Зүүн Ази судлалын олон улсын 10 дугаар хурлыг МУИС зохион байгуулж байна

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 28

“XXI зууны Зүүн Азийн шинэ чиг хандлага” сэдэвт Зүүн Ази судлалын олон улсын 10 дугаар хурал 2018 оны 8 дугаар сарын 27-29-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болох гэж байна. Тус олон улсын эрдэм шинжилгээний хурлыг МУИС-иас зохион байгуулж, Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам дэмжин оролцож байгаа нь нийгэм хүмүүнлэгийн салбарын чиглэлээр бүс нутгийн судалгааны ажлыг дэмжихэд Монгол Улсын Засгийн газрын зүгээс ихээхэн анхаарал хандуулж байгааг харуулж, хурлыг улам ач холбогдолтой болгож байгаа юм. Хуралд Япон, БНХАУ, ОХУ, БНСУ, Франц, Канад, Финлянд, Швед, Шинэ Зеланд, Итали зэрэг гадаад орны 40 гаруй нэр хүнд бүхий эрдэмтэн судлаач, 30 гаруй дотоодын судлаачид Улаанбаатар хотноо хуран чуулж, нийт таван салбар хуралдаанаар 57 илтгэл хэлэлцүүлж байна. Энэхүү олон улсын эрдэм шинжилгээний хурал нь Зүүн Азийн бүс нутаг дахь Солонгосын хойгийн улс төрийн уур амьсгал эерэгээр өөрчлөгдөж, уг хойгт энх тайвны үйл явц эрчимжиж байгаа, дэлхийн эдийн засгийн шинэ нөхцөл байдал үүсч, дэлхийн худалдааны сөргөлдөөн бий болж эхэлсэн ба Монгол Улсын хөрш орнуудын улс төр, эдийн засгийн байдал хүчирхэгжиж буй үе, БНХАУ-аас дэлхий дахинд тунхагласан “Нэг бүс, нэг зам” санаачилгыг хөгжүүлэхээр чармайж буй үед болж байгаагаараа ихээхэн онцлог бүхий хурал болно. Зүүн Ази судлалын Олон улсын Эрдэм шинжилгээний хурал (ICEAS) 2000 оноос хойш нийт 9 удаа БНХАУ, Тайланд, Вьетнам, ОХУ-д амжилттай хуралдаж, Зүүн Азийн судлалын чиглэлээр дэлхийн хэмжээний мэргэжлийн судлаачдын олон улсын хамтын индэр болсон хурал юм. Эрдэмтэд Зүүн Азийн эдийн засаг, улс төр, нийгэм соёлын асуудлаар хийсэн судалгааны үр дүнгээ уг хурлын үеэр хэлэлцүүлдэг бөгөөд хоёр жил тутамд дэлхийн аль нэгэн их сургуульд цуглан хуралддаг билээ. Уг хурлыг зохион байгуулахад 3 талын байгууллага байнга оролцдог тогтсон уламжлалтай. Байнгын дэмжигч 2 байгууллага болох Осакагийн Эдийн засаг, Хуульзүйн Их сургуулийн Ази судлалын институт, Бээжингийн Их сургуулийн Зүүн Азийн судалгааны төв, гуравдагч байгууллага нь дэлхийн аль нэгэн нэр хүнд бүхий их сургууль зохион байгуулагч сургуулиар сонгогдон, тухайн удаагийн олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулдаг юм.

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top