Боловсролын салбар бизнесийнхний хэтэвчээ түнтийлгэх талбар биш гэв

2018 оны 09 сарын 01

Шинэ хичээлийн жилийн нээлт тохиож, эрдмийн их өргөө инээдээр бялхаж, алдрай бяцхан хүүхдүүд анги танхимаа дүүргэх гэж байна. Боловсролын салбарын хувьд хичээл эхлүүлэх бүх бэлтгэлээ бүрэн хангаад байгаа билээ. Энэ ч утгаараа “2018-2019 оны Хичээлийн шинэ жил” уулзалтыг өчигдөр /2018.08.31/ Хүүхдийн ордонд зохион байгууллаа. Тодруулбал, нийслэлд байх ерөнхий боловсролын сургуулиудын бүх захирал энэхүү уулзалтанд ирсэн бөгөөд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа, Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир, НЗДТГ-ын дарга М.Отгонбаяр болон боловсролын газрынхан оролцсон юм.  

Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш нарын цалин хөлсийг хичээлийн шинэ жилээс эхлэн нэмэгдүүлж, урамшуулал хэлбэрээр олгох 300 мянган төгрөг төсөвт суусан болохыг салбарын сайд онцолж байлаа. Мөн хүүхдийн сурах орчин, чанарт сургууль онцгой анхааран ажиллах ёстой гэдгийг хэлсэн. Түүнчлэн сургууль бүр есдүгээр сардаа багтаан боловсролын салбарт дутагдаж, үгүйлэгдэж буй зүйл, цаашид авах арга хэмжээ, эцэг эхчүүдтэй хамтран ажиллах асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлэхийг даалгав. Ингэснээр намрын чуулганаар өргөн баригдах Боловсролын багц хуульд тулгарч буй зүйлээ хуульчилж, зөв чигт алхах боломж бүрдэх ажээ.

Салбарын сайд Ц.Цогзолмаа “Салбарт тулгарч байгаа томоохон асуудлаа хамтдаа ярьж, зөвшилцөн хэрхэн яаж бэрхшээлээс гарах арга замаа олох нь чухал. Өнгөрсөн хугацаанд явж ирсэн буруу бүхнийг өнөөдрөөс засах ёстой. Миний хувьд салбар хариуцсан цагаасаа л боловсролын салбарыг бизнес, хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх газар гэж боддог нөхөдтэй тэмцэхэд зориулж байна. Барилга, засварын тендер авчихаад ажлаа эхлүүлэхгүй, цаг хугацаанд нь ашиглалтад өгөхгүй байгаа компанитай тэмцэнэ. Үүний цаана ирээдүйн боловсон хүчин бэлтгэх ажил цалгардаж байна. Магадгүй компаниудтай тэмцсэнээр би хар хэрээ мэт харагдах нь гарцаагүй. Гэхдээ эх орны ирээдүй болсон хүүхэд, залуусыг чадварлаг боловсон хүчин, бүтээн байгуулагч болгох ажилд тээг, садаа бологчидтой, салбарыг бизнес хэмээн боддог тэр хэсэгтэй хэзээ ч гар барьж чадахгүй. Боловсролын салбар бизнес, мөнгө олох талбар биш гэдгийг хатуу анхааруулах байна. Та бүхэн ч гэсэн үүнтэй хатуу тэмцэх хэрэгтэй. Үүнээс гадна Боловсролын багц хууль намрын чуулганаар өргөн баригдахаас өмнө сургууль бүр хэлэлцүүлэг өрнүүлж, хуульд юуг хэрхэн тусгаж, алдаагаа засах боломжтой вэ гэдгийг тодорхойлох шаардлагатай байна. Учир нь, эрдэмтэн багш, захирлууд та бүхний санал хамгийн чухал шүү” гэж онцоллоо.

Хүрэлцэн ирсэн захирлууд ч тулгамдсан асуудлаа шийдэж, гарц гаргалгааг тус бүрдээ эрэлхийлэх нь зүйтэй гэдэгтэй санал нэгдсэн юм. Мөн салбарыг бизнесийн нүдээр хардаг, ашиг хонжоо хайгчидтай тууштай тэмцэхээ илэрхийллээ. Ерөнхийдөө Боловсролын салбар нь бизнесийнхний хэтэвчээ түнтийлгэх талбар биш гэдгийг хатуу анхааруулсан нь цаашид хийх томоохон ажлын нэг, ирээдүйг цогцлоох тэр хэсгийн эрх ашгийг хамгаалах хамгийн том зүйл болж байна. 

Ийнхүү сургууль бүр ирэх сард багтаан багш, эцэг, эхийн дунд томоохон хэлэлцүүлэг зохион байгуулж, өргөн баригдах хуульд ямар асуудлаа хэрхэн тусгахаа тодорхойлох л үлдэж байна. 

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.57.94.245) 2018 оны 09 сарын 02

HUNII SETGELIIG ZURH BII BOLGODOG

0  |  0
Hun(103.26.195.242) 2018 оны 09 сарын 02

Neg l ih huraldsan said yum daa. Ungursun jiliin tursh huraldaad l hiih ajlaa todorhoilson gej yariad baisan, ter ni beltgel hural uu? End tend heruulch avgain turhtui yavah ni hiisen geh ajlaas ni iluutei medregdeh......Mongol ulsiin bolovsrol ene yanzaaraa hugjih uu? Said guai uuruu l biznes hiigeed yavdgiig yamniih ni nuhud medeed baih.....

0  |  0
зочин(139.5.219.179) 2018 оны 09 сарын 01

Бизнесийн ашиг байхгүй бол чанарын асуудал шийдэгдэхгүй. Харин бизнесийн ёсзүйн хүрээнд зөв, ойлгомжтой, шударга хийх ёстой.

0  |  0
Top