“Багшийн хөгжлийн тухай хуулийн төсөл” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа

2017 оны 11 сарын 28

Хэлэлцүүлэгт УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, М.Оюунчимэг, Н.Учрал, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа болон боловсролын салбарын багш, эрдэмтдийн төлөөлөл оролцсон юм.

Багшийн хөгжлийн тухай хуулийн төслийг танилцуулах хэлэлцүүлгийг нээж УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан үг хэлэв.

Багш хүн ард түмнийг соён гэгээрүүлэгч, хүүхэд залуучуудын оюун ухааныг хөгжүүлэгч, авъяас билгийг нээн илрүүлэгч, тэднийг амьдарч, хөдөлмөрлөх арга ухаанд сургаж, өөрийн биеэр үлгэрлэн хүмүүжүүлэгч байдаг. Тийм ч учраас өөрийгөө хөгжүүлэх таатай нөхцөлд ажиллах шаардлагатай байна гэж үгийнхээ эхэнд тэмдэглэлээ.

Тэрбээр “Багш хүнийг хөгжүүлэх арга хэрэгсэл үндэслэл муутай, хангалтгүй байгаа гэж үзэж “Багшийн хөгжлийн тухай” хуулийн төслийг өргөн мэдүүлсэн байна. Багшийн нийгэмд оруулж буй хувь нэмрийг бодитой үнэлэх асуудал нь тулгамдсан асуудлын нэг болоод байна. Үүнтэй холбоотойгоор багшийн нэр хүнд, ур чадварын үнэлэмж, багшийн ёс зүйд нийгмийн зүгээс өгч буй үнэлэмж буурч байгааг дурдах хэрэгтэй. Монгол Улсын Засгийн газар эдийн засгийн нөөц бололцоог ашиглан төрийн үйлчилгээний албан хаагчдын бодит орлогыг нэмэгдүүлэх хүрээнд хөдөлмөрийн үнэлэмж, хариуцлагатай нь холбох байдлаар 300 мянга хүртэлх төгрөгийг 2017-2018 онуудад олгохоор шийдвэрлэсэн. Багш болох сонирхолтой хүүхэд залуучуудыг сонгон шалгаруулж, төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх, багшид ажлын ур чадвар, үр дүнд суурилсан урамшуулал олгодог тогтолцоотой болох, үүнтэй уялдуулан боловсролын чанарыг хэрхэн сайжруулах, багшийн хөгжлийн төвийг бүх шатны боловсролын байгууллагын дэргэд байгуулж, багшийг ажлын байрандаа тасралтгүй хөгжих боломж нөөцөөр хангах зэрэг заалтууд энэ хуулийн төсөлд туссан. Өнөөдрийн хэлэлцүүлэгт бүх шатны боловсролын байгууллагад ажиллаж байгаа багш нарын болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцож байгаа бөгөөд хуулийн төсөлтэй холбоотой асуудалд өөрсдийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлэхийг хүсч байна” гэв.

Үргэлжлүүлэн Багшийн хөгжлийн тухай хуулийн төслийн талаарх танилцуулгыг УИХ-ын гишүүн Н.Учрал хийсэн юм. Мөн багш нарын цалин, нийгмийн баталгааг хэрхэн сайжруулахаар ажиллаж байгаа талаарх товч мэдээллийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг оролцогчдод өглөө.

Дараа нь “Багшийн хөгжлийн олон улсын чиг хандлага” сэдвээр УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цолгзолмаа илтгэл тавилаа.

Тэрбээр “Дэлхийн түвшинд сэтгэж, 21-р зууны “Монгол хүний загвар”-ыг тодорхойлох, монгол хүнийг төлөвшүүлэх мэргэшлийн үндэсний хүрээг боловсруулах, түүнд суурилан боловсролын тогтолцоог бий болгох шаардлагатай. Мөн боловсролын салбарын удирдах ажилтнуудаас орчин үеийн менежментийг мэдэх, хэрэгжүүлэх, бодлогын түвшинд сэтгэх ур чадварыг суулгах шаардлага ч тулгарч байна” хэмээн онцлов.

Мөн “Багшийн хөгжлийн асуудлаар бусад улс орнуудын хуулийн зохицуулалт” сэдвээр Боловсролын хүрээлэнгийн захирал М.Итгэл, “Багшийн хөгжлийн төвийн үйл ажиллагаа, цаашдын чиг хандлага” сэдвээр МУБИС-ийн зөвлөх, академич Б.Жадамба, БМДИ-ийн албаны дарга Ш.Оюунцэцэг нар илтгэл тавьсан юм.

Үргэлжлүүлээд хэлэлцүүлэгт оролцогчид саналаа хэллээ. Тухайлбал, багш бэлтгэх төрийн нэгдсэн бодлоготой болох, хос мэргэжлээр багш бэлтгэх сургалтын хөтөлбөрийг хуульчилж өгөх, ур чадварын нэмэгдлийг эрх тэгш олгодог байх, цэцэрлэгийн багш нарт мэргэжлээ дээшлүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлдэг байх, сургуулийн захирлыг сонгон шалгаруулахдаа тухайн сургуулийн багш нараас сонгодог байх зэрэг асуудлыг хуулийн төсөлд тусгаж өгөхийг хүсч байлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top