Тогтвортой хөгжлийн дөрөв дэх зорилгыг Монголд нутагшуулах сэдвээр зөвлөлдөв

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 31

НҮБ, олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, дэлхийн улс орнуудын төрийн тэргүүнүүд хамтран 2015 онд “Эх дэлхийгээ эрс шинэчилье: 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн зорилго”-ыг баталсан. Дэлхийн нийтийн ирэх 15 жилийн хөгжлийн зорилт болох дээрх зорилгын нэг нь чанартай боловсролын асуудалд чиглэж байгаа бөгөөд өнөөдөр НҮБ-ын Боловсрол, Шинжлэх ухаан, Соёлын байгууллага /ЮНЕСКО/-ийн Бээжин дэх төлөөлөгч, НҮБ-ын Хүүхдийн сан болон ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс, БСШУСЯ-ны дэмжлэгтэйгээр “Тогтвортой хөгжлийн зорилго-4: Боловсрол-2030” хөтөлбөрийн үндэсний зөвлөлдөх хоёрдугаар уулзалтыг зохион байгуулж байна. Уулзалтаар “Боловсрол 2030 хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн явц, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаа, авах арга хэмжээг хэлэлцэнэ. 

Тус арга хэмжээнд Монгол Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын сайд Ц.Цолзолмаа, НҮБ-ын суурин төлөөлөгч Б.Транкман, ЮНЕСКО-ийн Бээжин төлөөлөгчийн газрын захирал, суурин төлөөлөгч М.Оливейра, НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөгч А.Хайкенс болон БСШУСЯ, боловсролын байгууллагууд, иргэний нийгмийн байгууллага, их дээд сургуулийн төлөөлөл оролцож байна. 
Уулзалтын эхэнд ЮНЕСКО-оос жил бүр эрхлэн гаргадаг “Боловсролын хяналт шинжилгээний 2017/2018 оны дэлхийн тайлан”-г танилцууллаа. 

“Боловсролын хяналт-шинжилгээний дэлхийн тайлан”-г ЮНЕСКО тодорхой сэдвийн хүрээнд жил бүр гаргаж, дэлхийн улс орнууд, Засгийн газрууд, олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, хандивлагчдийн анхаарлыг боловсролын салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх бодлогын чиглэлд хандуулж ирсэн бөгөөд энэ удаагийн тайлан “Бүх нийтэд чанартай боловсрол олгоход хэн хариуцлага хүлээх вэ?” гэсэн сэдвийг хөндсөн нь зөвхөн боловсролын салбарт төдийгүй төр, төрийн бус болон иргэний нийгмийн байгууллага, эцэг эх, олон нийтэд шууд хамааралтай болохыг харуулж байгаа юм. 

Дэлхийн хэмжээнд 2015 оны байдлаар 264 сая хүүхэд бага, суурь боловсрол эзэмшиж чадаагүй сургуулийн гадна байгаа бол бага сургуульд сурч байгаа 387 сая хүүхэд уншиж чадахгүй байна гэсэн статистик 2017/2018 оны тайланд дурдагдсан нь сэтгэл түгшээж байгаа юм. Гэтэл Тогтвортой хөгжлийн зорилго дахь боловсролын зорил нь хэнийг ч орхигдуулахгүй хүрч үйлчлэхэд чиглэж байна. Иймээс боловсролын хүртээмж, тэгш байдлын асуудал нь дэлхийн улс орнуудын Засгийн газруудын анхаарлаа хандуулах тэргүүлэх чиглэлүүдийн нэг болохыг энэ удаагийн тайланд онцлон дурдаж байна. 

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа зөвлөлдөх уулзалтыг нээж хэлсэн үгэндээ, “Бүх нийтэд чанартай боловсрол олгоход сургууль, багш нарын хамтын ажиллагаа, хариуцлага хамгийн чухал. Сургууль бол сургах үйл ажиллагаа эрхэлдэг газар. Гэтэл сургалтын үр дүн тааруу, багш нар сургалтыг үр дүнтэй зохион байгуулахад ур чадвар дутагдаж байгаа, засаглал, удирдлагын чадавхи сул, хариуцлагын тогтолцоо алдагдсан зэрэг нь дэлхийн улс орнуудын тулгамдсан асуудлын нэг болоод байна. Тэгэхээр сургалтын чанар, үр дүнгээ бид хэрхэн сайжруулах вэ, чанартай боловсрол эзэмшүүлэх, сургалтыг үр дүнтэй удирдахад бүх талын үүрэг, оролцоо, хариуцлагыг хэрхэн сайжруулах вэ гэх асуултыг бид өөртөө тавьж, шийдлийн гарцыг хайх шаардлагатай байна. Өөрчлөгдөж, даяаршиж буй дэлхий ертөнцөд боловсролын хүртээмж, чанарыг сайжруулахад дэлхий нийтийн анхаарлыг хандуулахад ЮНЕСКО болон Дэлхийн банкнаас гаргасан хоёр тайлан чиглэж байгаа нь санамсаргүй хэрэг биш юм. Чанартай боловсрол олгоход нөлөөлөх чухал хүчин зүйлсийн нэг нь багшийн ур чадвар, менежментийн асуудал. Иймээс Монгол Улсын БСШУСЯ 2018 оныг Багшийн хөгжлийг дэмжих жил болгон зарлаж, багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжлийг хангах жил болгосон. Энэ ажлын үр дүнд ахиц өөрчлөлт гарна гэдэгт бид итгэлтэй байна” гээд “Тэгш хамран сургах, тэгш боломжийг хангасан чанартай боловсрол, бүх нийтийн насан туршдаа суралцах боломжийг дэмжих” боловсролын зорилтыг хэрэгжүүлэхэд Монгол Улс хамтын нийгэмлэгийн гишүүний хувьд онцгой анхаарал хандуулж үүрэг амлалтаа бодит үйл хэрэг болгоход ихээхэн хүчин чармайлт тавин ажиллаж буйг онцлон хэлсэн юм.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top