УИХ-ын байнгын хорооны дарга тэргүүтэй төлөөлөгчид Сөүлийн Үндэсний Их сургуулийн ерөнхийлөгч Сөн Наг Ин-тэй уулзлаа. Уулзалтын үеэр Монгол, БНСУ-ын дээд боловсролын салбарын хамтын ажиллагаа амжилттай хөгжиж, Азийн шилдэг сургууль СҮИС-тай МУИС хамтын ажиллагааны гэрээ байгуулан идэвхтэй хамтран ажиллаж, СҮИС-ийн захирлын нэрэмжит тэтгэлгээр монгол оюутнууд тус сургуульд амжилттай суралцаж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.
Мөн Монгол Улсаас СҮИС-д суралцах оюутны тоог нэмэгдүүлэх тал дээр анхаарч, дэмжлэг үзүүлэхийг хүслээ.Төлөөлөгчид СҮИС-ын ерөнхийлөгчтэй уулзсаны дараа тус сургуульд суралцаж буй монгол оюутнуудын төлөөлөлтэй уулзаж, тэдний санал бодлыг сонслоо. СҮИС нь БНСУ-ын шилдэг сургуулиудын нэг бөгөөд энэ сургуульд суралцаж буй монгол оюутнуудын ихэнх нь солонгосын Засгийн газрын тэтгэлгээр агаарын бохирдол, нийгмийн эрүүл мэнд, олон улсын спортын менежмент, хувцас дизайн, барилгын инженер, газар хөдлөлт, математик, мэдээллийн технологи, эдийн засаг, бодлого төлөвлөлт зэрэг чиглэлээр бакалавр, магистер, докторын зэрэг хамгаалахаар суралцдаг байна.
Сургуулиа төгсөөд нутаг буцахад ажлын байраар хангах, гадаадад сургууль төгссөн монгол оюутнуудыг буцаад эх оронд нь татах чиглэлээр бодлогын түвшинд арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг оюутнууд УИХ-ын гишүүдээс хүсч байв. УИХ-ын гишүүд оюутан залуусын хэлсэн санал бодлыг анхааралдаа авч ажиллахаа илэрхийлэв.Айлчлалын үеэр төлөөлөгчид мөн Ханян их сургуулийн “Эрика” инновацын цогцолбор хотхон, Солонгосын Шинжлэх ухаан, технологийн хүрээлэнд тус тус зочилж, үйл ажиллагаатай нь танилцаж, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо.
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )