Хүүхдийн эрхийн тухай конвенц

2018 оны 06 сарын 01

Хүүхдийн эрхийн тухай конвенц гэж юу вэ? 

Хүүхдийн эрхийн тухай конвенц нь хүүхдийн эдлэх эрхүүдийг тунхагласан олон улсын эрхзүйн баримт бичиг бөгөөд тус конвенцид 18 нас хүрээгүй хүн бүрийг "хүүхэд” гэж тодорхойлдог.

Конвенцийг НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1989 оны 11 дүгээр сарын 20-нд баталснаас хойш 193 орон нэгдэн ороод байна. Монгол Улс тус конвенцид 1990 онд нэгдэн орсон.

Тус конвенцийн тогтоосон олон улсын эрхзүйн хэм хэмжээний дагуу хүүхэд бүр ямар ч алагчлалгүйгээр хүүхэд хамгааллын тусламж, үйлчилгээ хүртэж, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдаж, бие хүн болж төлөвших, авъяас, чадвараа бүрэн дүүрэн нээн хөгжүүлэх боломжоор хангагдаж, аз жаргал, хайр энэрэл, ойлголцол бүрдсэн орчинд өсөн торниж, өөрсдийн эрхийн талаар мэдлэг, мэдээлэлтэй байж, эрхээ эдлэх үйл явцдаа идэвхтэй оролцох боломжоор хангагдах зэрэг нөхцлийг бүрдүүлэх үүргийг конвенцийн гишүүн орнууд хүлээсэн.

Хүүхдийн эрхийн тухай конвенцид ямар асуудлууд оруулахыг хэрхэн шийдсэн бэ?

Хүүхдийн эрхийн тухай конвенцийн хэм хэмжээ, заалтуудыг дэлхийн олон улс орны засгийн газрууд, төрийн бус байгууллагууд, хүний эрхийн зүтгэлтнүүд, хуульчид, эрүүл мэндийн мэргэжилтнүүд, боловсрол ба хүүхдийн хөгжлийн мэргэжилтнүүд, шашны зүтгэлтнүүд хамтран 10 гаруй жилийн хугацаанд хэлэлцэн зөвлөлдөж боловсруулсан байдаг. Энэ үйл явцын үр дүнд хүүхдийн хамгаалал, зохистой хөгжилд үзүүлэх соёл, уламжлалын нөлөөг харгалзан үзсэн нийтээр хүлээн зөвшөөрсөн баримт бичиг боловсруулсан. Тус конвенц нь олон улсын эрхзүйн гол гол тогтолцоонуудын үндсэн зарчмуудыг тусгаснаас гадна хөгжиж буй орнуудын онцгой хэрэгцээ шаардлагыг ч харгалзан үзсэн юм.

Хүүхдийн эрхийн тухай конвенц хүүхдийн эрхийг хэрхэн хамгаалдаг вэ?

Хүүхдийн эдлэх ёстой эрхийг хангах чиглэлээр гарч буй ахиц дэвшлийг үнэлэх, үр дүнг харьцуулах нийтлэг хэм хэмжээнүүд  тус конвенцид багтсан байдаг. Конвенцид нэгдэснээр түүнийг зарчим, заалтуудыг мөрдлөг болгохыг хүлээн зөвшөөрсөн улс орнууд үндэсний хууль тогтоомж, бодлого, үйл ажиллагаагаа Конвенцид нийцүүлж, түүний хэм хэмжээг хүүхэд бүрийн амьдралд бодитоор хэрэгжүүлж, хүүхдийн эрхийг зөрчсөн эсвэл эрхээ эдлэхэд нь саад болох аливаа үйлдэл гаргахгүй байх үүрэгтэй. Засгийн газрууд хүүхдийн эрхийг хангах чиглэлээр гаргаж буй ахиц дэвшлийнхээ талаар бие даасан мэргэжилтнүүдээс бүрдсэн Хороонд тогтмол тайлагнана.   

Олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс Конвенцийн хэрэгжилтэд хэрхэн хяналт тавьдаг вэ?

Хүүхдийн эрхийн олон улсын мэргэжилтнүүдээс сонгон бүрдүүлдэг, Женев хотноо хуралддаг Хүүхдийн эрхийн хороо хэмээх бие даасан нэгж Конвенцийн хэрэгжилтийг хянаж, Конвенцид нэгдэн орсон улс орнуудын Засгийн газруудаас хүүхдийн эрхийн байдлын тайлангаа ирүүлэхийг шаарддаг. Тус хороо үндэсний тайлангуудыг хянан үзэж, санал зөвлөмжөө өгөхийн зэрэгцээ хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр тусгай арга хэмжээ авах, мэргэшсэн байгууллагууд байгуулан ажиллуулахыг засгийн газруудад зөвлөмж болгодог.

Хүүхдийн эрхийн тухай конвенцид хүүхдийг өөрөөр буюу шинэлэг байдлаар  харах нь чухам юу байсан бэ?

