Д.Лүндээжанцан: МУИС-ийн багш болно гэдэг хүн бүхний мөрөөдөл байсан

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 06

 МУИС-ийн түүхт 75 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна.  Ойд зориулсан "Эрдэмд түүчээлсэн 75 жил" ёслол, хүндэтгэлийн хурлын үеэр УИХ-ын гишүүн  Д.Лүндээжанцан  МУИС-ийн  ахмад төгсөгчидөө төлөөлж  дурсамжаа хуваалцсан юм.

Тэрбээр "МУИС-ийн 75 жил бол бүх монголчуудын  ой гэж хэлж болно. Айл болгоны бараг нэг гишүүн МУИС-ийг төгссөн болов уу. Биднийг бага байхад их сургуулийн цэнхэр ромбо зүүсэн гэрэл зураг хамгийн хүндтэй байранд залардаг байсан. Монгол орны өнцөг булан бүрт бүх салбарт манай төгсөгчид ажиллаж байгаа. Сэтгэл маш их догдолж байна. Нэгэн дурсамжаасаа хуваалцахад би 1975 онд МУИС-д элсэн орж байсан. Орохоосоо өмнө үргэлжид мөрөөдөж явснаа энд нуух юун. Их сургуулийн гудамжаар алхаж явахсан, алдарт дугуй зааланд нь лекц сонсох юмсан гэж мөрөөддөг хүүхэд байлаа. Нуугдаж орж эрхэм багш нарын лекцийг  нь сонсдог байсан. Хожим нь энэ мөрөөдөл маань биелж их сургуулийн дугуй заал, 310, 320 ангид хичээл орж эрдэмтэн мэргэдээс номын дуу сонсож байсан.  Том цүнх үүрчихээд их сургуулийн гудамжаар энэ сургуулийн багш гээд алхах юмсан гэдэг бодол тухайн үеийн хүмүүсийн хамгийн том мөрөөдөл нь байсан. Энэ мөрөөдлөө би биелүүлж чадсан юм. 1975 онд анх оюутан болж ороход одоо үеийн ахмад багш нар дөнгөж сургуулиа төгссөн шижигнэсэн  залуучууд байлаа. 1976 онд Ш.Чоймаа багштай хамт намрын ажилд явж байлаа. Тухайн үед би  Ш.Чоймаа багшийн толгой дээр ус хийж өгч байснаа тодхон санаж байна. Бидний үеийн оюутны амьдралд намрын ажил бол хөдөлмөрч зан байдлыг суулгадаг, зөв хүн болж чиглүүлдэг гол үүрэгтэй байжээ.

Өдөржингөө ажиллачихаад майхныхаа гадаа ирээд хамт олноор хооллодог тэр хоол шиг амттай зүйл одоогоор байхгүй. Энэ бүхнийг би тодхон санадаг юм. Сурахын хажуугаараа хөдөлмөрлөдөг байсан энэ он жилүүдэд оюутны оролцоогүй ажил, бүтээн байгуулалт  гэж тун ховор байв. Энэ бүхэнд МУИС-ийн оюутнууд манлайлан оролцдог байсан. Одоо ч гэсэн манлайлсаар байна. Бидний үеийнхэнд МУИС-ийн ач ивээлийг хүртээгүй төгсөгч гэж үгүй. МУИС-ийг төгссөн хүн дор хаяж 700 төгрөгийн цалинтай байсан. МУИС-ийн ректорууд агуу хүмүүс байсан. Одоо ч мөн адил. 

Өнө эртний нэр хүндтэй, алдартай сургуульд суралцаж төгссөн гэдгээрээ би үргэлжид бахархдаг. Үе үеийн багш нар, эрдэмтэн буурлууддаа мэхийн ёсолъё” гэлээ.

Ш.Адъяамаа

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.21.106.167) 2017 оны 10 сарын 07

МУИС-аараа бахархдаг. Би эндээс төрсөн мэргэжилтэн ямар байдгийг харуулж ажилласан.Салбарынхаа тэргүүний ажилтан гэдгээрээ бахархдаг

0  |  0
Би(71.178.238.52) 2017 оны 10 сарын 06

Нам дээдийг даргын ТМС гэдэг юм

0  |  0
багш сайхан мэргэжил(43.228.131.229) 2017 оны 10 сарын 06

муис ийн гэхээсээ тэр үеийн намын дээд сургуульд багш болно гэдэг илүү том мөрөөдөл байсан .

0  |  0
Top