129 дүгээр цэцэрлэгийн засварын төслийн гэрээнд гарын үсэг зурлаа

Э.Тэргэл | Zindaa.mn
2018 оны 12 сарын 07

Япон Улсын Засгийн газраас хөгжиж буй орнуудын орон нутгийн засаг захиргаа болон боловсрол, эрүүл мэндийн байгууллагуудад түлхүү хэрэгжүүлдэг ‘’Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах’’ хөтөлбөр Баянзүрх дүүрэгт дахин хэрэгжихээр боллоо.

Тодруулбал, өнөөдөр Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаока болон Баянзүрх дүүргийн Засаг дарга Т.Баясах нар уг хөтөлбөрийн хүрээнд хийгдэх Баянзүрх дүүргийн 129 дүгээр цэцэрлэгийн засварын төслийг хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа.

Уг арга хэмжээнд Япон Улсын Элчин сайдын яамны I нарийн бичгийн дарга Мияшита Хиромичи, "Өвсний үндэс" хөтөлбөрийн багийн ахлагч Цүики Мао, дүүргийн Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан Засаг даргын орлогч Б.Наранчулуун, Засаг даргын Тамгын газрын дарга Б.Амартүвшин болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Япон Улсын Засгийн газраас тус хөтөлбөрийг 1990 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд өнгөрсөн онд дүүргийн 87 дугаар сургуулийн дотуур байрны засварын ажлыг амжилттай хийж гүйцэтгэсэн бол энэ жил дүүргийн 129 дүгээр цэцэрлэгийн засварын ажлыг хамтран хийхээр болж гарын үсэг зурлаа.

Эх сурвалж: Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн алба

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top