ЭЕШ-ын бүртгэл өнөөдөр 18:00 цагт дуусна

2018 оны 04 сарын 16

Монгол Улсын хэмжээнд их, дээд сургуульд элсэгчдийн сурах ерөнхий чадвар, мэдлэгийн түвшинг тогтоох зорилготой Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл өнөөдөр буюу 2018 оны 4 дүгээр сарын 16-ны орой 18:00 цагт дуусна.

Бүртгэлийн хугацаа болон цагийг сунгахгүй ба нэмэлт бүртгэл хийхгүй. Элсэлтийн ерөнхий шалгалтыг 2018 онд бүрэн дунд боловсрол эзэмшин төгсөх иргэн, 2018 оноос өмнө бүрэн дунд боловсрол эзэмшсэн болон түүнээс дээш боловсролтой иргэн өгнө.  Их, дээд сургуульд суралцахаар ЭЕШ-д бүртгүүлсэн шалгуулагч нь МУ-ын ЗГ-ын 37 дугаар тогтоолын дагуу Монгол хэлбичгийн шалгалтад хамрагдсан байна

ЭЕШ-ын бүртгэл онлайнаар явагдах ба шалгуулагч www.eec.mn цахим хаягаар бүртгүүлнэ. ЭЕШ-ын нэг хичээлийн бүртгэлийн хураамж 5,800 төгрөг, батламж хуудас 700 төгрөг байна. Шалгуулагч хэдэн ч шалгалт өгсөн нэг батламж хуудастай байна. ЭЕШ-д бүртгүүлэхэд Монгол хэлбичгийн шалгалт нь шууд сонгогдох ба шалгалтын хураамжгүй, батламж хуудастай байна.

Энэ онд төгсөх шалгуулагчийн суралцаж буй сургууль, анги, бүлэг, регистрийн дугаарын мэдээлэл зөрүүтэй бол сурч буй сургуулийн сургалтын алба /сургалтын менежер/-аар дамжуулан БСШУСЯ-ны боловсролын салбарын нэгдсэн систем /esis.edu.mn/-д засварлаж www.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аар орж “зөвшөөрөх” товчийг дарж баталгаажуулна.

Шалгуулагч бүртгэлийн хугацаанд бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан www.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аар дамжин шалгалт өгөх хичээлээ нэмж болно. Бүртгэл баталгаажсанаас хойш шалгуулагчийн овог, нэр улсын бүртгэлийн ерөнхий газрын бүртгэлд солигдсон бол www.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аар орж “зөвшөөрөх” товчийг дарж баталгаажуулна.


Өмнөх онд төгссөн шалгуулагч шалгалт өгөх аймаг /хот/ -аа өөрөө сонгож бүртгүүлнэ. Гадаад улс оронд бүрэн дунд боловсрол буюу түүнээс дээш боловсрол эзэмшсэн иргэн шалгалтад бүртгүүлэхдээ бүрэн дунд боловсролын үнэмлэх ба түүнтэй дүйцэхүйц боловсрол эзэмшсэнийг баталгаажуулан эрх бүхий байгууллагаас олгосон баримт бичгийг БСШУСЯ-аар баталгаажуулж, Боловсролын үнэлгээний төвд ирж бүртгүүлнэ. Хөгжлийн бэрхшээлтэй болон тусгай сургуулийн суралцагчид шалгалтад хамрагдахаар бүртгүүлсэн бол холбогдох бичиг баримтыг бүртгэлийн хугацаанд БҮТ-д ирүүлнэ.

Энэ онд ЕБС төгсч буй бүртгүүлэгч www.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас “Бүртгэлийн хуудас”-аа хэвлэн авч сургуулийн захирлаар гарын үсэг зуруулан, тамга даруулж баталгаажуулна. Харин өмнөх онд төгссөн шалгуулагчийн “Бүртгэлийн хуудас” нь QR кодоор баталгаажсан байх ба шууд хэвлэн авна.

Шалгуулагчид шалгалт өгөх шалгалтын байр, анги танхим, суудлын хуваарийг өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгийг ашиглан 2018 оны 05-р сарын 15-наас хойш www.eec.mn цахим хуудаснаас хэвлэн авна.

Бүртгэл болон шалгуулагчийн хувийн мэдээлэлтэй холбоотой өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг бүртгэлийн хугацаанд БҮТ-ийн лавлах утас болох 70119498, 75779498, info@eec.mn и-мэйл, www.facebook.com/eec.mn/ цахим хуудсаар хүлээн авна. 

 

 Эх сурвалж: Боловсролын үнэлгээний төв

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top