УИХ-ын гишүүн, УИХ-ын НББСШУБХ-ны дарга Ё.Баатарбилэг тэргүүтэй төлөөлөгчид БНСУ-д хийсэн айлчлалынхаа үеэр тус улсын боловсрол, шинжлэх ухааны байгууллагуудын удирдлагуудтай нь уулзаж, ярилцлаа. Төлөөлөгчид БНСУ-ын Дээд боловсролын асуудал хариуцсан дэд сайд И Жин Сөг-тэй уулзах үеэрээ монгол оюутан, залуусыг БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгээр тус улсад суралцах боломж олгож буйд талархал илэрхийлээд цаашид Солонгос Улсад суралцах монгол оюутны тоог нэмэгдүүлэх, Монгол Улсад судалгааны их сургууль байгуулахад солонгосын туршлагаас судлах, монголын их дээд сургуулиудын салбарыг БНСУ-д нээх зэрэг асуудлыг хөндөн ярилаа.
И Жин Сөг дэд сайд “Хоёр улсын болосвсролын салбарын хамтын ажиллагаа амжилттай хөгжиж байгаагийн нэг илрэл нь Монгол Улсаас БНСУ-д суралцах оюутны тоо өсч байгаагаас харагдаж байна. БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгээр дэлхийн 155 орны оюутан солонгост суралцаж байна. Монгол Улсад оногдож буй квотын хэмжээ 3 дугаарт орж байна. БНСУ-д суралцах оюутны тоог нэмэгдүүлэх өөр боломжууд бий. МУИС, Сөүлийн Үндэсний Их сургууль хоорондын хамтын ажиллагааны хүрээнд СҮИС-ийн тэтгэлгээр оюутан сургах боломжтой. Судалгааны их сургууль байгуулах тухайд бид Та бүхэнтэй хамтран ажиллах боломжтой. Солонгост улсын 40, хувийн 160 их дээд сургууль үйл ажиллагаа явуулж байна. Зөвхөн СҮИС гэлтгүй бусад сургуулиудтай хамтран ажиллах санал тавьбал бид дуртайяа хүлээн авах болно” гэв.
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )