Зүүн бүсийн зөвлөгөөнд БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа оролцлоо

2018 оны 02 сарын 05

“Тогтвортой хөгжил – Ерөнхий боловсрол” улсын хоёрдугаар зөвлөгөөн 2018 оны 01-р сарын 18-наас 02-р сарын 03 хүртэл Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт зохион байгуулагдлаа. Зөвлөгөөнд ерөнхий боловсролын салбарт ажиллаж буй багш, ажилчдын төлөөлөл болох 3400 багш, ажилчид оролцлоо.

Уг зөвлөгөөн нь Ховд, Өвөрхангай аймагт 01-р сарын 29,30-ны өдрүүдэд, Орхон, Дорнод аймагт 02-р сарын 02,03-ны өдрүүдэд боллоо. Дорнод аймагт болсон зөвлөгөөнд Хэнтий, Сүхбаатар, Дорнод, Дорноговь, Говьсүмбэр аймгийн багш, ажилчдын төлөөлөл оролцож,  "Ерөнхий боловсролын эрх зүйн шинэчлэл", "Багшийн хөгжил, цалин хөлсний шинэчлэл", "Сургалтын чанар, үнэлгээний шинэчлэл", " Хүүхдийн хөгжил, хамгаалал, хүмүүжил, талөвшлийн бодлогын чиглэл" зэрэг сэдвүүдээр салбар болон зөвлөлдөж, зөвлөмжүүдээ  гаргасан юм. Тус аймагт болсон зөвлөгөөний хаалтын хуралд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа оролцлоо.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа “Бид энэ онд боловсролын салбарт урьд өмнө нь байгаагүй их бүтээн байгуулалтыг хийх болно. 46186 суудлын хүчин чадалтай 99 сургууль мөн 127 цэцэрлэгийг барьж байгуулна. Гурван ээлжээр хичээллэдэг сургууль байхгүй болно. Мөн багш нараа дэмжиж, багшийг ажлын байрандаа хөгжих бололцоог бий болгоно. Энэхүү зөвлөгөөнөөс гарсан зөвлөмжүүдийг боловсролын салбарын бодлогодоо тусгаж, хэрэгжүүлнэ” гэж тэрбээр онцолсон юм.

Та зөвлөгөөнөөр хэлэлцсэн асуудлуудын талаарх илтгэл болон гарсан зөвлөмжүүдийг www.zuvluguun.edu.mn цахим хаягаас татаж авах боломжтой.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top