Онгод булангийн учир
Яг хорин жилийнхээ босгон дээр "Зиндаа" сонин маань "Зиндаа" сэтгүүл болон зузаарч таны гар дээр очиж байна. "Зиндаа" сонинд миний бие арав гаруй жил ажиллахдаа уран зохиол, түүх соёлын нүүрийг нь хариуцдаг байлаа. Зохиолч, яруу найрагч гэгдсээр гуч гаруй ном бүтээсэн би бээр энэхүү сэтгүүлийн "Онгод" буланг хариуцах боллоо. Энэ цагийн болоод мартагдаж болшгүй шилдэг зохиолчдын бүтээл, дурсамж хөрөг, шинэ авьяастны шүлэг, өгүүллэг, мөн эссэ болон уран зохиолын төрлүүд манай буланд нийтлэгдэх юм. Зохиолч, найрагчдыг зургаа дахь мэдрэхүйтэй гэлцдэг. Тэрхүү мэдрэхүй бол нэн ховор бүлгээ. Тийм эс байваас хүн бүхэн зохиол, шүлэг бичиж таарна. Золоор бурхан гэгч хүн бүрт тийм мэдрэхүй заяасангүй нь зөв бус уу.
Манай сэтгүүлийн "Онгод" булан шүлэг, өгүүллэг,эссэ, хөрөг, дурсамж бүтээлээр тантай золгосоор байх болно. "Онгод" булангийн учир ийм болой.
Эрэнжидийн Хархүү
МЗЭ-ийн шагналт яруу найрагч, МСНЭ-ийн "ган үзэгтэн" сэтгүүлч
Монголын суут соён гэгээрүүлэгч, бичгийн их хүн, Хөдөлмөрийн баатар Лодонгийн Түдэвийн эрхлэн гаргадаг "Дал" сонины нэрэмжит буланг "Зиндаа" сэтгүүл уламжлал болгон хөтлөн явуулахаар боллоо. Энэхүү буланд эрхлэн гаргагчийн мэдлэг оюун, ухаан бодлоос ундран гарсан шижир мэт үнэн үг, гүн утга, тод агуулга бүхий нийтлэл, өгүүллэгээс сонгон авч нийтлэх болно.
ХУУЛИЙН АМИН СҮНС ҮГЭНД ОРШМОЙ
Монгол Улсын Их Хурал “Хэвлэлийн мэдээллийн эрх чөлөөний тухай” гэсэн нэртэй хуулийг 1998 оны наймдугаар сарын сүүлчээр батлаад мөн түүнийгээ хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоол гарган хамтад нь хэвлэлд нийтлүүлжээ. Уг хууль 4 зүйл 5 хэсэгтэй, тогтоол нь 6 зүйлтэй юм. Хууль нийтдээ (нэр, зүйлийн гарчиг, дугаарыг оролцуулалгүйгээр) 81 үгээр бүтжээ. Үүнээс давхардсан үг 31 байгаа нь бараг гурван үг тутмын нэг давтагдаж орсон ядмагхан үгийн сантай хууль ажээ. Ядаж өнөөгийн жишгээр үг тутамд нэг үг давтагдсан бол арай баялаг хэллэгтэй байхсан. Яагаад үг үсэг тоолоод байна гэвэл аливаа хууль бол үг бүхэндээ тодорхой утга шингээсэн онцгой төрлийн баримт бичиг гэж үздэг нийтэд түгээмэл журам бий. Тийм учраас “хуулийн үг үсгийн амин сүнс” (буквенный дух закона) гэдэг нэр томьёо, ойлголт байдаг. Хоёрдмол утгаар ойлгогдох үгтэй хууль байж болохгүй. Уран зохиолд бол нэг үгнээс хичнээн ч утга “цацарч” болно. Харин хууль гэдэг онцгой баримт бичигт нэг үгнээс олон байтугай хоймсон утга ч гарах учиргүй. Гармагц л тэр “утгаар нь биш” “нөгөө утгаар нь” ашиглаж, гуйвуулж эхэлдэг. Хуульд илүү дутуу үг хэрэглэх нь байтугай ацаг шүд, цэг таслалыг алдаж болдоггүй. Энэ хууль бол зөвхөн хуульд л хамаатай. Нэг таслал байраа олоогүйгээс гэмгүй хүн цаазлагдсан тухай яриа орост байдаг. Юу гэвэл” цаазалж болохгүй, өршөө” (казнить нельзя, миловать) хэмээсэн тушаалыг таслалыг нь нэг үг алгаслаад тавьж орхисноос “цаазал, өршөөж болохгүй” (казнить, нельзя миловать) гэсэн өгүүлбэр болж хөөрхий нэгэн хүн гэмгүй мөртөө толгойгүй болсон гэдэг. Тэгэхлээр хуульд үг үсэг байтугай цэг таслал онцгой үүрэгтэй. Харин “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай” монгол хууль анх монголд төрсөн юм болохоор гадаадад ах, эгч байхгүй их л өнчидсөн бололтой.
Хуулийн нэгдүгээр зүйл: “Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын үндсэн хуульд заасан хүний үзэл…” гэж эхэлжээ. “Монгол Улсын үндсэн хуульд заасан хүн” гэж байдаг бололтой. Тэгвэл “заагаагүй хүн” гэж хэн юм бол гэмээр… Зүй нь “хүний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөний тухайд монгол улсын үндсэн хуулийн заалтыг баталгаажуулах” гэх маягаар найруулсан бол үгс нь байраа олж арай дээр болох байж дээ.
Хуулийн хоёрдугаар зүйлээс манайд хэвлэл мэдээллийн эрх чөлөө байгаа юм байна. Харин тэрийг хязгаарласан хууль л гаргахыг хоригложээ гэж ойлгогдохоор байна. Чухам хэн гаргах түүний нь хэн хориглох нь ч бас тодорхойгүй. Гөрдөж уншвал Улсын Их Хурал батлан гаргахыг хориглох бололтой. Өөрөө өөрийнхөө эрхийг хасах, хязгаарлах нь “бахадмаар” ч юм шиг…
Хуулийн гуравдугаар зүйлийн ёсоор бол “Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь өөрийн нийтэлж, нэвтрүүлж байгаа зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээх” юм байна. Ашгүй хүн (сэтгүүлч) биш хэрэгсэл, өөрөөр хэлбэл тэр дугуй радио, дөрвөлжин телевизор хариуцах юм байна. Тэгэхдээ нэгэнт нэвтрүүлж, нийтэлчихсэн зүйлийнхээ төлөө биш яг “нэвтрүүлж байгаа” үедээ (хуульд тэгж бичсэн) хариуцлага хүлээх юм байна. Яагаад гэвэл хуульд одоо үргэлжилж буй цагийн “нэвтрүүлж байгаа” гэсэн хэлбэрээр зааж өгч шүү дээ. Хэрвээ “нийтлэл, нэвтрүүлгийнхээ төлөө” гээд шууд заачихсан бол ч гарах газаргүй болох байсан даа.
Бас ашгүй, “Төрөөс олон нийтийн мэдээллийн агуулгад хяналт (цензур) тогтоохгүй” гээд хуульчлан алаглачихжээ. Олон нийтийн мэдээлэл гэхээрээ өнөөх “хөдөлмөрчдийн мэдээлэл” гэдэг “матаач” нарын ажил хяналтгүй болж байгаа юм байна. Хяналт гэдэг монгол үгээ цензур гэдэг латин үгээр бөгсий нь тайрч байгаад наалдуулж өгснийг бодоход урьдчилсан хяналтыг хэлж байгаа юм шиг байна. Түүнээс биш ердийн хяналтаа үгүй болгож төр тэгж гол үүргийнхээ нэг далавчийг тайрахгүй байлгүй хэмээн бодтол дараах өгүүлбэр нь “төрөөс хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд нийтлэх, нэвтрүүлэх мэдээлэлд хяналт тавих байгууллага байгуулахгүй бөгөөд ийм хяналтын үйл ажиллагааг санхүүжүүлэхгүй” гэсэн байх юм. Үүнийг “Ардын эрх” үг үсгийн алдаатай нийтэлж орхижээ, янз нь! Түүнээс биш хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нэвтрүүлнэ гэж яривал монгол телевизийн студэд нэвтрэн орохыг хэлдэг байхаа. Харин “мэдээллийн хэрэгслээр” бол юм нэвтрүүлж, дамжуулж бололгүй яахав.
“Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай” хууль гэдгийн маань гол зүйлүүд гэвэл “хориглоно, тогтоохгүй, санхүүжүүлэхгүй” гэсэн үгнүүдээр төгсөж байх бөгөөд цөм л төрд чиглэж ашгүй сэтгүүлчдээс холуур өнгөрсөн заалтуудтай юм байна.
“Төрийн байгууллага өөрийн мэдэлд хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглоно” гэсэн үгээр энэхүү хууль өндөрлөжээ. Төр маань яаж ингэж гараа мухарлаж зүрхлээ вэ? гэж дуу алдмаар! Гэвч байз! “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоол гаргаснаа хуулийнхаа хойноо угсраад нийтлүүлжээ. Тэрийг нь уншсан чинь “Хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглоно” гэсэн хуулиа хуга зөрчихөө тэр тогтоолдоо Улсын Их Хурал тунхаглаад өгчээ. “Хууль, Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар болон хуулиар олгогдсон эрх бүхий байгууллагын нийтээр дагаж мөрдөх шийдвэрийг гагцхүү “Төрийн мэдээлэл” эмхтгэлд албан ёсоор хэвлэн нийтэлж байхаар тогтоосугай” гэж мөнөөхөн тогтоолын хоёрдугаар зүйлд заажээ. “Төрийн мэдээлэл” гэдэг нь мэдээллийн хэрэгсэл биш бололтой. Тэгсэн мөртөө яагаад “мэдээлэл” нэртэй байгаа юм болоо. Энэ бас нэрийг нь андуураад алдаатай биччихсэн бололтой.
“Төрийн мэдээлэл” манай төр засаг, тэр ч байтугай дээр дурдсанаар “Хуулийг олгогдсон эрх бүхий байгууллагын” бүх нийтээр дагаж мөрдөх шийдвэрүүд нийтлэгдэх юм байна. Тэр мөн зузаан ландгар ном болох байх даа. Тэгээд гав ганцаараа мэдээллийн индэр болж монопольчлоод монголын хамгийн олон уншигч хамгийн олон захиалагчтай, тэдний ихэнх нь төсвийн мөнгөөр захиалдаг лут эмхтгэл болох ирээдүйтэй юм байна даа. Төр өөрийн мэдэлд мэдээллийн хэрэгсэлтэй байхыг төр өөрөө хуулиар хориглоод “Төрийн мэдээллээ” хэн нэгнээр гаргуулж байх юм байна.
Мөн тогтоолоор монгол хэлний үгийн сангаас тавь орчим үг таван жилийн хугацаагаар буюу 2004 он хүртэл ашиглалтаас гарч шахагдан хаягдах юм байна гэж сэтгүүлчид “сонслоо”. Юу гэвэл “Ардын эрх”, “Засгийн газрын мэдээ” сонин, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, яам, агентлаг, түүнтэй адилтгах байгууллагын дэргэдэх радио, телевиз, сонин, сэтгүүлийн “Нэрийг таван жилийн хугацаанд дахин ашиглахгүй байхаар тогтоосугай” гэж уул тогтоолын 3 дугаар зүйлд дурджээ. Үүнээс үзвэл хэвлэл мэдээллийн хэрэгслийн нэр, тухайлбал, сонин, сэтгүүл, радио, телевиз гэх мэт үгсийг Монголд ойрын таван жилд хэрэглэхгүй хориглох нь ээ гэж бодогдохоор… Хэрвээ “Ардын эрх”, “Засгийн газрын мэдээ”, “Нүгэл буян”, “Улаанбаатар”, “Жигшүүрт хэрэг”, “Соёмбо”, “Маш нууц” гэхчилэн сонинуудын нэрийг хэлж байгаа бол “Хэвлэл мэдээллийн хэрэгслийн нэрийг” гэх бус “Сонин хэвлэлийн оноосон нэрийг нь” хэмээсэн бол арай дээр байхсандаа. Бүх хүн адилхан “хүн” гэгддэг бөгөөд ялгахын тулд Гончиг, Бат, Болд гэж оноосон нэр өгдөг шиг билээ дээ. Тогтоолоор эх хэлнийхээ үгийн сангаас хэсэг үгийг хугацаа зааж “ашиглалтаас” хасдаг төр засаг байдаг тухай ер нь сонсоогүй юм байна. Тогтоолоор “ашиглахгүй” байхаар “тогтоосныг” харгалзахгүйгээр хүмүүс “Ардын эрх” гэж нэг сайхан сонин байж билээ гээд л өөрийн эрхгүй ярих л болно биз дээ. Тэгэхээр хэргийн утга нэрэндээ биш ажээ. Уул нь дээрх сонин хэвлэлүүдийн оноосон нэрийг ашиглаж сонин сэтгүүл гаргахыг таван жилийн хугацаанд төр засаг хорих гэж бодсон бололтой. Бодол, тогтоол хоёр зөрчихжээ.
