МАРТ 8 | АРЧААТАЙ эмэгтэй ба АРЧААГҮЙ эмэгтэй

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 08

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу “Мартын 8” өнөөдөр /2019.03.08/ тохиож байна. Баярын өдөрт зориулан Zindaa.mn "МАРТ-8" цувралыг та бүхэнд хүргэж байгаа. Энэ удаа зохиолч, яруу найрагч Л.Өлзийтөгсийн Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулж нийтэлсэн энэхүү нийтлэлийг хүргэж байна. 


Гоё, мундаг, арчаатай хүүхэн гэдэг нь НАСНААСАА залуу харагддаг (ингэхэд наснаасаа залуу харагдаж яах гэж байгаа юм бол ) өвлийн хүйтэн, халтиргаатай өдөр ч өндөр өсгийт өмсдөг, маш мундаг ажил эрхэлдэг, тэр мундаг ажлынхаа хажуугаар йога хүртэл хийдэг, бүх талаараа хүлээн зөвшөөрөгдөж чаддаг хүн бололтой үгийг саяхан уншлаа.

Хэн ч БҮХ ТАЛААРАА хүлээн зөвшөөрөгдөхүйц байдаггүй. Пикассо, Толстой, Эйнштэйн ч түмэн дутагдалтай байсан. Бүх талаараа хүлээн зөвшөөрөгдөх чармайлт бүх талын ДУТУУ үр дүнг авчирдаг.

Олны танил болох, бичсэн номоо үй түм зарах, хүмүүсээс үргэлж ГОЁ сайхан гэдэг магтаал сонсох нь амжилт биш! Хэтэрхий ХИЧЭЭСЭН байдлаас сул дорой сэтгэл л мэдрэгддэг. Дутуугийн мэдрэмж ихсэхээр л хүн юм бүхэн дээр өөрийгөө ХҮЧИЛДЭГ болчихдог шиг билээ. Өөрт нь тохироогүй ажлыг ч шүд зуун хийгээд л, өөрт нь төвөгтэй хувцсыг ч байнга өмсөөд л.

Арчаатай, мундаг, хүчирхэг эмэгтэй гэдэг нь АМЖИЛТАД хүрсэн эмэгтэй биш ээ. Биеэ үргэлж гоё авч явдаг хүүхнүүд ч биш. Гэр бүлийнхээ төлөө, ажлынхаа төлөө өөрийгөө золиослох зоригтой, гадаад байдлаасаа болж гоочлуулахаас эмээдэггүй, нийтийн таашаалд зохицох гэж зовдоггүй, төвшин төлөв зантай, үг хэлээ цэгнэж мэддэг хүүхнийг хэлнэ. Тэднийг л “ямар COOL юм бэ” гэж боддог шүү. Өнөөдөр эмэгтэйчүүдийн ЭРХ-ийн өдөр. Гэр бүлийн хүчирхийлэл, охид хүүхдүүдийг хүчирхийлж буй хэрэг зэрэг зайлшгүй ярих ёстой сэдвүүдээр цөөнгүй хүн үзэл бодлоо илэрхийлж буй учраас (тэдэнд түмэнтээ талархая!) яригдахгүй байгаа зүйлийн тухай бичих гэсэн юм.

ХҮЧИРХИЙЛЭЛ бол өргөн утгатай үг. Бие махбодын хувьд эмэгтэйчүүд, хүүхдүүд эрчүүлийн зүгээс хүртдэг тэр зүйлийг л зөвхөн хэлдэггүй. Эмэгтэйчүүд нэгнээ АРЧААТАЙ АРЧААГҮЙ гэж "ангилах" нь бас ХҮЧИРХИЙЛЭЛ юм. Хүчирхийлэл гэдэг бол АТААРХАЛ. Хүчирхийлэл гэдэг бол ХОРОН ЗАН, ГҮТГЭЛЭГ. Хүчирхийлэл гэдэг бол цуурхал, хов жив. Тийм ээ, ЭМЭГТЭЙЧҮҮД БИД Ч ЭМЭГТЭЙЧҮҮДЭЭ хүчирхийлдэг. Үг яриагаараа! Сонжооч, шооч харцаараа!

