Э.Ууганбаатар: Ой тогтоолтын аргачлалыг оюуны хэл гэж ярьдаг

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 12

Анх удаа боловсролын салбарт Оюун ухааны хэл болох “Ой тогтоолт”-ын арга аргачлыг Булган аймгийн 16 сум, нэг тосгоноор эхний жилийн сургалтаа явуулж буй “Open mind” сургалтын төвийн захирал, “Оюунлаг Булган” төслийг хэрэгжүүлэгч, ой тогтоолт судлаач Э.Ууганбаатартай ярилцлаа.

-Юуны өмнө өөрийгөө танилцуулна уу?

-Би Булган аймагт төрсөн. “Хөдөө аж ахуйн их сургууль”-ийг эдийн засагч мэргэжлээр дүүргэсэн. 2-р курсын оюутан байхдаа ой тогтоолтын сургалтад сууж байжээ.  Хатанбаатар багшийн анхлан шавь нарын нэг нь. Түүнээс хойш ой тогтоолтыг шимтэн сурч, судлаад багагүй хугацааг өнгөрөөжээ. Энэ хугацаанд сурсан зүйлээ баталгаажуулж, бусдад түгээхийг оролдсон. Энэ оролдлогуудын нэг болох “Оюунлаг Булган”  төслийг аймагтаа  дүү нартаа зааж сургахаар зорьж байна. Төсөл маань 2016-2020он хүртэл хэрэгжинэ.  2016 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсон Ж.Бат-Эрдэнэ “Оюунлаг Булган” хөтөлбөрийг санаачилсан байдаг. Уг хөтөлбөрийг Булган аймгийн Засаг дарга З.Батзориг мөрийн хөтөлбөртөө тусгаж хэрэгжүүлсэн. Хөтөлбөр маань ном, шатар, мэтгэлцээн, ой тогтоолт гэсэн дөрвөн дэд хөтөлбөртэй байгаа.


-Хөдөө орон нутагт боловсрол, сургалт ямар түвшинд байна вэ?

-Хөтөлбөр хэрэгжүүлэхтэй холбогдоод 21 аймгийн боловсролын түвшин Элсэлтийн ерөнхий шалгалт болон олимпиадын дүнг харьцуулахад Булган аймгийн хувьд боловсролын түвшин унасан байдалтай байсан. 21 аймгаас нийлбэр дүгээр 19-20-д жагсаж байх жишээтэй. Иймээс боловсролын тал дээр анхаарч илүү их дэвшилт хийж, шинийг эрэлхийхгүй бол боловсролын салбарт хойгуур жагсаж байна. Залуу хүний хувьд өөрийнхөө сурсан зүйлийг багийн хамтын хүчээр дүү нартаа зааж өгөхөөр төслөө хэрэгжүүлж байна.


-Зөвхөн Булган аймгийн хэмжээнд энэ төслөө хэрэгжүүлэх үү?

-Тиймээ. Эхний удаад зөвхөн Булган аймагт хэрэгжүүлэхээр зорьж байгаа. 2015 оноос Хятад хэлний сургалтад ханз цээжлэх техникийг боловсронгуй болгох хөтөлбөр дээр ажиллаж байгаа.


-Танай төслийн гол зорилго юу вэ?

-Тамирчин бэлдэх биш. Энэ арга техникийг эзэмшээд өнөөдрийн сурч байгаа нөхцөл байдлаас шат ахих явдал юм. Гэхдээ шууд сургалтад суугаад өөрчлөгдөхгүй. Боловсролын систем шат дараатай арга хэмжээ авагдаж байж үр дүн нь харагддаг. Бид 2016 онд төслөө эхлүүлсэн бол 2018 онд үр дүнгээ өгнө гэж бодохгүй байгаа. 2020 онд үр дүнгээ өгч 20-р байранд байсан бол байр нь урагшаа шат ахих байх гэж бодож байгаа. Хөтөлбөрийн зорилго бол илүү их шат дараатай арга хэмжээ авдаг учраас цаг хугацаа хэрэгтэй. Багш нар маань хичээл дээрээ энэ арга техникийг хэрэглээсэй гэж хүсэж байна. Эхний удаа аймагтаа туршиж байна. Үүнийг боловсролын яам анхаараад боловсролын системд оруулаасай гэж хүсэж байна. Ороход төвөгтэй, багадаа 5-аас  10 жилийн дараа орох болов уу. Эхний ээлжинд аймагтаа хэрэгжүүлээд үр дүн гаргаад салбарын яаманд танилцуулна. Сургагч багш гэж тусдаа заадаг биш, Монгол хэлний багш нь 35-н үсгийг, Гадаад хэлний багш нь үг хэрхэн цээжлэх арга техникийг мэддэг заадаг, математикийн багш  хүрдийг хялбар хурдан боддог арга техникийг заах нь арай үр дүнтэй байх болов уу гэж бодож байна.


