“Спорт ба Хөгжил” Улсын зөвлөгөөнийг 2018 оны аравдугаар сарын 18-ний өдөр "Төрийн ордон"д 21 аймаг, Нийслэлийн есөн дүүрэгт биеийн тамир, спортын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төр болон төрийн бус байгууллага, бүх шатны боловсролын байгууллагад биеийн тамир, спортын чиглэлээр ажиллаж буй 450 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй зохион байгууллаа. 

 

Зөвлөгөөнд оролцогчид биеийн тамир, спортын салбарын бүтэц, зохион байгуулалт, бие бялдрын боловсрол, биеийн тамирын ажил үйлчилгээний чанар, хүртээмж, спортын эрдэм шинжилгээ судалгааны хэрэгцээ шаардлага, төр, төрийн бус байгууллагын хамтын ажиллагааны талаар хэлэлцэж хуралдаанд оролцогчдын гаргасан санал болон аймаг, нийслэл, дүүргийн биеийн тамир, спортын газар, хороод удирдамжийн дагуу аймаг орон нутагтаа зохион байгуулсан хэлэлцүүлгээс гарсан санал хүсэлтийг нэгтгэн энэхүү Зөвлөмжийг гаргалаа.
 

“Спорт ба Хөгжил” Улсын IV зөвлөгөөнд оролцогчдоос Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын холбогдох заалтуудыг үндэслэн Монгол Улсын иргэдийг эрүүл чийрэг бие бялдартай, идэвхтэй хөдөлгөөн, спортоор тогтмол хичээллэдэг, амьдралын зөв дадал, зуршилтай байж Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд заасан Монгол хүний дундаж наслалтыг нэмэгдүүлэхэд биеийн тамир, спортын салбар манлайлан ажиллах зорилгыг хангах үүднээс зөвлөгөөнөөс дараах зөвлөмжийг шат шатны төрийн байгууллагуудад илгээж байна.

Нэг. Монгол Улсын Их Хуралд
1.1. Биеийн тамир, спортын дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Улсын төсөв, олон улсын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжаар орчин үеийн шаардлага хангасан спортын цогцолбор барихад шаардагдах хөрөнгө оруулалт, санхүүжилтийг нэмэгдүүлэх;  

Хоёр. Монгол Улсын Ерөнхийлөгчид
2.1. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 53 дугаар зарлигаар улсын хэмжээнд зохион байгуулж буй Хүн амын бие бялдрын түвшин тогтоох сорилын дүн мэдээ, Монгол хүний бие бялдрын хөгжлийн өнөөгийн байдлын талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцүүлэн, бие бялдрын түвшин тогтоох сорилын удирдлага зохион байгуулалтыг боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх,
2.2. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 151 дүгээр зарлигийн дагуу амжилт гаргасан тамирчинд насан туршид нь сар бүрийн урамшуулал олгож буй хэлбэрийг оновчтой, боловсронгуй болгох талаар Засгийн газарт чиглэл хүргүүлэх,

Гурав. Монгол Улсын Засгийн газарт
3.1. Биеийн тамир, спортын салбарын төсвийг орон нутгийн онцлог, газар зүйн байршил, хүн амын тоонд харьцуулан төсөвлөдөг болох, зарцуулалтын үр ашгийг сайжруулах, үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагад шилжүүлэх, төрийн байгууллагын бүтэц тогтолцоог боловсронгуй болгох, чиг үүргийн давхардлыг арилгахад анхаарал хандуулах,
3.2. Биеийн тамир, спортын салбарын санхүүжилтийг нэмэгдүүлэх зорилгоор олон улсын жишгийн дагуу Спортын бооцоот тааврын тухай хуулийг санаачлан боловсруулж УИХ-д өргөн мэдүүлэх;
3.3. Аймаг, Нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарын ажлыг дүгнэхэд оршин суугчид, иргэдийн бие бялдрын үзүүлэлтийн шалгуур үзүүлэлтийг харгалзан үзэж дүгнэдэг тогтолцоог бүрдүүлэх,
3.4. Биеийн тамир, спортын салбарын бүтээн байгуулалт, спортын барилга байгууламжийг улсын төсвийн хөрөнгөөр барих санхүүжилтийг 2-3 жилээр Улсын төсөвт тусгаж, барилгын ажлыг удаашруулахгүй бүтээн байгуулалтыг дуусгахад бодлогын дэмжлэг үзүүлэх,
3.5. Монгол Улсын Засгийн газрын 2016–2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан спортын шинжлэх ухаан, анагаах ухааныг хөгжүүлэх бие даасан бүтэц, тогтолцоог бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлж, бүрэн эрхийн хугацаанд спортын шинжлэх ухаан, эрдэм шинжилгээ, судалгааны төвийг байгуулах,
3.6. Урт хугацаанд тогтмол бэлтгэл, сургуулилт хийж, тэмцээн, наадамд амжилттай оролцож байсан өндөр ур чадвартай тамирчдын тэтгэврээ эрт тогтоолгох асуудлыг судлан шийдвэрлэх;

Дөрөв. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд
4.1. Монгол Улсын Засгийн газраас баталсан “Төвлөрлийг бууруулах талаар төрөөс баримтлах бодлого”-ын хэрэгжилтийн хүрээнд биеийн тамир, спортын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллагын чиг үүрэг, салбарын тогтолцоог шинэчлэн тодорхойлох;
4.2. ЮНЕСКО-оос гаргасан “Бие бялдрын чанартай боловсрол” зөвлөмжид нийцүүлэн, бүх шатны боловсролын байгууллага дахь биеийн тамирын хичээлийн хөтөлбөр агуулгыг шинэчлэн хэрэгжүүлэх,
4.3. Бүх шатны боловсролын байгууллагын биеийн тамирын хичээлийн орчны болон хэрэглэл материалын стандартыг боловсруулан батлуулж, улсын төсвөөс санхүүждэг сургуулиудыг спортын хэрэглэл, материалаар хангах, шаардагдах санхүүжилтийг Улсын төсөвт тусган үе шаттай санхүүжүүлэх,
4.4. Бүх шатны боловсролын байгууллагын биеийн тамирын хичээлийн үнэлгээнд бие бялдрын түвшин тогтоох сорилын дүнг оруулж тооцдог болох, элсэлтийн ерөнхий шалгалтад тусгах асуудлыг судлан шийдвэрлүүлэх,
4.5. Шинээр баригдах боловсролын байгууллагын барилга байгууламжийг заавал биеийн тамир, спортын зориулалтын заал, гаднах талбайтайгаар барих, тэдгээрийг нийтийн хэрэгцээнд ашигладаг болох арга хэмжээг авч хэрэгжүүлэх,
4.6. Биеийн тамир, спортын салбарын шинжлэх ухааны судалгаа, шинжилгээ хийх, шинэ технологи, инновацийг нэвтрүүлэхэд бодлогын дэмжлэг үзүүлэх, хөрөнгө, санхүүжилтийг шийдвэрлэх,
4.7. Гадаад улсын биеийн тамир, спортын их дээд сургуулийн сургалтын шилдэг хөтөлбөрийг дотоодын спортын их дээд сургуулиудад нэвтрүүлэх, 2х2 хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх,
4.8. Бүх шатны боловсролын байгууллагын биеийн тамирын хичээлээс гадуур спортын секц ажиллуулсан ажлын хөлсийг биеийн тамирын багшийн цалин дээр нэмж тооцон олгодог болгох, биеийн тамирын багшийн хөдөлмөрийн нөхцөлд үнэлгээ хийх,
4.9. Аймаг, нийслэл дүүргийн биеийн тамир, спортын газар, хороодод шаардлагатай урсгал засвар үйлчилгээ, тоног төхөөрөмжөөр хангах ажлыг үе шаттай хэрэгжүүлэх,

