#BOOKTELLER: Д.Дамдинжавын “Дотоод тэнгэр” номоос онцлох ТАВАН ШҮЛЭГ

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 17

Тун саяхан сэтгүүлч, яруу найрагч Д.Дамдинжавын  “Гол тоглогч 2”, “Дотоод тэнгэр” номууд нээлтээ хийж, үзэгчдийн гарт хүрсэн.  Долоо хоног тутмын “Толь” сонины эрхлэгч Д.Дамдинжав нь 2006 онд “Бусдын сүм дэх миний эрх чөлөө” нийтлэл, тэмдэглэл, яруу найргийн ном, 2011 онд “Зүрхний хэл” яруу найргийн ном, 2018 онд “Гол тоглогч-1” хөрөг, памфлетийн ном тус тус гаргаж байсан. Энэ удаагийн “Bookteller” буландаа түүний “Дотоод тэнгэр” яруу найргийн номыг онцолж, таван шүлгийг хүргэж байна.


1

АНИР ГҮМХЭН АЖ ТӨРНӨ

Анир гүмхэн аж төрнө

Атаа хорслын нүд олж харахааргүй алс

Алдар хийрхэл хоёрын зэв онохооргүй гүн

Амраг минь ирдэг ганц зөрөгтэй

Аав минь зэмлэдэг ганц зүүдтэй

Анир гүмхэн аж төрнө

 

Анир гүмхэн аж төрнө

Бороонд ил

Болжморт ойр

Борог өвсний чимээг сонсож болохоор буйд

Бодь гөрөөсний дүрийг үзэж болохоор чинад

Бодол гэх ганц чөдөргүй морьтой

Анир гүмхэн аж төрнө

 

Анир гүмхэн аж төрнө

Хүсэл гэх хэдэн цагаан хоньтой

Хясал гэдэг хашаатай

Хайр гэдэг цөөрөмтэй

Атаа хорслын нүд олж харахааргүй алс

Алдар хийрхэл хоёрын зэв онохооргүй гүн

Анир гүмхэн аж төрнө


2

СУУРИН

Эгэл даруухан энэ суурингийн

Эзэд нь эзгүй.

Элсэн хотоос ч илүү уйтгарт дарагдахдаа

Эгээтэй л чулууд нь хэлд орохоос холгүй.

 

Өдөржин модон сандал дээр торойтол сууж байснаа

Үдэш нь  үрэгдэж

Нар өвөртлөөд гэртээ оччихдог хөгшид минь

Үүрд явчихаж.

 

Цахилгаан шонгийн хэдэн цагаан шаазанг

Чулуугаар нүүлгэж

Донгинох дууг нь тас хийтэл хагалах бага нас минь

Дурсамжаа орхиод гүйчихэж.

 

Одоо харин онох ч шаазангүй болж

Өнөөг шонг сүхээр нүдээд ч

Ёнгонохоо больж.

 

Утсан дээр эгнэж суугаад хоор дуулдаг болжморууд

Уйтгараа зууж ирээд сүүдэрт минь унагадаг болж.

Уг нь хэд байсныг тухайн үед тоолчихсон бол

Уйтгараа хэд нь залгиулсныг мэдэх байж.


3

ГУНИГИЙН АМТ

Гуравдугаар сарын цас заам руу урсах

Гуниг гэж яг ийм дагтаршсан шар амттай.

Өнгөрсөн намраас хойш нөөшилсөн дарс

Өнөөдөр сэнхийх шиг эхүүн хурц үнэртэй.

 

Гунигийг ямар ууж сураагүй ч биш дээ

Гурав татахад согтож байна гэж бодох,

Намраас хойш чинэсэн гомдлоо нэг тайлж

Навчны өмнөөс агсам тавьж байна гэж төсөөлөх,

 

Өвөлжин дурсамжийг минь дарсан цасан дороос

Өчигдрийн чиний явсан мөр тодрох,

Гуравдугаар сарын цас заам руу урсах

Гуниг гэж яг ийм дагтаршсан шар амттай.


4

ТОЛГОД

Уулсын орой дээр нь сүүдрээ тусгахад

Удахгүй би ийм өндөр болно гэж толгод лавтай мянган жил бодсон.

Униар будан дунд замхарч, үүл цас хучсан ч

Уулсын тухай мөрөөдлөө орхилгүй дахиад мянган жил болно.

Толгод намхан байх тусмаа

Уул болох хүсэл нь урт насална.


5

***

Зүрх сэтгэлийн минь хариуд

Цэг хатгахдаа чи яасан хэнэггүй юм бэ

Зүгээр л нэг бичсэн өгүүлбэр биш

Зөвхөн чамд хайртай  гэсэн төгсөөгүй өгүүлбэр байсан.

Ямар ч найдваргүй ганц цэгийн оронд

Ядахдаа чи гурван цэг хатгаж болох л байсан...

Ялдам биш энэ хайхрамжгүй цэгийн дараа

Яг ямар өгүүлбэр шинээр бичих ёстой вэ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top