"...Амьд явсан гэж
Шарилын чулуу л үлдэхээс
Амьдарч явсан гэж
Шад мөрүүд үлдэхгүй..." Энэ бол яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очирын "Эрх сэтгэл" номын хамгийн сүүлийн шүлэг дэх шад мөрүүд. Эдгээр мөрүүд эсрэгээрээ биелснийг бид өнөөдөр үзэж байна.
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, “Болор цом” яруу найргийн наадмын эзэн А.Эрдэнэ-Очир өнөөдөр буюу 1972 оны арваннэгдүгээр сарын 15-нд мэндэлсэн юм. Нэрт яруу найрагчийг санан дурсдаг хэн бүхэн энэ өдөр түүний шүлгээр цангана биз ээ.
Энэ удаагийн "Bookteller" буландаа А.Эрдэнэ-Очирын анхны шүлгийн түүвэр болох 1995 онд хэвлүүлсэн "Эрх сэтгэл" номоос онцлох таван шүлгийг хүргэе.
***
Айлчинд цай аялгалдаг
Нэгэн бүтэн шаазан
Үдийн цайны өмнө
Шалан дээр тасхийлээ
Хүүгээ чи бид хоёрын
Хэн нь аашилж
Хэн нь аргадах вэ?
Номын тавиур онгичиж
Юугаа ч эрсийм
Ногоон савтай бэх
Дэвтэр дээр асгажээ
Би шүлгээ сэргээж
Чи гарыг нь угааж дээ
Өөр яахав ээ
Энгэрийнхээ товчоор оролдож
Ээжийгээ харан санаа алдаад
Гэм хийсэн л бололтой
Гилжийгээд зогсжээ
Миний хүү
Чи эхлээд үнсэх үү
Би эхлээд үнсэх үү?!
1993 он
***
Ангир ч юм уу, тогоруу ч юм уу
Тоонон дээгүүр өнгөрнө
Аргалын утаа гогцоорно
Алдаа ч юм уу, оноо ч юм уу
Тотгон доогуур бөгтийнө
Алганы хээ нэмэгдэнэ
Сэтгэл гэгч огторгуй ч юм уу
Уй гуниг нисэн нисэн одно
Сэрүүн намрын сүмэн өвс уйдна
Итгэл гэгч огт оргүй ч юм уу
Учрах хагацахын зөн хаанаас ирнэ
Сүүмэн цээжинд далдан тавилан ойртоно
Хөөрхий муу ижий аав хоёр минь
Хөхөрсөөр гандсаар алсарч одох нь...
Хөрстын бичиг магнайд нь дурайна
Үртэй л хойно ижий аав хоёр минь
Үглэсээр дуулсаар алсарч одох нь...
Үлийн мөр шиг харгуй алсад зурайна
Зай нь давчуухан санагдана
Зүйдэлгүй л баймаар даа, ай хорвоо!
1993 он
ШӨНИЙН ГУНИГЛАН
Шив шинэхэн аз жаргалтай энэ ертөнцөд
Шөнийн дуучин од зайчлан гараа дэрлэж хэвтэнэ
Жүнзтэй дарс шиг мэлтэс мэлтэс саран доор
Жижигхэн цэцэрлигт би согтуу юм шиг дуулна
Элгэн садан анд нөхөд холын холд
Эргэнэ усны говь хүсэл дунд...
Энэ биений минь жаргал алсын алсад
Эх орон минь харин шаналан дунд аа
Надтай өчигдрийн таарсан бүсгүйн нүд
Намайг сормуусандаа хавчуулан олзолсон шөнө
Бургасны мөчрөөс нүцгэн шувуу үргээд
Булбарай ганц өд газарт унана
Эрхлэнгүй тунирхуу юм шиг ийм цагаар
Энэлэнгээ шатаагаад гэгээнд нь би уусна
Элдвийн цэнгэл, хамаагүй жаргалыг орхиж
Элэг зөөллөх шөнийг салхийг залгилна
Эл хульхан аниргүй муу цээжинд
Эрх чөлөө шиг шувуу өндөглөнө
Хоромхон зуур би чимээ анирлан суухад
Хорвоо гэдэг гандан өвс гаслах шиг болно
Жүнзтэй дарс шиг саран доор
Амьдаа зарлан дуулахгүй бол
Жүжгийн тайз шиг амьдрал
Хоосон юм байна шүү
1992 он
ТЭР ҮДЭШ
Үеийн бүсгүйг бэлхүүсээр нь тэвэрч
Үдшийн цэнгээн дээр бүжиг эргэсэн юм
Гэнэ гэнэхэн санаа алдахад нь
Гэнэн хайрын шувуу хацар дээгүүр ниссэн юм
Харуй бүрий болсон саргүй үдшээр тэр
Хань татаад гангар гунгар алхаж билээ
Надаас аятайхан залуу гэрийнх нь ойр хүлээж
Насны нь ханьд би түүнийг хүргэж өгч билээ
1992 он
***
Сар оддын дунд
Долоон бурхан хэвээрээ
Санасны гэрч шүү хонгор минь
Бүргэдийн жигүүр цуцах
Дорнын тэнгэр янзаараа
Бодсоны гэрч шүү амраг минь
Уулзая гэвч чи надад ирэхгүй
Учралын төгөлдөө би ганцаар очихгүй
Уйтгартай
Гэгээ тунарсан үдэш чамайг тэвэрч
Гэзгээр чинь би оролдохгүй
Гунигтай
Дураараа эрх чөлөөтэй явсны
Дурлалын эмгэнэлт жүжиг төгслөө
Баяртай
Инж буурал цэцэг тасдан
Ижий болсон дуулдах юм
Чи жарганаа
Сар жилүүдэд чамаар дутаж
Санаж бодохын зовлондоо дуртай
Би ч бас жарганаа
1993 он
Сэтгэгдэл ( 0 )