Тав. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг – Биеийн тамир, спортын газарт
5.1. Бие бялдрын түвшин тогтоох сорилын бие даасан стандартыг боловсруулан батлуулах, хяналтын болон урамшууллын тогтолцоог нэвтрүүлж, сорилын судалгааны үр дүнг нэмэгдүүлэх,
5.2. Спортын төрийн бус байгууллага, хүний нөөцийг чадваржуулахад чиглэсэн үйл ажиллагааг олон улсын спортын байгууллага болон төрийн бус байгууллагатай хамтран зохион байгуулах,
5.3. Улсын хэмжээний тэмцээн, наадмын үйл ажиллагааг санхүүжилт, зохион байгуулах аргачлалыг боловсронгуй болгох, биеийн тамир, спортын салбарын  улсын нийгэм эдийн засагт үзүүлж буй үр ашиг, өгөөжийг тооцох аргачлалыг боловсруулж нэвтрүүлэх,
5.4. Спортын төрөлжсөн сургалттай дунд сургуулийн спортын сургалт дасгалжуулалт явуулах сургалтын стандартыг батлуулах, багшийн ажлын хөлс, сурагчдыг тэмцээн, бэлтгэл сургуулилтад оролцуулах, тамирчин сурагчдын өдрийн хоолны зардлыг тооцох аргачлалыг боловсруулах,
5.5. Шигшээ багт олон жил бэлтгэл, сургуулилт хийсэн шигшээ багийн тамирчдад мэргэжил эзэмшүүлэх, мэргэших, нийгмийн харилцаанд оролцох, нийгэмд салбарын манлайллыг үзүүлэх зорилгоор “Тамирчны замналын дараах хөгжлийн хөтөлбөр”-ийг нийт тамирчид, дасгалжуулагчдын оролцоотой боловсруулан батлуулах,

Зургаа. Бүх шатны Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг дарга нарт
6.1. Биеийн тамир, спортын тухай хуулийн хэрэгжилтийг хангаж орон нутгийн иргэдийн хэрэгцээ шаардлагыг хангасан биеийн тамир, спортыг хөгжүүлэх хөтөлбөрийг 2019 онд багтаан Иргэдийн төлөөлөгчдийн хурлаараа батлуулан хэрэгжүүлэх, 
6.2. Аймаг бүр спортын 8-аас доошгүй төрлөөр өсвөр үеийн шигшээ багийг бүрдүүлэх спортын төрлийг сонгох, тэдгээрийн бүтэц, орон тоог 2019 онд багтаан Засаг даргын захирамжаар батлуулах, шигшээ багийн үйл ажиллагааны хүрээнд аймгийн спортын салбар холбоодын оролцоог хангах,
6.3. Иргэдийн биеийн тамир, спортоор хичээллэх заал, гадна талбай, явган алхалт, аялал, дугуйн замыг нэмэгдүүлэх, нэг хүнд ноогдох биеийн тамир, спортын заал, талбайн хэмжээг нэмэгдүүлэх арга хэмжээг авах;
6.4. Орон нутагтаа биеийн тамир, спортын үйл ажиллагааг өргөжүүлэх, материаллаг баазыг нэмэгдүүлэх, иргэдийн идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх орчинг сайжруулах, аймгийн нийгэм, эдийн засгийг дэмжих зорилгоор Улсын хэмжээний спортын тэмцээн, наадмыг орон нутагтаа зохион байгуулах талаар санаачлага гарган ажиллах, 

Долоо. Өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж байгууллагуудад
7.1. Нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх үүднээс байгууллагын нийт ажилтан, албан хаагчид, тэдгээрийн гэр бүлд чиглэсэн биеийн тамирын ажил үйлчилгээг зохион байгуулж хэвшүүлэх, байгууллагын дотор болон гадна орчинд идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх орчин бүрдүүлэх, манлайлагчдыг урамшуулах ажлыг хийж хэрэгжүүлэх.

 

2018 оны 10 дугаар сарын 18-ний өдөр 

Улаанбаатар хот