Засгийн газраас эмч, багш нарын цалин хөлсөийг тодорхой хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Гэвч багш нарт уг шийдвэр нь тэгтлээ таалагдахгүй байна хэмээн мэдэгдэж, илүү нэмэх ёстой гэсэн асуудлыг тавьж эхэллээ. Ирээдүйд эх орныг хөгжүүлэх, чанартай боловсон хүчин бэлтгэх зорилготой ерөнхий боловсролын салбарын Үйлдвэрчний эвлэлийнхэн цалин хөлсийг илүү ихээр нэмэхгүй бол ажил хаяна хэмээн сүрдүүлж байгаа. Тэд өнөөдөр Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа, яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан болон Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир нартай уулзаж, зөвшилцлийн ширээнд суусан юм.
Багш нарын үйлдвэрчний байгууллагаас дөрвөн шаардлага тавьж байгаа бөгөөд урамшуулал хэлбэрээр 56,3 тэрбум төгрөг олгох, төсөвт тодотгол хийж ирэх сарын 1-нээс цалинг 15 хувиар нэм, эцэст нь 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс 50 хувь болгон нэмэгдүүл гэсэн тулган шаардалт тавилаа.
Энэ асуудлаар салбарын сайд Ц.Цогзолмаа тодорхой хариулт өгсөн бөгөөд зөвшилцөл амжилттай болж, ирэх сарын 3-наас ажил хаях асуудлыг түр хойшлуулах, зөвшилцлөө үргэлжлүүлэн, асуудлыг ээлж дараатай авч үзэхээр болов.
Тодруулбал, салбар хариуцсан сайд “Мөнгөн урамшуулал болгон олгох 300 мянган төгрөг төсөвт сууж, ирэх сарын 1-нээс сургуулиудын цалингийн дансанд орно. Засгийн газраас та бүхний тавьсан асуудлыг шийдээд, нэг удаагийн урамшуулал биш харин үндсэн цалин дээр нэмэгдэл хэлбэрээр олгохоор шийдвэрлэсэн. Есдүгээр сарын 1-нээс 15 хувиар нэмэх шаардлагын хариуг Засгийн газрын хуралдаанаар авч хэлэлцээд 8-12,3 хувь нэмэх шийдвэрт хүрснийг мэдэж байгаа. Харин ирэх оноос 50 хувиар нэмэх асуудлыг сайд дангаар шийдэх асуудал биш. Эдийн засгийн хувьд шууд ийм хэмжээгээр нэмэх боломжгүй гэдгийг хэн хүнгүй мэднэ. Тиймээс асуудлаа зөвшилцлийн замаар шийдээд, ирэх он жилүүдэд үе шаттайгаар нэмж явах нь илүү оновчтой” гэсэн байр суурь илэрхийлж, зөвшилцсөн юм. Мөн ажил хаях асуудлыг түр хойшлуулан, ирээдүй болсон хүүхэд багачуудын сурах боловсрох эрхэд халдахгүй байх дээр нэг ойлголтод хүрлээ.
Ингэснээр ирэх сарын 3 буюу хичээлийн шинэ өдөр эхлэхэд ажил хаяхгүй болж байгаа юм. Цаашид асуудлаа харилцан ярилцаж, бодит байдалд тулгуурлан тулгарч буй зүйлээ шийдэж явахаар болж байна.
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )