“ИРЭЭДҮЙН ЭЗЭД” БАЙГАЛИЙН УХААНЫ АНХДУГААР ОЛИМПИАД БОЛНО

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 27

 УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын санаачилгаар Боловсролын үнэлгээний төвөөс “Ирээдүйн эзэд” байгалийн ухааны нэгдмэл агуулгын анхдугаар олимпиадыг ирэх гуравдугаар сарын 5-нд зохион байгуулах гэж байна. Тус олимпиад нь ЕБС-ийн төгсөх ангийн суралцагчдын цаашид суралцах хүсэл сонирхлыг идэвхжүүлэх, байгалийн ухааны хичээлийн нэгдмэл агуулгын хүрээнд эзэмшсэн мэдлэг, чадварыг сорих, боловсролын үнэлгээнд шинэ технологи нэвтрүүлэн амжилттай нутагшуулах зорилготой юм. Байгалийн ухааны нэгдмэл агуулгад математик, физик, хими, биологи, газар зүйн хичээлүүд багтах бөгөөд эдгээр хичээлүүдээс олимпиадын даалгавар бүрдэнэ.

Олимпиадад нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулийн төгсөх 12 дугаар ангийн суралцагчдаас сургууль тус бүр ЗАН-тэй хамтран Байгалийн ухааны нэгдмэл агуулгаар зөвхөн 1 шилдэг суралцагчийг сонгон оролцуулна. Суралцагчийг 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 09.00 цагаас эхлэн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 18.00 цаг хүртэл Боловсролын үнэлгээний төвийн  olympiad.eec.mn хаягаар тухайн сургуулийн сургалтын менежер бүртгэх юм.

“Ирээдүйн эзэд” байгалийн ухааны нэгдмэл агуулгын анхдугаар олимпиад гуравдугаар сарын 05-ны өдөр 09:00 цагт “Монгол тэмүүлэл” лаборатори сургуулийн спорт зааланд болно.

 

С.Бат

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top