-Саяхан БНХАУ-ын ӨМӨЗО-д очиж сургалт явуулсан гэж дуулсан. Энэ талаар ярьвал?

-Булган аймагт төсөл хэрэгжүүлж эхлээд сошиалаар мэдээлэл цацагдахаар өөр аймаг болон дүүргээс санал ирсэн. Өвөрхангай, Сэлэнгэ, Увс, Төв аймгуудаас санал ирээд байгаа. Мөн Өвөрмонголоос энэхүү сургалтыг сонирхсон. Ой тогтоолтын аргачлалыг оюуны хэл гэж ярьдаг. Энэхүү ой тогтоолтоороо дэлхийд багаараа нэгт жагсаж байна. Энэхүү арга барилыг амьдралдаа, хичээлдээ ажилдаа яаж хэрэглэж болох вэ гэдэг талаар хөтөлбөрт тусгасан. Хөтөлбөр маань хэрэгтэй гээд бүх хүүхдүүдэд заавал туйлшраад үр дүн нь бага байх учраас Ерөнхий боловсролын сургуулийн 7-11-р ангийн хүүхдүүдийг сонгож хөтөлбөр маань хэрэгжсэн. Нийт 3000 гаруй хүүхэд болон 250 гаруй багш нарыг хамруулсан. Эхний нэг жил амжилттай хэрэгжиж  дуус ч байна. Хөтөлбөрийнхөө үр дүнг танилцуулахаар аймгийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулж байгаа. Сурагчид ой тогтоолтоор хичээллэвэл тамирчин болох боломжтой. Гэхдээ хөтөлбөрийн гол зорилго нь тамирчин болох биш техникийг эзэмшээд өөртөө байгаа бэрхшээл дээр энэ аргыг хэрэглэж, хичээл дээрээ, амьдралдаа  ахиц дэвшил гаргахыг зорьж байна.



- Ой тогтоолтоор хэдэн наснаас эхлэн хичээллэх боломжтой бол.

-Бүх насны хүмүүс сонирхож байгаа мөн хичээллэх боломжтой. Хөтөлбөр маань 19 сургуульд хэрэгжиж эхлэхэд зургаан сургуулийн багш, удирдлагууд нь Ой тогтоолтын сургалтыг авахаар сургалтын төвүүдтэй холбогдсонч авч чадаагүй  байсан. Учир нь төлбөрийн хувьд үнэтэй байдаг. Орон нутгийн хүүхэд үнэтэй сургалтад суух боломж хомс байдаг. Хэрэгцээ маш их байгааг Булган аймгийн засаг дарга ойлгон дэмжсэн.


Мөн хөтөлбөрийн хүрээнд цэцэрлэгийн багш нараас цэцэрлэгийн хүүхдүүдэд хэрэгжүүлэх талаар санал их ирсэн.  Учир нь цэцэрлэгийн насны хүүхдүүд үсэг, тоо, өнгө, дүрсээ таних гэх мэт зүйлсийг суралцдаг. Мөн бага наснаасаа хичээлвэл үр дүн сайн гардаг нь ургуулан бодох чадвар сайн байдагтай холбоотой. Иймээс цэцэрлэгийн багш нарт гарын авлага, программ танилцуулан сургалт зохион байгуулсан байгаа.


-Ой тогтоолт муу хүн гэж байх уу?