Сэтгүүлчдэд шууд хамаатай хууль болохоор үг үсэгчлэн ойлгохыг сэтгүүлчид хүсч байна. Гэтэл үнэндээ ойлгоход бэрхшээлтэй “Нэг л өөр хэл найруулгатай” энэ хууль хэдийгээр 51- хэн үгтэй ч гэсэн үг үсэг, хэл найруулгын хувьд тавин жингийн туухай шиг хүнд бас тэгээд шүүр шанага шиг цоорхой ажээ. Ер нь сүүлийн үеийн хуулиуд иймэрхүү л дүр төрхтэй гарч байгаа нь нийтэд илэрхий шүү дээ.
Үгээ буруу байрлуулсан, нуршин давтсан, давхардуулсан гэхчилэн илэрхий согог болгоныг нь тайлбарлан дурдвал нэлээн урт яриа дэлгэхээс аргагүй болох тул түдгэлзэж ганц баримтаар төлөөлүүлэхэд “өөрийн нийтэлж, нэвтрүүлж байгаа зүйлийнхээ” гэсэн тавхан үг гуравдугаар зүйлд бий. Түүнийг ажиглахад нэгэнт “өөрийн” гээд хамаадуулчихсан бол зүйлийнхээ хэмээн нуршин дахиж хамаадуулах нь илүүц юм. Бас “өөрийн нийтэлж, нэвтрүүлж” гэж тодотгосноос “бусдын нийтэлж, нэвтрүүлж” байгааг яах вэ гэх асуулт ч гарахад үгүйсгэх аргагүй. Энэчлэн яриад байвал тохируулга таараагүй юмаар тун “баян” энэ хууль сэтгүүлчдэд “хувиа бодож, довоо шарлуулах”, “эрх чөлөө” өгч оронд нь төрийн ажилтны нь статусыг 1999 оны нэгдүгээр сарын нэгнээр тасалбар болгон хурааж авах “ мэдэгдэл” болсон байна.
Монгол Улсын нийслэл өөрийн хэвлэл, радио, телевизтэй байх тухай заасан хуулиас эхлээд нэлээн олон хууль, тэр ч байтугай Улсын их хурлын батлан гаргасан хуулиуд “Ардын эрх” сонинд хэвлэгдсэн өдрөөсөө эхлэн мөрдөгдөх тухай хуульчилсан заалт хүчингүй болох юм байна.
“ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА ӨӨРИЙН МЭДЭЛД ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛТЭЙ БАЙХЫГ ХОРИГЛОНО” ГЭСЭН ҮГЭЭР ЭНЭХҮҮ ХУУЛЬ ӨНДӨРЛӨЖЭЭ. ТӨР МААНЬ ЯАЖ ИНГЭЖ ГАРАА МУХАРЛАЖ ЗҮРХЛЭЭ ВЭ? ГЭЖ ДУУ АЛДМААР!
