2018 онд нийслэлд шинээр 18 сургууль баригдана

2018 оны 03 сарын 27

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийн боловсролын салбарт хийгдэх хөрөнгө оруулалтыг Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа танилцууллаа.

Энэ онд нийслэлд 18 шинэ сургууль, 27 сургуулийн өргөтгөл, нийт 45 сургуулийн барилга баригдаж эхэлнэ. Үүнээс Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 9 сургууль, 25 сургуулийн өргөтгөл, БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 7 сургууль, Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 2 сургууль, 2 сургуулийн өргөтгөл баригдахаар төлөвлөгдсөн байна.

Мөн Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 42 цэцэрлэг, 10 цэцэрлэгийн өргөтгөл, Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд 2 цэцэрлэг, НҮБ-ын Хүүхдийн сангийн хөрөнгөөр 2 цэцэрлэг нийт 56 цэцэрлэгийн барилга баригдаж эхэлнэ.

Мөн 2018 онд Улсын төсөвт 3 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, 5 спорт заал барих хөрөнгө тусгагдан батлагдсан. Улс нийслэл, дүүргийн орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар он дамжин хэрэгжиж буй 2 сургууль, 6 цэцэрлэг, 6 цэцэрлэгийн өргөтгөлийн барилга угсралтын ажил хийгдэнэ.

2018 онд нийслэлд шинээр 18 сургууль баригдана

Нийслэлд БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгө оруулалтаар 7 сургууль баригдахаар шийдвэрлэгдсэн. Үүнийг 5 сургуулийг барих ажлын гүйцэтгэгчээр “Beijing construction engineering group” шалгарч, барилга угсралтын бэлтгэл ажлыг эхлүүлээд байна.

Нийслэлийн Засаг дарга С.Батболд “Ерөнхий боловсролын сургуулийн хичээллэх ээлжийг 2020 онд 2 ээлжинд шилжүүлэх төлөвлөгөөтэй байна. Мөн цэцэрлэгийн хангалт хүрэлцээг 85 хувь болгоно. Энэ 2018 онд боловсролын салбарт хийгдэх ажлууд их байна. одоогоор 17 сургууль цэцэрлэгийн газрын асуудлыг шийдэх хэрэгтэй байна. Эдгээр асуудлыг удахгүй Засгийн газарт танилцуулна. 2020 оны хичээлийн жилд 3 ээлжээр хичээллэхгүй болгохоор төлөвлөн ажиллаж байна” гэлээ.

Мөн Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгө оруулалтаар 2 сургууль, 2 сургуулийн өргөтгөл баригдана.

НҮБ-ын Хүүхдийн сангийн хөрөнгөөр нийслэлийн Боловсролын газар, Баянзүрх дүүргийн ЗДТГ хамтран Баянзүрх дүүргийн 9,17 дугаар хороонд тус тус 100 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг барих төслийг эхлүүлээд байна.

Азийн Хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжих төслөөр нийслэлд 9 сургууль, 22 цэцэрлэг баригдана. Энэ онд барилгын зураг төслийг боловсруулах, худалдан авах ажиллагааны бэлтгэлийг хангаж 2019 оноос барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөөд байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

 


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top