж байна. Гэхдээ л нэг хүнд ногдох их дээд сургуулийн тоогоор өнгөлсөн хэвээр л байгаа болов уу. Тиймээс их, дээд сургуулиудын ашгийн бус статусыг хасаад, татвар авч эрх мэдлийг нь олговол яасан юм бэ. Төрийн зүгээс хяналтаа чангатгахад л болно. Яг үнэндээ бол ашгийн бус салбарт тооцох болсноос хойш л их, дээд сургуулийн тоо цадигаа алдсан билээ.

 

Б.Хурцболд

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(202.5.196.34) 2017 оны 10 сарын 03

Их дээд сургуулиудыг эрс өөрчилж шинэчилж, нэр хүнд өндөр, нэр цэвэр, туршлага өндөртэй эрдэмтдээр удирдуулахгүй бол шаамий Гантөмөр самарч хаяад явсны гай гарч байгаа шүү.

0  |  0
Иргэг(66.181.184.164) 2017 оны 10 сарын 02

Сургууль бол мөнгө олох боломжит аргуудын нэг шүү дээ

0  |  0
Зочин(103.229.122.99) 2017 оны 10 сарын 02

Хувийн сургуулиуд гэдэг чинь бизнес шүү дээ. Эзэд нь ард түмэнд хайртай болохоор хүүхдүүдийг нь боловсролтой болгох гээд байгаан биш. Тэд боловсролын нэрийг барьж зүгээр л мөнгө хийж байгаан.

0  |  0
иргэн(202.131.226.86) 2017 оны 10 сарын 02

их дээд болон хувийн дунд сургуулиудыг бүгдийг татвар төлдөг болгох. 10 жилийн сургуулиуд ч татвар төлдөггүй юм байна лээ.

0  |  0
Дорж(103.9.90.51) 2017 оны 10 сарын 02

Их дээд сургуулийг 100 хувь хувийн болго. Татвар төлдөг болго. Тэд сургалтын төлбөрөө өөрсдөө тогтоог. Төрийн өмчит их, дээд сургууль гэж байж болохгүй шүү:.

0  |  0
?(202.9.40.210) 2017 оны 10 сарын 02

Үгүй ээ. Тэр оюутны сургалтын төлбөрийн мөнгийг нь сургуульд нь биш ТӨРД өгий тэгээд улс төр засаг тэр мөнгөөр нь энэ шуналт нохойнуудыг цалинжуулаг. Улсын сургуулийн удирдах бүрэлдэхүүн нь дураараа дургихгүй удирдах зөвлөл гэгч луйварчдад мөнгө өгөх хэрэггүй болчихын биш үү? Нэгэнт улсын сургууль юм бол улсын л сургууль байг

0  |  0
Гуцваа чи Хурьцболд(202.9.41.98) 2017 оны 10 сарын 02

Ээ Хурьцболдоо одоо бас их дээд сургуулиудын багш нарын цалинг нэмнэ хэмээн өдөөж байгаа юм уу? Оюутнуудын төлбөрөөр сургууль нь санхүүждэг учир өөртөө таалагдсан авгай хүүхнийхээ хүүхдийг үнэгүй сургий гээд байгаамуу. Тэр оюутны сургалтын төлбөр чинь эцэг эх бидний долоон хөл зовлогоо зулгаан байж олсон хэдэн төгрөгөөр төлөгддөг юм шүү. Монголд 1 хүрэхгүй хувь нь баян орлоготой бусад нь хүүхдийнхээ төлбөрийг марчийж байдгийг сургалт явуулахаасаа өмнө яаж их мөнгө нэхэж авах вэ? Гэж зүүдэлж байдаг хөгийн новш чи яаж ч ойлгох вэ? Дээ Нохой юм даа чи

0  |  0
zochin(66.181.165.91) 2017 оны 10 сарын 02

tiim shuu. Yalangya hubiin surguuliuudiig

0  |  0
Top