Конвенц бүх улс орнууд дагаж мөрдвөл зохих нийтлэг хэм хэмжээнүүдийг заасан байдаг. Тэдгээрт хүүхдийг өөрөөр авч үзэх хандлага тусгалаа олсон байдаг.Хүүхэд бол эцэг эхийн өмч биш. Мөн зөвхөн тусламж дэмжлэг авахаас цаашгүй чадваргүй хүмүүс биш. Хүүхэд бол юун түрүүнд бусдын адил хүн, тиймээс өөрийн гэсэн хүний эрхээ эдлэх ёстой. Конвенц хүүхдийг гэр бүл, олон нийтийн бие даасан гишүүн, насандаа тохирсон эрх, үүрэг бүхий  хувь хүн гэдэг талаас нь харах болсон. Хүүхдийн эрхийг ийнхүү хүлээн зөвшөөрөх нь хүүхдийг бүхэлд нь авч үзэх боломж олгосон. Хүүхдийн эрэлт хэрэгцээг тэдний хууль ёсны хүний эрх хэмээн  үзэх болсон. Өмнө нь тусламж, дэмжлэг хүртэгч идэвхгүй бүлэг хэмээн хүүхдийг үздэг байсан бол одоо хүүхэд эрх эдлэгч болсон.

Конвенц юугаараа өвөрмөц вэ?

Хүүхдийн эрхийн тухай конвенц нь дэлхий даяар хүчин төгөлдөр хэрэгжиж, хүүхдийн төлөөх үйлсийн ёс зүйн болон эрхзүйн нийтлэг суурь болж байна. Үүний зэрэгцээ хүүхдийн эрхийг хангах чиглэлээрх ахиц дэвшлийг үнэлж дүгнэх нийтлэг хэм хэмжээг бүрдүүлж байна.  

Конвенци нь:  

· хүүхдийн эрхийг хэрэгжүүлэх, хүүхдийн аж байдлыг хянах чиглэлээр хийсэн анхны албан ёсны үүрэг амлалт байсан;

· хүүхдийн эрх бол хүний эрх гэдгийг тодорхойлж өгсөн. Хүүхдийн эрх нь хүүхдэд олгож буй тусгай эрх биш харин хүн бүрт тэр дундаа хүүхдэд төрөлхөөс заяагдмал үндсэн эрх юм. Хүүхдийн эрхийг хангах нь сонголтоор хийх зүйл биш, эсвэл сайхан сэтгэл, сайн санааны үүднээс хийх зүйл биш. Харин энэ нь бүх нийтээр хүндэтгэн дагах ёстой үүрэг хариуцлага мөн гэдгийг Конвенц тодорхойлсон;

  • хүүхдийн төлөө эсвэл хүүхэдтэй ажилладаг байгууллагууд тэр дундаа төрийн бус байгууллагууд, НҮБ-ын системийн байгууллагуудад ажилдаа баримтлах гарын авлага нь болсон;

  • хүүхэд бүрэн  дүүрэн хөгжихөд бүхий л эрхийг нь хангах хэрэгтэй бөгөөд хүүхэд нэг бүрт чиглэж ажиллах нь чухал гэдгийг бататгаж өгсөн;

  • хүний эрхийг хангахад төр харицулага хүлээх ёстой бөгөөд ил тод байдал, бүх нийтийн хяналт мөн чухал үүрэгтэйг бататгаж өгсөн;

  • хүүхдийн эрхийг хангах олон улсын хамтын тогтолцоонд дэмжлэг болсон. Конвенцийн тайлангуудыг үндэслэн хандивлагч орнууд тусламж шаардлагатай байгаа газруудад тусламжийг чиглүүлж, хүлээн авч буй орнууд мөн тухайн тусламжийг шаардлагатай салбарт нь зарцуулах үүрэг хүлээдэг болсон

  • хүүхдийн амьдралд гэр бүл чухал үүрэгтэйг онцлон тэмдэглэсэн.

Хүүхдийн эрхийн тухай конвенцид хүүхдийг хэрхэн тодорхойлсон байдаг вэ?

Хүүхдийн эрхийн конвенцид 18 нас хүрээгүй хүн бүрийг "хүүхэд” гэж үзнэ хэмээн тодорхойлсон. (Гэхдээ тухайн улс орны хууль тогтоомжид насанд хүрэх насыг 18-аас доош өөрөөр тогтоогоогүй бол энэ заалтыг баримтална.) Зарим  тохиолдолд, жишээ нь хөдөлмөр эрхлэх насны хязгаар, албан боловсрол эзэмших насны хязгаар зэргийгулс орнуудижил тогтоох шаардлагатай байдаг. Насны хязгаар тогтоох шаардлагатай зарим тохиолдолд Конвенц маш тодорхой заавар өгсөн байдаг. Жишээ нь  18 нас  хүрээгүй хүмүүст шоронд бүх насаар нь хорих ял эсвэл цаазаар авах ялыг өгөхийг хориглоно гэх мэтээр тодорхой заасан байдаг.

Хүүхдийн эрхийн тухай конвенцийг хэдэн улс орон соёрхон баталсан бэ?

Хүүхдийн эрхийн тухай конвенцийг 2005 оны 11 дүгээр сарын байдлаар 193 улс соёрхон баталснаар хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн олон улс орон баталсан хүний эрхийн хэлэлцээр болсон. /Эх сурвалж: Монгол улсын Хүний Эрхийн Үндэсний Комисс/

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
энгүүүнзаяа(66.181.161.84) 2023 оны 03 сарын 21

сонирхолтой

1  |  0
жаргалүсайхаха н(66.181.161.56) 2019 оны 11 сарын 22

баө\n

0  |  0
Top