Өнөөдөр /2019.03.21/ шүлэг, яруу найрагт шимтэн дурлагсдын баярын өдөр. Бүгд хамгийн дуртай шүлгээ уншиж, яруу найргийн хөгжлийн талаар хэлэлцэн, хамгийн гол нь шүлэг уншаад авдаг мэдрэмжээ хуваалцах өдөр юм.
1999 оноос эхлэн ЮНЕСКО-гоос “Дэлхийн яруу найргийн өдөр”-ийг жил бүрийн гуравдугаар сарын 21-нд тэмдэглэдэг уламжлалтай болсон. Яруу найраг бол улс орон, эх хэлний эрх чөлөөт байдлын хамгийн төгс илэрхийллийн нэг билээ.
Өнөөдрийн #BOOKTELLER зохиолч, яруу найрагч Л.Өлзийтөгсийн "Ганцаардлын дасгал" номоос онцлох 5 шүлгийг хүргэж байна. Бүхий л шүлэг бичдэг, сонирхогч, шимтэн уншигчиддаа баярын мэнд хүргэе. Дэлхийн яруу найргийн өдөрт зориулав.
ИДЭР ЕСИЙН ШҮЛЭГ
Ахиад хавар болвол би гудамжаар нүв нүцгэн явна
Ахиад хавар болвол би орон гэрээсээ оргоно, зугтана
Ахиад хавар болвол би алтан бэлзгээ залгиж орхино
Ахиад хавар болвол би модод бүхэнд нэр өгнө
Ахиад хавар болвол, хавар болохыг ахиад үзвэл
Анхны бороо цонхон дээгүүр гэрэл татуулан урсахыг үзвэл
Ай, амьд хүнд өөр юу хэрэгтэй юм... маргааш нь л би үхнэ!
Ахиад даанч хавар болохгүй нь шиг байна
Цантсан хотын минь цэнхэр тэнгэр
Цагийн зүү ч мөстчихөж!
МӨНХИЙН УСНЫ ДУСАЛ
Хэлбэргүй бороо хэвгүй тэнгэрээс гэнэт л хаялж
Хэн билээ дээ, тэр эмэгтэйн үс цэв цэнхэр болчихсон
Тэнгэрийн хэсгээс хүртсэнээ мэдээ ч үгүй бүсгүй
Тэр гудамжны үзүүрт цэнхэртэн зогссоор л байсан
Одны ч юмуу нарны хэлтэрхийнүүд сүлэлдээд
Онцгой нэгэн бороо болж манай хотоор урссан
Даанч хүмүүс гэртээ ороод нуугдчихсан даа
Давхар давхраар нь хөшгөө татаад хүйт даан сууцгаасан
Харин би ганцаархнаа цонх, салхивчаа дэлгээд
Хаврын тэнүүлч бурхадыг хамаг биеэрээ угтсан
Түүнээс хойш би мөнхийн усны дусал болсон
Түүнээс хойш... шүлэг бичдэгийн минь учир энэ!
МОДДЫН ДЭЭР ЦАС ОРНО
Моддын дээр цас орно
Өнгө нь хувирсан сүүлчийн навчис
Өвдөж байгаа болов уу? Гуниглаж байгаа болов уу?
Аугаа их нам гүм- Цас
Аугаа их амьдрал- Навчис
Аугаа их хүсэл- Намар
Аль алинаас нь би харцаа салгаж чадахгүй нь ээ!
Моддын дээр цас орно
Зүрхнээс минь нэг нэгээрээ одож буй хүмүүсийн төлөө
Навч шиг тасран одож буй тэдний төлөө
Зүйрлэшгүй их шаналсан минь өчигдрийнх, зуных...
Моддын дээр цас орно
Харин одоо цээжинд минь аль хэдийнээ гэрэл.
Хачин нам гүм цас моддын дээр...
“А”
Тасарсан би үсээрээ би ширээн дээр
Танил А үсгийг бичив
Энэ үсгээр ямар үг бүтээж болох вэ?
Аав...
Аюур...
Амьдрал...
Алс...
Буй биеэр минь ямархан нэгэн хайр
Буцлах мэт оргилоод л ирэв
Хамгийн сайхан үгс
Хамгийн эхний үгс
Хайрт минь, би нээлт хийлээ:
Хорвоог эр хүн бодож олжээ!
***
Би цэв цэнхэр өнгөтэй атлаа
Би цэг, цэг, цэг атлаа
Би үүлнээс ч илүү үүл, уснаас ч илүү ус, үл баригдахуй атлаа
Би салхины бие, шувууны нисэлт, өвлийн тэсгим жавар атлаа
Би хязгааргүй хайрын биелэл атлаа
Биеэр минь дүүрэн ертөнц, нүдээр минь дүүрэн тэнгэр атлаа
Цаг хугацаа хаана оршдогийг ганцаархнаа мэддэг атлаа
Цасны ширхэг бүрийг нэрлэж чаддаг атлаа
Гайхамшигт, гүн, нууцлаг амьдралаас айдаггүй мөртлөө
Гараа гарт дүрэхээс буцдаггүй атлаа
Ганцхан чиний өмнө л үл дүрэлзэн, гэрлээ хумьж
Гарт чинь буй сарнайн адил нам гүмхэн юун бөхийнө вэ?
Сэтгэгдэл ( 0 )