Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар өнөөдөр /2018.09.03/ Хууль сахиулахын их сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцож, багш, сонсогч оюутнуудад эрдмийн баярын мэнд хүргэлээ.
Төрөөс боловсролын хөгжлийн бодлогыг тодорхойлохдоо төрийн өмчийн их, дээд сургуулийн бие даасан байдлыг хангаж, дээд боловсролд хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, хэрэгцээнд баримжаалсан мэргэжилтэн бэлтгэх, стандартад суурилсан чанарын хяналтын бодлого, төлөвлөлтийг нэвтрүүлж, судалгаанд суурилсан их сургуулийг хөгжүүлэх асуудлыг зорилт болгосон.
Шинжлэх ухааны удирдлага, зохион байгуулалтын тогтолцоог олон улсын хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн боловсронгуй болгож, үр дүнд суурилсан санхүүжилтийн системийг нэвтрүүлж, мэдлэгт суурилсан инноваци, технологи, үйлдвэрлэлийг хөгжүүлж, шинжлэх ухааны үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэхээр заасан.
Боловсролын шинэчлэлийн хүрээнд дээд боловсролын тогтолцоо, агуулга, стандартыг байнга шинэчлэн сайжруулж, олон улсад өрсөлдөх чадвартай, олон улсын тэргүүний жишигт нийцсэн их, дээд сургуулиудыг бий болгосны үндсэн дээр улс орны хөгжилд шаардлагатай хүний нөөц, мэдлэг технологийг тасралтгүй нийлүүлэх зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.
Энэхүү өндөр зорилтуудыг ханган биелүүлэхийн тулд Хууль сахиулахын их сургуулийн багш, сонсогч, оюутан, ажилтан бүр шинэ нөхцөл байдал, шинэ зорилтоо ухамсарлан сэтгэлгээ, үйл ажиллагаандаа өөрчлөлт хийж, эрдмийн нэгдмэл хамт олон болон төлөвшиж, ихээхэн хүчин чармайлт гарган хөдөлмөрлөх ёстойг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар онцлон тэмдэглэлээ.
2018-2019 оны хичээлийн жилд тус их сургуулийн бакалаврын сургалтад 400 гаруй сонсогч, оюутан, Хууль сахиулахын Удирдлагын академид 60 гаруй, магистр, доктрын сургалтад 100 гаруй алба хаагч элсэн суралцана. Энэ хичээлийн жилд тус их сургууль өөрийн харъяа ахлах сургуулийг нээж, анхны элсэгчдээ бүртгэж, хичээлийн шинэ жилийн нээлтээ хамтатган хийлээ.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар дараа нь Удирдлагын академийн хичээлийн жилийн нээлтэд оролцож үг хэлэхдээ тус академи нь үндэсний удирдах ажилтан, манлайлагчдыг бэлтгэхэд чухал үүрэгтэй гэдгийг тэмдэглээд, "Монгол Улсын Засгийн газраас гурван тулгуурт хөгжлийн бодлого батлан хэрэгжүүлж байна. Нэг гол тулгуур нь төрийн алба, засаглалын шинэчлэл юм. Энэ хүрээнд төрийн албаны хууль шинэчлэгдэн, шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлж байна.
Удирдлагын академид төрийн албан хаагчдыг давтан сургаж, мэргэшүүлэх салбар сургууль байгуулахаар Засгийн газар шийдвэрлэсэн. Засаглалын шинэчлэл, төрийн албыг бэхжүүлэх, чадавхижуулахад Удирдлагын академийн гүйцэтгэх үүрэг их" гэдгийг онцолж байлаа.
Мөн нийгмийн хөгжлийн шаардлагаас үүдэн Удирдлагын академи нь орчин цагийн удирдахуйн онол арга зүй практикийг эзэмшүүлдэг, түгээн дэлгэрүүлдэг үндэсний хэмжээний төдийгүй олон улсын шаардлагад нийцсэн практик соёлыг түгээн дэлгэрүүлдэг, үйл ажиллагаа нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сургалт судалгаа эрдэм шинжилгээний байгууллага болон хөгжих учиртай гэж ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )