МУИС Азийн тэргүүлэх 100 сургуулийн нэг болох зорилт тавин ажиллаж байна

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 02

 Монголын ууган их сургууль МУИС  байгуулагдаж, үндэсний дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 75 жилийн ой 2017 оны  аравдугаар  сарын 05-06 нд тохиож байна.  Түүхт 75 жилийн ой бол  Монгол Улсад дээд боловсролтой үндэсний мэргэжилтэн бэлтгэж эхэлсний ой, манай оронд дээд боловсролын  тогтолцоо үүсэн буй болсны түүхэн ой юм. МУИС нь 1946 онд анхны төгсөлтөө хийснээс хойш өдгөө 71 удаагийн төгсөлтөөр 100 мянга орчим их сургуулийн боловсролтой мэргэжилтэн бэлтгэн гаргажээ.

МУИС нь 75 жилийн ойгоороо томоохон хурал зөвлөгөөн зохион байгуулахаас гадна, шинэ номын сангийн нээлт, МУИС эрдмийн музей,  МУИС брэнд дэлгүүр зэргийг нээхээр төлөвлөсөн байна. Энэ талаар  МУИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч, доктор Я.Төмөрбаатар, Захиргаа дотоод, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Ч.Ундрам, Сургалт, оюутан хариуцсан дэд захирал Б.Очирхуяг, Хөгжил, санхүү хариуцсан дэд захирал Ц.Болормаа,  Эрдэм шинжилгээ, инноваци, гадаад харилцаа хариуцсан дэд захирал Б.Очирхуяг, Номын сангийн захирал  Г.Цэрэн нар өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ.


  МУИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч, доктор Я.Төмөрбаатар хэлэхдээ МУИС-ийн 75 жил бол Монгол Улсад дээд боловсролын үндэс суурийг тавьж, дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэж эхэлсний, Монгол улсын дээд боловсролын тогтолцоо үүсэн бий болсны 75 жилийн түүхэн ой тохиож байна. Тэртээ 1942 он дэлхийн хоёрдугаар дайны хүнд он жилүүдэд МУИС байгуулагдсан түүхтэй. МУИС нь Монголын дээд боловсролын үндэс суурийг тавьсан ууган их сургууль төдийгүй улс орондоо дээд боловсролын бүхэл бүтэн тогтолцоог төлөвшүүлэн хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан  бөгөөд МУБИС, ХААИС, АШУҮИС, ШУТИС, ХИС, Ховдын  их сургууль зэрэг нийт зураан их сургуулийг эгнээнээсээ төрүүлэн гаргасан.

Энэ 75 жилийн хугацаанд МУИС-ийг нийтдээ 100 мянга орчим суралцагч төгссөн байна.  Бид ойн хүрээнд хэд хэдэн томоохон ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулж байна. Мөн ойг угтаж  томоохон бүтээн байгуулалт, эрдэм шинжилгээний ажлууд хийгдсэн. Тухайлбал, 75 жилийн ойн босгон дээрээ дэлхийн жишигт нийцсэн номын сан ашиглалтад оруулж, МУ-ын анхны хиймэл дагуул “Мазаалай”-г сансарт хөөргөж томоохон амжилтаар өмнөх ололтуудаа бататган угтаж байна. Бид 75 жилийн ойгоо утга төгөлдөр, агуулга өндөртэй  тэмдэглэнэ. Бид 2024 он гэхэд Азийн тэргүүлэх 100 их сургуулийн нэг болгох зорилт тавин ажиллаж байна.  Үүнийг хэрэгжүүлэг чадварлаг багш нар, бүтээлч оюутнууд, шилдэг, эрдэм шинжилгээ судалгаа, шилдэг сургалт судалгааг нэвтрүүлсэн байх гэдэг зорилтын хүрээнд бид  МУИС-Хөрөнгө оруулалтын  форумыг аравдугаар сарын 5-нд зохион байгуулахаар төлөвлөөд байна” гэв.

Захиргаа дотоод, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Ч.Ундрам

Бид ойгоо угтан МУИС-ийг үүсгэн байгуулсан  үе үеийн эрдэмтэн, багш нар удирдлагууддаа  талархал илэрхийлэх үүднээс ахмадын хүлээн авалт зохион байгуулахаар бэлэн болоод байна. Мөн Маршал Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал, Ж.Батмөнх нарын хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа аравдугаар сарын 04-нд болно.  Түүнчлэн аравдугаар сарын 05-нд Хөрөнгө оруулалтын форум болно. Энэ үеэр хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа болно.  Мөн энэ өдөр шинэ номын сангийн нээлт болно. Аравдугаар сарын 6-нд “Эрдэмд түүчээлсэн-75” жил хүндэтгэл, ёслолын ажиллагаа Төрийн ордонд болно. Дараа нь эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлнэ” гэлээ.

Хөгжил, санхүү хариуцсан дэд захирал Ц.Болормаа

Бид 75 жилийнхээ ойн хүрээнд МУИС-Хөрөнгө оруулалтын форум зохион байгуулах гэж байна. Энэхүү хуралд гадаад, дотоодын 150 гаруй төлөөлөгчид оролцож МУИС-ийн гадаад, дотоод хамтын ажиллагаанд нэн тэргүүнд хэрэгцээтэй байгаа арга замыг нээх, МУИС-ийн ирээдүйд  бүтээн байгуулах МУИС Кампус төслийг албан ёсоор танилцуулна. Аливаа зүйлийн анхдагч эх үүсвэр нь орчин  нөхцөл байдаг. Бид шилдэг судлаач, шилдэг оюутан, чанартай хөтөлбөр, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн МУИС болохын тулд суралцах, ажиллах орчин цогцоороо бүрэлдэх учиртай. Энэ үүднээс энэхүү төслийг хэрэгжүүлэхээр болсон.

Мөн цахим сургалтын орчин, судалгааны нээлттэй лабораториуд, хэвлэл мэдээллийн төвтэй болох талаар танилцуулна. Бид цаг үеэ дагаад зөвхөн танхимын сургалт гэхээсээ илүүтэй цахим сургалтад шилжих  нийгмийн зайлшгүй  шаардлагатай тулгарч байна. Мөн  цаашид Монголын Их дээд сургуулиудын дундын буюу нээлттэй лабаориатортай болно. МУИС хотын төвд байрладаг гэдэг утгаараа хэвлэл мэдээллийн төв ажиллуулах боломжтой гэдгийг бид олж харсан. Иймээс шинээр нээгдэж байгаа номын сан дотроо хэвлэл мэдээллийн төв ажиллуулахыг зорьж байна. Эдгээр төслөө МУИС-Хөрөнгө оруулалтын форумын үеэр танилцуулах болно гэв.

Сургалт, оюутан хариуцсан дэд захирал Б.Очирхуяг

“75 жилийн ойг угтан МУИС-ийн оюутнууд өөрсдийн санаачлалаар олон үйл ажиллагааг хэрэгжүүлж ирсэн. Тухайлбал, нийгмийн эмзэг бүлгийн хүмүүст туслах арга хэмжээг зохион байгууллаа. Ойн хүрээнд аравдугаар сарын 04-нд “Миний бахархал-МУИС” оюутан залуусын үдшийн цэнгүүнийг зохион байгуулах гэж байна. Энэхүү арга хэмжээнд МУИС-ийн оюутнуудаа урьж байна.  Түүнчлэн МУИС энэ жилийг “Багшийн хөгжлийг дэмжих жил” болгон  нэрлэсэн.  Үүний хүрээнд цаашид олон ажлыг хийхээр төлөвлөж байна”.

Номын сангийн захирал  Г.Цэрэн

“Ойн босгон дээр 16 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бүхий МУИС-ийн сургалт судалгааны түшиц болсон номын сантай боллоо. Номын сан одоогоор 360 мянган хэвлэмэл болон цахим сан хөмрөгтэй, олон улсын онлайн мэдээллийн сангуудыг ашиглах боломжийг бүрдүүлснээр онцлогтой. Мөн хэд хэдэн үйлчилгээг авах боломжтой. Тухайлбал, Уншлагын танхимын үйлчилгээ, гэрээр ном олгох үйлчилгээ, салбар номын сангийн үйлчилгээ, цахим материал үзэх үйлчилгээ, лавлагаа мэдээллийн үйлчилгээ, ном сэлбэн засах үйлчилгээ, электрон болон цаасан каталог, хайлтын үйлчилгээ зэргийг нэг дор багтсан. Мөн МУИС-ийн шинэ номын сан хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст ээлтэй орчин бүхий нөхцөлийг бүрдүүлж өгсөн”.

Түүнчлэн МУИС-ийн 75 жилийн ойг угтаж  өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш шат дараатай олон улсын хурал зохион байгуулсан талаар Эрдэм шинжилгээ, инноваци, гадаад харилцаа хариуцсан дэд захирал Б.Очирхуяг энэ үеэр онцлон хэлсэн юм.


Өнөөдөр МУИС 20 мянга гаруй оюутан, 1500 орчим салбар бүрийн шилдэг тэргүүлэх доктор, профессор, багш ажилчид, таван бүрэлдэхүүн сургууль, хоёр салбар сургууль, 44 тэнхим, бие даасан 21 нэгжтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

Ш.Адъяамаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
unshigch(202.9.41.229) 2017 оны 10 сарын 03

Saihan arga hemjee boloh ni ee, amjilt husie!

0  |  0
s(202.70.46.228) 2017 оны 10 сарын 03

ene tumurbaatar gej nogoon novsh hogiin hun muutai uuriguu haan geed bodson amitan bnle ih muuhai muujgai bnle

0  |  0
Unshigch(103.212.118.205) 2017 оны 10 сарын 02

Ded zahiral bish yumuu, Tumurbaataraas busad ni?

0  |  0
Top