Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Механик, тээврийн сургуулийн 2018-2019 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагааны үеэр авиацийн чиглэлээр амжилттай суралцаж байгаа зарим оюутанд тэтгэлгийн батламж өнөөдөр гардууллаа.
55 жилтийн түүхтэй тус сургуульд “Нисэх, техникийн механик” нэртэй тэнхим байгуулагдаж “Механик”, “Авионик” гэсэн хоёр ангид 70-аад оюутан суралцаж байгаа юм байна. "Авионик"-ийн анги нь 4 жилийн өмнө байгуулагдаж өнгөрсөн хавар анхны төгсөлтөө хийжээ.
Энэ жил тус сургуульд баклавр, магистр, докторын ангид нийтдээ 2000-аад оюутан суралцаж байгаа.
Сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтийн ажиллагаанд ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн, Хууль эрх зүй, дүрмийн боловсруулалтын газрын дарга П.Ариунболд нар оролцсон юм. ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн энэ үеэр “Бие даасан “Авионик” анги байгуулан дотооддоо нисэхийн салбарын боловсон хүчин бэлтгэж байгааг ИНЕГ-аас дэмжиж, энэ жилээс эхлэн “авианик”-ийн ангид сурч байгаа шилдэг 3 оюутанд тэтгэлэг олгож байхаар боллоо. Түүнчлэн нисэхийн салбарын боловсон хүчин болж бэлтгэгдэх оюутнуудын сурах идэвхи, зүтгэлийг нэмэгдүүлэх зорилгоор тус сургуулийн хичээлийн нэг танхимыг ИНЕГ-ын санхүүжилтээр тохижуулна” гэв.
Дээрх оюутнуудыг сургуулийн захиргаанаас сурлага, олон нийтийн ажилд оролцох байдал, бусад амжилт зэргээр нь сонгон шалгаруулж тодорхойлсон юм.
Сэтгэгдэл ( 0 )