АШУҮИС-ийн багш, ажилчдын цалинг 10-аас доошгүй хувь нэмэгдүүлнэ гэв

Н.Гантуяа | Zindaa.mn
2018 оны 09 сарын 03

АШУҮИС 76 дахь хичээлийн шинэ жилийн нээлтээ өнөөдөр тус сургуулийн Эко цогцолборт хийлээ. “Багшаа дэмжин, Оюутнаа  хөгжүүлэх” жил болгон зарлаж буй тус сургуулийн бүрэлдэхүүн долоо, салбар гурван сургуульд энэ хичээлийн жилд нийт 11.997 оюутан суралцах бөгөөд шинээр 2686 оюутан элсчээ. Түүнчлэн эдгээр сургуульд 960 гаруй багш ажилтан оюутнуудад боловсрол олгох юм байна.

Тус сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилогдоод буй анагаах ухааны доктор, профессор Ж.Цолмон багш, ажилчдад олгодог мөнгөн тэтгэмжийн хэмжээг 20-иос доошгүй хувиар нэмэгдүүлэх, энэ хүрээнд цалин хөлсний бодлогыг шинэчилж, 2019 оны 1 дүгээр сарын 1-ны өдрөөс эхлэн бүх багш, ажилчдын цалинг 10-иас доошгүй хувиар нэмэх шийдвэр гаргаснаа нээлтийн үеэр танилцуулж байв. Мөн оюутны хөгжлийг дэмжих чиглэлд онцгойлон анхаарч, Оюутны хөдөлмөрийн биржийг бий болгох замаар хөдөлмөр эрхлэлтийг дэмжин “Орлоготой оюутан хөтөлбөр”-ийг  хэрэгжүүлэх зорилт тавьсан аж.


Монгол-Японы сургалтын эмнэлгийн тухайд, барилга байгууламжийн ашиглалтад орох хугацаа тодорхой бус шалтгаанаар хойшлогдоод байгаа. Гэсэн ч аль болох богино хугацаанд ашиглалтад оруулахаар зорьж, сургалтын эмнэлгийн урсгал зардал, хөрөнгө оруулалтад шаардлагатай байгаа 40 орчим тэрбум төгрөгийг 2019 оны  улсын төсөвт суулгуулахаар ажиллаж буй талаар Ж.Цолмон онцолж байв. Мөн сургалтын эмнэлгийн хүний нөөцийг бэлтгэх, хөгжүүлэх, чиглэлээр хийж байсан ажлуудыг үргэлжлүүлэн, цаашид хүрсэн түвшнийг бататгах, чанарын шинэ шатанд хүргэх, их сургуулийн эмнэлгийг олон улсын жишгийн дагуу хөгжүүлэхээр төлөвлөж байгаа гэлээ. 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сод-ухаантан(202.126.88.57) 2018 оны 09 сарын 03

Эцсийн арга заль. Мөнгөөр багш нарт тал олох. МАН сөнөтүгэй.

0  |  0
Зочин(182.160.0.171) 2018 оны 09 сарын 03

эвлэрээ юу

0  |  0
Top