МУИС-ийн 76 дах удаагийн хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр болж, МУИС-ийн удирдлагууд, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, ШУТИС-ийн захирал Д.Энхжаргал, БСШУСЯ-ны Дээд боловсролын бодлогын газрын ахлах мэргэжилтэн Д.Баяр, МУИС-ийн ТУЗ-ийн дарга С.Мөнхбат зэрэг зочид төлөөлөгчид оролцсон юм.
Энэ өдөр МУИС-ийн нэрэмжит тэтгэлэг хүртсэн 21 оюутанд тэтгэлгийг гардуулсан бөгөөд шинэ хичээлийн жилийг нээн МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар "Бид та бүхэнд сургалтын таатай орчин, дотооддоо болон олон улсад магадлан итгэмжлүүлсэн сургалтын хөтөлбөрүүд, эх орондоо хийгээд дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэн багш, профессоруудаараа чанартай боловсролыг олгох болно. Харин оюутан та бүхэн өөрийгөө дайчлах, хичээх л үлдэж байна. Та бүхэн ч бас бүс нутгийн, дэлхийн шилдэг оюутнууд байх учиртай" хэмээв. Мөн тус нээлтийн үйл ажиллагаанд урилгаар оролцсон МУИС-ийн ахмад багш, ажилтны нэгдсэн холбооны тэргүүн Ж.Жавзандулам, Академич, хууль зүйн шинжлэх ухааны доктор, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, МУИС-ийн эмерит профессор С.Нарангэрэл, Ардын багш, доктор, профессор Г.Шилагарди, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Ардын багш, доктор, профессор С.Дулам, МУИС-ийн отгон гавьяат багш, доктор, профессор Х.Цоохүү нарт хүндэтгэл үзүүлж дурсгалын зүйл гардуулсан юм.
Хэрэглээний математикийн тэнхимийн зөвлөх, Доктор Профессор гавьяат багш Л.Өвгөн шинээр элсэж буй оюутнууддаа хандан "Өнөөдөр миний бие 60 дахь хичээлийн шинэ жилийн нээлтэндээ оролцож байна. Манай сургуульд элсэж буй шинэхэн оюутнууддаа хандан хэлэхэд бүх сургуулийн хамгийн дээр байдаг, хамгийн чадварлаг багш нартай сургуульд элсэж чадсан энэ завшааныг ашиглан сурахаас өөр зорилго тавихгүй, бүх зүйлээ дайчлан сайн сураарай хэмээн захья" гэлээ.
-Төрийн дээд шагналт Сүхбаатарын одонт их сургууль болсны анхны хичээлийн шинэ жилийг нээж байна-
Монгол Улсын их сургуулийн захирал Я.Төмөрбаатар "МУИС-ын их сургууль хичээлийн шинэ жилийн 76 жилийн нээлтийг хийж байна. Өнгөрсөн хичээлийн жилд МУИС 75 жилийн ойн баяраа тэмдэглэснээрээ онцлог жил болж байна. Мөн өнөөдөр Төрийн дээд шагналт Сүхбаатарын одон их сургууль болсны анхны хичээлийн шинэ жилийг нээж байна. Энэ хичээлийн жилийн гол зорилго нь оюутан нэг бүрийн сургалт судалгааны чанарыг дээшлүүлэх жил болж буйдаа онцлог юм. Энэ жил арванхоёрдугаар анги төгссөн 42 мянган сургачдаас МУИС-д 4000 гаруй хамгийн шилдэг оюутнууд элсэн орсон байгаа юм"
Ийнхүү МУИС-д шинээр элсэн орсон оюутнууд “Оюутны тангараг” өргөж, ЭЕШ-д 800 оноо авч МУИС-д элсэн оролцсон оюутны төлөөлөл хичээлийн жилийн анхны хонхоо цохисноор нээлтийн үйл ажиллагаа өндөрлөлөө.
Б.АМИР
Эх сурвалж: www.ZINDAA.mn
Сэтгэгдэл ( 0 )