Дүрсгүй жаал ”Грег Хэффли” эможитой болжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 24

  “Цэнхэр гүзээлзгэнэ” хэвлэлийн газраас эрхлэн гаргадаг “Дүрсгүй жаалын өдрийн тэмдэглэл” цуврал номыг уншигч хүүхэд, багачууд сайн мэдэх билээ.

Шог зураач, зохиолч Жефф Киннигийн уг бүтээл анх 2007 онд уншигчдад хүрсэн цагаасаа л Нью-Йорк Таймсын бестселлерээс 450 хоногийн турш буугаагүй гэдэг. Дэлхийн 60 орчим хэлнээ орчуулагдаж, 200 гаруй сая хувь борлогдсон энэхүү цувралыг 2017 онд Монгол хэлнээ хөрвүүлснээр уншигч хүүхдүүдийн дуртай ном болсон.

Энэхүү цувралд дунд сургуулийн сурагч Грег Хэффли хэмээх жаалхүүгийн тухай өгүүлнэ. Дунд сургуульд өөрөөсөө өндөр, янз бүрийн зан араншинтай, зарим нь бүр сахлаа хусаж эхэлсэн хөвгүүдийн дунд орох нь түүнд хачин санагдаж буй, ид өсөж том болж байгаа тэр л адал явдалт түүхээ Грег өдрийн тэмдэглэлдээ тун хөгжилтэй, зурагт хэлбэрээр өгүүлдэг. Тус цуврал 2010 онд дэлгэцийн уран бүтээл болсноор бүр ч олон хүний хүртээл болжээ.

Тэгвэл дүрсгүй жаалын дүрстэй эможи бүтээгджээ. Өчигдрөөс эхлэн /2018.10.23/ дэлхий даяар ашиглагдаж эхэлсэн эможи нь нойрмог, ууртай, гайхсан, баярласан, дурласан зэрэг олон сэтгэл хөдлөлийг Грег Хэффлигийн дүрсгүй дүр төрхөөр илэрхийлэх юм байна.

Эдгээр эможиг "IOS" үйлдлийн системтэй бүх төрлийн төхөөрөмж  "iTunes"- ээс үнэгүй татаж авах боломжтой бол, андроид үйлдлийн системтэй гар утас, хэрэгслүүд "Google PlayStore"-оос "Sticker-Photo" аппликэйшнийг татаж авснаар ашиглах юм. Түүнчлэн "GIPHY"-д Дүрсгүй жаалын албан ёсны суваг бий болгосон ба Грег Хэффлигийн дүртэй "GIF" болон эможиг Инстаграм, Снэпчатад хэрэглэх бүрэн боломжтой болжээ.

Хөгжилтэй Грег Хэффлигийн түүхийг өгүүлэх “Дүрсгүй жаалын өдрийн тэмдэглэл”-ийн найман цуврал Монголын уншигч хүүхдүүдэд хүрээд буй билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top