Татан буугдахаар урьдчилан “Бүгд найрамдах уншуулчихсан” сонин хэвлэлүүдээсээ төр засаг өөрөө нэгэнт татгалзчихсан болохоор түүнийг сэтгүүлчдэд өгөх байлгүй гэж горьдох нь гэнэн хэрэг. Нэг “мөлжигч” нөгөөгөөр солигдоно. Сэтгүүлч нарт үзэг, дуу хураагч, зургийн аппарат, бичгийн машинаас өөр хогшил байдаггүй, өөр юманд шунадаг ч үгүй хүмүүс. Жишээ нь шинэ оноос нэрээ хусуулж хэн ч биш болоод татан буугдах “ял” заагдаж хаягдсан” Ардын эрх” гологдсон хүүхэн хэнд хэрэгтэй юм бэ? “Амьгүй албат” цуглуулагч Чичиков манайд олон байгаа гэж үү? Хамт олны нь хүчин чармайлтаар бий болсон хөрөнгө алдар нэр нь өөр хүнд хоол болно гэж үү. Би л лав горьдохгүй юм байлгүй Өөрийг нь голсон төрийг тэр сайн хэлэх болов уу даа.
Эндээ гэж хэлэхэд Америк гаргаж чадаагүй байгаа хуулийг монголчууд санаачилсанд нь баяр хүргэх ёстой. Харин эцэггүй бутач юм болохоор хэнтэй ч адилхан байна гэхэв дээ! Ямар ч байлаа гэсэн монголын сэтгүүлчид рүү монголын төрөөс гараа далайх эрхгүй болгоход хууль чиглэжээ. Том бие хамгаалагч шүү! Гэхдээ ганц тагдгар давжаа хууль сэтгүүлчдийг чөлөөлж чадах уу даа? Морины дөрвөн хөлний гурвыг чөдөрлөдөг бол сэтгүүлч хүн хоёр хөлтэй мөртөө гурван тушаатай байдаг. Тэрний нэг нь төрийн хяналт буюу чөдрийн баруун хаа. Түүнийг төр өөрөө хууль гарган тайлж хаяв. Тэгснээр сэтгүүлч хүн бүрэн эрх чөлөөтэй, хоёр хөл маань тушаагүй болов гэж баярлахад эртдэх болой. Чөдрийн зүүн хааг тайлах ёстой. Тэр нь сэтгүүлчийн өөрөө гүйцэтгэх ажил. Бусдаар мориныхоо чөдрийг авахуулах амархаан. Харин өөрөө өөрийнхөө чөдрийг тайлж хаях маш хүнд, бүр заримынх нь насан туршдаа зүтгээд хийж чаддаггүй өнгөрдөг зүйл. Тэр нь сэтгүүлч хүний сэтгэл санаанд хар багаас нь тогтож бүрэлдсэн “өөрийн хяналт”.
Сэтгүүлч хүний “өөрийн хяналт” гэгч нь “төрийн хяналтаас” ч хатуу байдаг.
-“Ингээд биччихвэл эрхлэгч юу гэх бол?”
-“Ингээд хэлчихвэл дарга юу гэх бол?”
-“Үүнийг мэдээлчихвэл нам засаг юу гэх бол?”
-“Тэрний тухай нийтэлчихвэл хүн юу гэх бол?” гэсэн асуулт сэтгүүлч хүнийг цаг үргэлж зовоож байдаг байсан одоо ч тэр шаналгаа хэвээрээ үргэлжилж байгаагаас болж л хэвлэл мэдээллийн тухай хууль шаардахад хүрсэн бизээ.
“Ингээд биччихье” гэж өөрийгөө ялаад биччихсэн сурвалжлагчийг сонины нь эрхлэгч дуудаад коллегийн хурлаар оруулаад цалингий нь хасаад хаячихна.
“Үүнийг мэдээлэхээс аргагүй” гэж шийдээд нийтэлчихсэн редакцийг намын удирдлага юмуу Засгийн газрын танхим авч хэлэлцээд тогтоол гаргаад зарим сэтгүүлчийг донгодож, заримыг ажлаас нь халж орхино.
