2018-2019 оны хичээлийн шинэ жил эхэлж буй энэ өдөр БСШУСЯ болон бусад боловсролын байгууллагууддаа Цэцээ Гүн менежментийн дээд сургуулиас мэндчилгээ дэвшүүлж байна. Төрийн бодлого, дэлхийн жишгийг дагаад Монгол Улсын их дээд боловсролын байгууллагуудад дэлхийн хэмжээний шаардлагуудыг тавьж байна. Үүнтэй зэрэгцэн Цэцээ Гүн менежментийн дээд сургууль нь цаашдын төлөвлөгөө зорилгоо дэлхий нийтэд нийцүүлэн ажиллахаар бэлтгэлээ хангалаа. Дэлхийн эдийн засгийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхахын тулд боловсролоороо үнэлэгдэх, эдийн засгийн орчныг бүрдүүлж ажиллах үүргийг баримтлан ажиллахаар шийдвэрлэлээ. Энэ хичээлийн жил бидний хувьд ихээхэн онцлогтой жил болж байна. Манай сургууль Монголын чадварлаг боловсон хүчинг бэлтгээд өнөөдөр 20 жилийнхээ ойтой золгоод байна. 20 жилийн өмнө манай сургууль төрийн удирдлагын албан байгууллагуудын ажилтан алба хаагчдыг мэргэшүүлэх зорилготой үүсгэн байгуулагдаж байсан билээ. Өдийг хүртэл анх үүсгэн байгуулагдсан чиглэлээ алдалгүй зөвхөн менежментийн чиглэлээр дагнан үйл ажиллагаа явуулсан цор ганц сургууль гэж хэлж болно. Манай сургууль жил бүр төрийн удирдлага буюу нийтийн удирдлага бизнесийн удирдлага, санхүүгийн удирдлага, маркетингийн удирдлага гэсэн үндсэн дөрвөн чиглэлээр элсэлтээ авдаг. 20 жилийн ойн хүрээнд олон төлөвлөөгөөнүүдийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд үр дүнгээ өгч эхэлж байна. Манай сургуулийн гол онцлог нь Япон улстай хамтран олон төсөл, хөтөлбөрүүдийг оюутан залуустаа зориулан хэрэгжүүлэх юм. Тодруулан дурдвал Японы Кюшү мэдээлэл зүйн сургуультай хамтран 2+2 хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Мөн манай сургуулийн таван оюутан Японд улсад суралцах эрхээ олж авсан байна. Өөрөөр хэлбэл Японы их дээд сургуулийн бакалаврын дипломыг Монголын их сургуульд суралцах мөнгөөр олж авах боломж юм. Түүнчлэн 20 жилийн ойн хүрээнд Японы сургалтын агуулгатай ахлах сургуулийг нээсэн төдийгүй Японы алдарт Мэдюкү Кижүкү ахлах сургуультай хамтран Монгол, Японы хос ерөнхий боловсролын гэрчилгээтэй төгсөх боломжийг бүрдүүллээ.
Ийнхүү Цэцээ Гүн менежментийн дээд сургууль Япон улстай хамтран Монголынхоо залууст оюуны томоохон хөрөнгө оруулалт хийж байна. Үүнээс гадна оюутан залуусдаа зориулан “Орлоготой-Оюутан” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм. Үүнд манай сургуулийн хамтран ажилладаг албан байгууллага, үйлчилгээний байгууллагад цагийн ажил хийж өөрсдийн ирээдүйдээ хөрөнгө оруулах боломжийг олгож байгаагаараа давуу талтай билээ. Бид менежментийн ухааныг заадаг сургууль тиймээс бид өөрсдөө менежментийг хийж үзүүлэх хэрэгтэй. Цаашдаа манай сургууль энэ жишгийг үргэлж баримтлан ажиллах болно. Гэхдээ улам төгөлдөршиж, хөгжиж, гадна талаас биш дотоод бүтцээ сайжруулах зорилго тавьж байна. Ингээд нийт их дээд сургуульд элсэж буй оюутнууд тэдний эцэг эх, мөн дээд боловсрол гэлтгүй боловсролын салбарт ажилладаг удирдагч, дарга, ажилтан, алба хаагч, багш сурган хүмүүжлэгч нартаа шинэ хичээлийн жилийг амжилтыг хүсэн ерөөе. Монгол Улсынхаа ирээдүйг боловсролоороо тодорхойлох шинэ үеийн залуусыг бэлтгэхэд манай сургуулийн зүгээс үргэлж бэлэн байх болно.
Баярлалаа
Цэцээ Гүн менежментийн дээд сургуулийн захирал Ганхуягийн Наранбат
Сэтгэгдэл ( 0 )