ОХУ-д “Монгол судлалын Олон Улсын бага хурал” зохион байгууллаа

2018 оны 11 сарын 04

Оросын Холбооны Улсын Шинжлэх Ухааны Академийн Дорно дахин судлалын 200 жилийн ойн хүрээнд “Монголын соёл, иргэншил Оросын Дорно дахины судлалын өнцгөөс” сэдэвт Олон Улсын эрдэм шинжилгээний бага хурал аравдугаар сарын 27-28 ны өдөр Москва хотноо амжилттай зохиогдлоо.  

Орос, Монгол, Америк Франц улсын монгол судлаач эрдэмтэд оролцсон тус бага хуралд түүх, археологи, соёл болон түүний өнөөгийн нөхцөл байдлын талаар өргөн хүрээг хамарсан 20 гаруй сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүллээ. Арга хэмжээнд Монгол Улсын Шинжлэх Ухааны академийн тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Чулуунбаатар, БСШУСЯ-ны Соёл, урлагийн бодлогын газрын дарга Б.Сэргэлэн, Түүх археологийн хүрээлэнгийн захирал С.Чулуун нар оролцож мэндчилгээ дэвшүүлсэн юм.  

Эрдэм шинжилгээний бага хурлын үеэр домогт хөгжмийн зохиолч Э.Н.Артемьевийн найруулга, Ю.В.Пукаковийн дэглэлт “Тэмүүжин, Өүлэн эх хоёр” хэмээх Чингис хаан балетын бүжгийн хослол тоглогдлоо. Жүжигт Монгол Улсаас Улсын Дуурь, бүжгийн Эрдмийн театрын балетын гоцлооч Б.Баасанхүү, Э.Эрдэнэжаргал нар бүжиглэсэн юм. Монголын Үндэсний агуулга шингэсэн энэхүү балетын цомнолыг ОХУ-ын ШУА-ийн Дорно Дахины Институтийн дэд захирал, доктор, Монголын соёлын элч А.С.Железников бичиж дасгалжуулагч багшаар Монгол Улсын гавьяат жүжигчин Х.Гэрэлчимэг нар ажиллажээ. 

Эх сурвалж: БСШУСЯ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top