-Ой тогтоолтоор хичээллэхэд оюун ухааны хэлийг л сурах нь хамгийн чухал. Үүнээс биш IQ шаардахгүй. Мөн ургуулан бодох, төсөөлөн бодох, анхааралтай байх хэрэгтэй. Хошин мэдрэмж нь илүү их хөгжсөн байвал үр дүнтэй байдаг. Бага насны хүүхдүүд хүүхэлдэйн кино их үздэг. Хүүхэлдэйн кинонд амьдрал дээр байхгүй төсөөлөл байдаг. Яг энэ төсөөлөлийг цээжлэх процесс рүү оруулвал хүний тархи хүлээж авах нь өндөр байдаг.

-“Ой тогтоолтын нууц” ном олон хүнд хүрсэн. Дараагийн номоо гаргахаар зэхэж байгаа юу?

-Тиймээ. Гуравдугаар сард нээлтээ хийх гэж байгаа. Хүн бүр хүүхдээ сайн хүн болгох юмсан гэж боддог. Миний дараагийн ном  “Гавал хүүхэд” нэртэй. Та тухайн номыг уншснаар хүүхэдтэйгээ яаж харьцвал илүү их өөрийгөө илэрхийлж, яаж ухаантай хүүхэд болох талаарх зөвлөмжийг бэлтгэсэн байгаа. Ой тогтоолтын аргуудыг өдөрт тутамт яаж хэрэглэхийг ч эцэг эхчүүдэд зөвлөсөн байгаа. Хамгийн их тулгамдсан, эрэлхиийлдэг асуултад хариулт өгөх ном бий.


-Аймгийнхаа оюутнууд залуучуудын дунд нэр хүндтэй гэж дуулсан. Та нарын хэтийн зорилго юу вэ?

-Миний нэр хүндтэй гэж юу байх вэ. Багагүй хугацаанд өөрийнхөө чаддаг зүйлийг бусадтайгаа хуваалцсан минь л тэр. Аймгаа хөгжлийнхөө хувьд муу байна гээд ярихаасаа илүү өөрсдийн сурсан эзэмшсэн зүйлээ нэгдэж нийлээд аймагтаа хөрөнгө оруулалт хийх нь хөгжлийн маань эхлэл. Өөрсдөө боловсорч, хөгжиж хамтдаа бүтээн байгуулалт, оюуны хөгжил рүү орохыг бодож, найзуудыгаа уриалдаг.


-Залуучууд хөдөө орон нутгаас илүү, хот суурингийн ажлыг илүүд үзэж байгаа. Энэ тал дээр та ямар бодолтой байна вэ?

-Бид оюутан болоод Улаанбаатар хотод дөрвөн жил сурдаг. Үргэлжлүүлээд боловсролоо дээшлүүлж болдог, нэг бол эндээ амьдрал зохиогоод явдаг. Буцаад очихгүй байх хэд хэдэн шалтгаан байна гэж харсан. Нэгт, аймагт ажлын байр хомс, улстөржилт их байдаг, аль нэг намаас хараат байх шаардлагатай болдог. Аль нэг намд орсон бол нөгөө нам засаглал барьж байх үед улс төрийн нөхцөл байдал хурц байдаг. Улстөр гэхээс илүү залуучуудыг дэмжсэн төсөл хөтөлбөрийг гаргах нь зүйтэй. Залуучууд шинийг эрэлхийлж хийж чадаж байна. Аймаг руу залуучууд очихгүй гэсэн хандлага байхгүй. Очихыг хүсдэг. Гэтэл тэнд нөхцөл боломж нь хомс байдаг. Ажлын байр, амьдрах орчин, залуучуудыг дэмжих байдал хомс байдаг учир залуучууд илүү их боломжийг эрэл хйисэн газарт байгаад байна.


-Залуучуудыг хөдөө орон нутаг руу чиглүүлэхэд амьдрах боломж нөхцөлийг нь бүрдүүлэх шаардлагатай гэж үзэж болох уу?

-Тиймээ. Амьдрах боломж нөхцөл гэдэг нь байр орон сууц гэхээс илүү бизнес явуулах орчин, төсөл хэрэгжүүлж байгаа бол түүнийг дэмжих, жишээлбэл хотод эд хөгжиж байгаа стартапуудыг бойжуулах нэгтсэн офисстэй болгох, залуучуудаа чөлөөт цагаа өнгөрөөх орчин хомс байна. Энэ зүйл дээр анхаарвал залуучууд хөдөө орон нутагт очих боломжтой гэж боддог.


Б.Алтанчимэг

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top