Шинжлэх ухааны салбарынхан бүтээж туурвисан ажил үйлээ дүгнэж, алдаа оноогоо цэгнэн ирэх жилийн зорилго зорилтоо тодотгон ярилцдаг уламжлал ёсоороо Монголын Шинжлэх ухааны ажилтны өдрийг 18 дахь жилдээ тэмдэглэж байна. Баярын нэгдсэн арга хэмжээнд БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа мэндчилгээ дэвшүүлснийг түүний зөвлөх С.Ганбат уламжиллаа.
Сайдын мэндчилгээнд, “Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухааны байгууллага үүсч хөгжсөний 97 жил, шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан чин сэтгэлийн мэндчилгээг хувиасаа болон Засгийн газрын нэрийн өмнөөс дэвшүүлье. Манай эрдэмтэд, судлаачид энэ онд бүтээл туурвил, амжилт ололтоор дүүрэн байж, шинжлэх ухааны төдийгүй эх орныхоо хөгжилд дорвитой хувь нэмэр оруулахуйц шинэ шинэ мэдлэгийг бүтээж чадсаныг энэхүү баярын өдөр бахархан тэмдэглэхэд таатай байна. Сүүлийн жилүүдэд Монголын эрдэмтдийн бүтээл гадаад ертөнцөд танигдаж 10 гаруй жилийн дотор гадаадад хэвлүүлж буй бүтээлийн тоо 3.8 дахин өссөн төдийгүй жилийн дундаж өсөлт нь 14 хувь байна. Скопуст бүртгэлтэй мэргэжлийн сэтгүүлүүдэд хэвлүүлж буй бүтээлийн тоогоор Монгол Улс Азийн эхний 20 улсын эгнээнд батаж байгаа нь манай эрдэмтдийн бүтээлээс 33.0 мянган удаа ишлэл хийсэн байна” гэлээ.
Жил бүрийн шинжлэх ухааны ажилтны өдрөөр оны шилдэг бүтээлийн шагналыг олгодог уламжлал ёсоор нэгдсэн арга хэмжээний үеэр шилдгүүдээ шагналаа. Боловсрол, соёл, шинжлэх ухаа, спортын яамны 2018 оны Шинжлэх ухааны шилдэг бүтээлийн тэргүүн байрын эзнээр “Нүүрсний хими ба технологи” бүтээлээр ШУА-ын харьяа Химийн технологийн хүрээлэнгийн доктор /ScD/ Б.Авид, дэд байрт “Баргын түүх угсаатны зүй” бүтээлээр ШУА-ын харьяа Түүх архелогийн хүрээлэнгийн доктор/PhD/, профессор Г.Мягмарсамбуу мөн “Оновчлолын эдийн засаг ба тоглоомын онол дахь хэрэглээ” бүтээлээр МУИС-ийн доктор /ScD/ Р.Энхбат ахлагчтай баг шалгарч шагналаа гардлаа.
Харин гуравдугаар байрт “Гильберт төрлийн операторын оптималзаагийн судалгаа” бүтээлээр МУИС-ийн харьяа Математикийн хүрээлэнгийн доктор /PhD/ Ц.Батболд мөн “Вольтерийн операторын онолын судалгаа” бүтээлээр ШУТИС-ийн доктор /ScD/ Д.Цэдэнбаяр, “Ургамал тарималшуулах судалгаа” бүтээлээр ХААИС-ийн доктор /PhD/ Х.Жамьяандорж, доктор /PhD/ Х.Баярмаа, судлаач Н.Саарал МУИС-ийн доктор /ScD/ Ц.Цэндээхүү нар тус тус шагнагдлаа.
Тусгай байрт “Ойн нэвтэрхий толь” бүтээлээр ШУА-ийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн Эрдэмтдийн баг, мөн ШУТИС-ийн доктор /PhD/ Б.Эрдэнэбат, судлаач Н.Батхүү, судлаач Г.Билгүүн нар “Ой хээрийн түймрийг зайнаас тандан мэдээлэх технологийн шийдэл ВВ-Х1” бүтээлүүд тус тус шалгарч өргөмжлөл мөнгөн шагнал гардлаа.
Шинжлэх ухааны академи болон Дэлхийн хөгжиж буй орнуудын шинжлэх ухааны академийн 2018 оны “Шилдэг залуу судлаач”-ийн шагналаар МУИС-ийн Бизнесийн сургуулийн багш Монгол Улсын Төрийн шагналт, доктор /PhD/ профессор Ч. Алтаннар, болон Шинжлэх ухааны Академийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан доктор /PhD/ Д.Гантулга нар тус тус шагнагдлаа.
Шагналыг БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр, тус яамны Шинжлэх ухаан технологийн бодлогын газрын дарга С.Мөнхбат, Шинжлэх ухааны Академийн ерөнхийлөгч академич Рэгдэл, Шинжлэх ухаан технологийн сангийн захирал Д.Энхжаргал нар гардуулан өгч, баяр хүргэлээ.
Эх сурвалж: БСШУСЯ
Сэтгэгдэл ( 0 )