Ийм араншинтай нийгэмд олон жил аж төрсөн сэтгүүлчдэд аяндаа оюун ухаанд нь “өөрийн хяналт” тогтож төлөвшөөд сэтгэл санааны нь чөдрийн зүүн хаа болж хувирдгаар барахгүй тэр нь өв уламжлал болдог байна. Шийтгүүлэх, зэмлэл хүлээх, ажлаас халагдах, цалин буурах, тогтоолд заагдах мэтээс айх айдас нь сэтгүүлчийн сэтгэл санааг чөдөрлөж гэм халгүй, мөлгөр цагаан магтаал төдий мэдээ бичдэг хүн болгож хувиргадаг цагийн араншин уул нь давтагдах юмуу өвлөгдөх учиргүй баймаар. Гэвч ерээд оны эхний жилүүдэд “өөрийн хяналтаас” чөлөөлөгдөгдөө юү гэмээр чанга дуугарч байсан нэлээн нэрт сэтгүүлчид одоо ахиад л “өөрийн хяналтын” албанд захирагддагтаа хүрсэн бололтой. Төрийн чөдөрнөөс саллаа ч “өөрийн чөдөрнөөс” чөлөөлөгдөхгүй бол юуны нь чөлөөт сэтгүүлч байх билээ дээ.
“Аймтгай хүн уншаад
Аймаар үнэн байх хэрэгтэй” гэж М.Цэдэндорж гэрээслээд оджээ. Уул нь “айдаггүй хүн ч уншаад Аймаар үнэнийг бичих” тийм зориг төгөлдөр сэтгүүлч л энэ цаг үед хэрэгтэй байна.
Сэтгүүлчийн гурав дахь хяналт буюу чөдрийн суман хөхлийн чагтлаа нь уншигчийнх байдаг. Уншигчид сэтгүүлчийн бичсэн зүйлд тус тусын хяналт тавих эрхтэй. Яагаад гэвэл тэд л сонин хэвлэл, радио, телевизэд хөрөнгө оруулдаг гол хүмүүс. Тэд мөнгөөрөө захиасан сониноосоо өөртөө хэрэгтэй мэдээлэл авах, өгөхийг шаардах бүрэн эрхтэй. Уул нь сэтгүүлчийн хамгийн дээд хяналт бол уншигчийн хяналт байх ёстой. Гэтэл манай сэтгүүлчид түүнийг бараг авч хэлэлцдэггүй. Учир нь уншигчид тэднийг ажлаас халуулж, шийтгүүлж барагтайд чаддаггүйд байлаа. Хааяа нэг илэрхий буруу юм гарвал яригддаг байсан. Одоо зах зээлийн харилцааны үед уул нь уншигч олон өөрсдөдөө ашиггүй дургүй хэвлэлээ захиалахгүй байхад л хэвлэл дампуурч унах ёстой болно. Тэрэн шиг том шийтгэл байхгүй. Уншигчид маань харин манийгаа ийм хэмжээнд хүртэл хэвлэл, мэдээлэлд хяналт шаардлага тавьж сураагүй байгаа үеийг л олонхи сэтгүүлч сүйхээчлэх ажээ. Өнөө үед хэвлэл мэдээлэл сэтгүүлчдээ чөлөөлж болохгүй ганц хяналт бол уншигч, сонсогч, үзэгчдийн хяналт байх ёстой. Төр засгийн хяналтаас сэтгүүлчид гарлаа. Энэ нэг хэрэг. Сэтгүүлч өөрөө өөрийнхөө хяналтаас одоо бага ч билээ хэмжээгээр чөлөөлөгдөх ёстой. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний хууль гарсан нь сэтгүүлч бидний гурван хөхөлт чөдрийн нэг л хөхлийг тайлж өглөө шүү дээ.
1999 он Л.Түдэв
2017-12 сар. “Зиндаа” сэтгүүл №1 /501/
Сэтгэгдэл ( 1 )
Zaya n dutsan mongolchuud tertee 1990 ony anhny ardchilsan eronhijlogchoor ene ih erdem nomtoi hunijg songohgui, ter zangidsan hamryn uzuurtej ”tansagyn” Ovhirbatyg songood, odoo yaaj amidarch bgaagaa neg hardaa