Эмэгтэйчүүд бид эмэгтэйчүүдээ төдийгүй өөрсдийгөө ч хүчирхийлдэг. Сайхан харагдахын тулд золиос хэрэгтэй гэдэг үгийг хэчнээн ч уншив даа. “Гоё байхын тулд гоо сайхны эмчилгээний өвдөлтийг ч тэсэх ёстой!!!! (гэх мэт) Ядуу, царай муутай, муухай харагдчих вий гэхээс үхтлээ айдаг нь бидний бас нэгэн ЭРХ чөлөөгүйдэл юм.

Ер нь, бусдын ГАДААД ТӨРХ-ийг ХЭТ анхаардаг хүн л өөрийн гадаад байдалд ХЭТ анхаарах магадлал өндөр. Гэтэл бусдын гадаад байдалд ач холбогдол өгдөггүй хүн өчнөөн олон бий. Жишээлбэл, над мэтийн хүмүүс бол хэт дэгжирхсэн, гадаад байдалдаа дэндүү анхаарсан, ёолкны мод шиг эрчүүд, хүүхнүүдийг огтхон ч хүндэлдэггүй. Хоосон хүн л дүүрэн харагдах гэж их хичээдэг. Хамгийн гол нь, олон юмыг зэрэг хийдэг хүн олон юмыг дутуу хийдгийг анзаарсан уу?

Атаагүй, ХОРОН зангүй (энэ маш чухал!) зөв хүмүүжилтэй хүүхнүүдийг л жинхэнээсээ насанд хүрсэн эмэгтэй гэж хэлнэ. Учир нь ийм эмэгтэйчүүд оюун санааны ХҮЧИРХЭГ дархлаатай төрсөн байдаг. Тэд өөрөөсөө өөр байх гэж хичээдэггүй, ӨӨРТӨӨ АМАР байж чаддаг.

50 настайдаа биеийн жин ямар байгаа нь хүнийг тодорхойлохгүй. Том компани байгуулсан, олон зохиол бичсэн эсвэл ном орчуулсан, алдаршсан энэ тэр бол сүйдтэй юм биш. Харин энэ хүртэлх насандаа ЭМЭГТЭЙ ХҮН та бодлогогүй үг яриагаараа хэдэн хүнийг гомдоосон, хэдэн хүний ариун нэр төр, зүрх сэтгэлд халдсан, хараан зүхсэн бэ гэдэг л таны “ҮЗҮҮЛЭЛТ”. Бид бүгд амны алдас хийдэг л дээ. Гэхдээ энэ тоо бага байх тусмаа амжилт юм. Тодруулбал, НҮГЭЛ бага үйлдэж амьдарсан бол тэр жинхэнэ АМЖИЛТ.

Дашрамд хэлэхэд, эмэгтэйчүүд, хүүхдүүдийг хүчиндсэн эрчүүдийг би үзэн яддаг. Тэднийг буудчихаасай, цаазлаасай гэж бодох нь ч хүртэл бий. Гэвч ХҮЧИРХИЙЛЭЛ-ийг зөвхөн эм хүйстэн хүртдэггүй. Эрчүүд цэрэгт “дэглүүлэн” өрөөл татанхай болж, хөвгүүд гудамжинд зодуулж, лам хөвгүүд хүртэл ариун номын өргөөндөө хүчиндүүлж, аавууд ажил дээрээ дээрэнгүй дарга нарт дарамтлуулан хүчирхийлүүлэх нь бий.

“Мөнгө бага олдог, арчаагүй” гэдэг үгээр ямагт хатгуулдаг эрчүүд ч эхнэртээ тасралтгүй загнуулж, яс янгинтал яншихыг нь (Урианхай зохиолчийн үг шүү!) хүлцэх хэрэг гардаг нь хүчирхийлүүлж буй хэрэг мөн. Хүчирхийлэл мунхаглалаас төрдөг, бүх цаг үед байсан, энэ дэлхийн бүх улс оронд ялгаагүй. Хүний мөн чанартай холбоотой асуудал. Энэ үгийг өргөн утгаар ойлгохын цагт эмэгтэйчүүд бид ч нэгнээ хүчирхийлдгийг анзаарна.

АРЧААТАЙ эмэгтэй та АРЧААГҮЙ эмэгтэй байдаггүйг ойлго! Тухайн хүн юунд БҮХ ЗҮРХ СЭТГЭЛЭЭ зориулчихаад яваагаас л шалтгаалж байгаа. Байнга гоё байх нь байнга зураг зурахаас амархан. “Гялалзаж” харагдах сонирхолгүй, шашинлаг хүүхнийг арчаагүй гэж дүгнэвэл мунхаг явдал болно. Тэгээд ч олон юмыг зэрэг амжуулдаг гоё хүн байхаас САЙН ХҮН байх нь илүү хэцүү. Дотоод хүч ихтэй, жинхэнэ COOL хүүхнүүд бусдад бараг анзараагддаггүй. Тэд юм юмыг амжуулах чадваргүйдээ биш тийм сонирхолгүйдээ л энгийн байдаг. Даруу санагдах гэсэндээ л үнэтэй хувцаснаас татгалзсан юм биш, угаасаа том зорилготой хүнд бусад бүх зүйл жижиг санагддаг болчихдог. Зорилго нь л таашаал нь болоод хувирчихсан хүмүүсийг бид шүүж хүчрэхгүй.

Шүүх гэснээс, ШҮҮМЖЛЭЛТ сэтгэлгээг чухалчлан үздэг цаг ирсэн. Шүүмжлэлт сэтгэлгээ бол хөгжихийн эхлэл. Гэхдээ бусдыг өөрчлөх гэхээсээ өөрийгөө хөгжүүлэхэд илүү хэрэгтэй зүйл юм. Энэ бол олж харсан бүхнээ чанга дуугаар зарлахын, хүмүүсийн алдаа дутагдал бүрийг ИЛЧЛЭХ-ийн нэр биш. Хэн нэгний өөг хараад өөрөө тийм болохгүйн төлөө тэмцэхийг л хэлж байгаа юм.
Эмэгтэйчүүдийн эрхийн өдрийн мэнд хүргэе, охид оо!

 

Л.Өлзийтөгс

Сэтгэгдэл ( 15 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ZOCHIN(66.181.161.30) 2019 оны 12 сарын 27

UURUURUU bh davuu tal ch busdiig hyndleh ni bas l goo saihnii hem hemjeeg bodoltsoh estoi gesen yg.emh tsegtei gadnaasaa bvuul heden hyn ygiig chini sonsoh ve.ham hum navsaigaad goe goe yum baahan esreg tesreg yumiig holij bazaj yarival heden hyn hyleej avah ve

0  |  0
Тотьхон(66.181.183.227) 2019 оны 03 сарын 10

Хүчирхийллийн тухай, тэр тусмаа ”Урианхайн хэлсэн”-тэй ёстой нэг ”Загатнасан газар маажив” гэгчээр санал нэг байна аа! Зөв сэтгэлгээ, хандлагыг ээмэгтэйчүүд бяд л нийгэмд түгээж, үлгэрлэж, төлөвшүүлэхгүй бол хэн тэгэх билээ!

0  |  0
MGI(112.72.11.113) 2019 оны 03 сарын 09

ЗАРИМ ХҮН БУСДАД ТААЛАГДАХЫН ТУЛД МАШ ИХЭЭР ЗОВЖ ТАРЧИЛЖ БАЙГАА ХАРАГДДАГ. АЙМААР ЭРТ БОСНО. ӨДӨР БҮР УСАНД ОРНО. ӨДӨР БҮР ҮСЭЭ ЯНЗЛУУЛНА. ӨДӨР БҮР ӨНДӨР ӨСГИЙТ ӨМСӨНӨ. ӨДӨР БҮР НҮҮРЭЭ ӨӨГҮЙ ТОЛИГОР БАЙЛГАХ ГЭЖ ТОЛИНЫ ӨМНӨ ХЭДЭН ЦАГ ЭРГЭЛДЭНЭ. ӨДӨР БҮР ӨӨР ХУВЦАС ӨМСӨХ ГЭЖ ТЭЛЧИЛНЭ. ӨДӨР БҮР БРЭНДИЙН ЮМ ХЭРЭГЛЭХ ГЭЖ ЗОВНО. ХЭН НЭГЭН НАМАЙГ ӨӨЧЛӨХГҮЙ БАЙГАА ГЭЖ ШАНАЛНА, ӨДӨР БҮР НАРИЙНХЭН ХАРАГДАХ ГЭЖ ТЭМЦЭНЭ. ӨДӨР БҮР ЗӨВ ХООЛЛОХ ГЭЖ ТАРЧИЛНА. ТЭГЭЭД ЭНЭ БҮХНИЙГ ХИЙСЭЭР ӨДӨР ӨНГӨРНӨ. ШӨНӨ БОЛНО. ШӨНӨ Ч УНТАХ ЗАВГҮЙ БОЛНО. ХЭДИЙД НЬ ГЭР БҮЛДЭЭ ЦАГ ГАРГАХ ВЭ. ХЭДИЙД ҮР ХҮҮХДЭЭ БАЯРЛУУЛАХ ВЭ,..

0  |  0
mmm(58.232.240.89) 2019 оны 03 сарын 09

ene bodloo busdad tulgaj bicheih geed yahav ene chin chinii l bodol yum bailgui dee Delhiin say2 busguichuud nasnaasaa zaluu haragddag busguichuuded tsagaahan ataarhdag l bizdee Saihan biee avch yavna gedeg mash ih hodolmor Uuruu neg l er hun shig l busgui bna Medeej busad yarij helj bgaa zuil chin bugd l hun buriin meddeg huchirhiilel gej tom asuudal bna Iim bodol orchin uretei niilehgui bolson uuruu ih hotsorch yavaa nuhur bna daa Geed uuuriin bodsol oortoo zob tgd l hend ch tulgaj bicheed bh hereggui iim zuiliig haha

0  |  0
100 huvi(150.129.143.186) 2019 оны 03 сарын 09

gaihamshigtai ahin dahin unshsaar ... uneheer gaihaltai bichsen bn

0  |  0
unen(150.129.143.186) 2019 оны 03 сарын 09

yag unen.100 huvi sanaa niilj baina

0  |  0
fff(150.129.141.253) 2019 оны 03 сарын 09

za yuv de. ataarhaad uheh gj bga hunii ugni tsugluulga bn kk

0  |  0
сайхан сэтгэл(66.181.191.201) 2019 оны 03 сарын 08

гаднаасаа ч дотроосоо ч яг ижилхэн гялалзаж амьдрах хэрэгтэй . ер нь бол доторх сэтгэлгээ нь хѳгжсѳн хүн гаднаасаа ч гэсэн гоё сайхан харагдаж бусдыг хүндэтгэдэг. гаднаа бохир заваан бна гэдэг нь бусдыг хүндлээгүйн илрэл

0  |  0
хх(43.228.129.28) 2019 оны 03 сарын 08

Санал нэг байна. сайн хүн гэдэг ойлголт дээр манайхан их туулширдаг.. Ихэнхдээ баг зүүж амьраад л яваа харгаддаг.. Заримдаа эргэн тойрныхоо хүмүүсийг ойлгох ухаан хайрлаач гэж бодогдох үе ч бии шүү

0  |  0
АЛД БИЕ(45.117.35.6) 2019 оны 03 сарын 08

АЛДХАН БИЕИЙГ ДОТРООСОО Ч ГАДНААСАА САЙХАН АВЧ ЯВЖ БАЙГАА ХҮН Л АРЧААТАЙ БОЛНОЛДО. гАХАЙ АДИЛ БОЛЧИХСОН БАЙЖ ХЭЛ АМАА ХИЧНЭЭН ХИЧЭЭГЭЭД Ч НЭГ Л БИШЛДЭ ХӨ

0  |  0
Сарнай(64.119.19.208) 2019 оны 03 сарын 08

Бодож явдаг зүйлийг минь яг оноод хэлчихлээ. Баярлалаа. Жинхэнэ зохиолч, сэтгэгч бүсгүй шүү.

0  |  0
Уншигч (66.181.177.180) 2019 оны 03 сарын 08

Тийм шүү. Бусдыг өөрчилж, өөчилөхөөс илүүтэй өөрийгөө өөрчил гэдэг цаг үе. За тэгээд өөрийгөө өөрчил гэхээр гадаад төрх, үүэмжээ өөрчлөх гээд чичирнээ. Ухамсраа, дотоод сэтгэлээ өөрчлөөд ирэхээр гадаад үзэмж аяндаа сайхан болоод явчихна гэдэг үнэн шүү.

0  |  0
Top