Б.Даваадалай: Иргэдийн нэрийн дансан дахь мөнгийг оны эцэст 1 сая төгрөг болгоно

Ж.Сондор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

“Эрдэнэс Монгол” нэгдэл нь уул уурхайн биш хөрөнгийн удирдлагын компани болж, “Чингис хаан үндэсний баялгийн сан” корпораци болсноор төрийн өмчит компаниудад бодлогын зөвлөмж өгөхөөс гадна иргэдийн нэрийн дансанд байгаа мөнгийг арвижуулах ажлыг хийх юм.

“Эрдэнэс Монгол” нэгдлийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай хэлэхдээ “Хуримтлалын санд 1.6 тэрбум ам.доллар байна. Иргэн бүрийн нэрийн дансанд хуримтлагдсан 500.000 төгрөгийг оны эцэст 1.000.000 болгохын төлөө ажиллана. “Үндэсний баялгийн сан”-гийн нэг төрөл болох “Хөгжлийн сан”-г эдийн засгийн эргэлтэд оруулж, олон улсын зах зээлд үнэт цаасжуулан, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, шинэ санхүүгийн хэрэгслүүдийг боловсронгуй болгож гаргаж ирнэ.

Гадаадын хөрөнгө оруулалтыг стратегийн ач холбогдол бүхий төслүүдэд татах, шинэ хөрөнгийн урсгал бий болгох, Үндэсний баялгийн санг зүй зохистой, ил тод, иргэндээ нээлттэйгээр удирдаж, арвижуулах ажлыг хийнэ. Товчхондоо, иргэндээ байгалийн баялгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх шинэчлэл энэ салбарт хийгдэж байгаа юм.

Нэгдлийн харьяанд байгаа компаниудад “Дундын үйлчилгээ” нэвтрүүлнэ. Урьдчилсан байдлаар 7 компаний захиргаа, хэвлэл мэдээллийг “Дундын үйлчилгээ”-нд шилжүүлснээр 96 хүний ажлыг 30 хүн хийх боломж бүрдлээ. Уул уурхайн компаниуд хотод төлөөлөгчийн газартай байх шаардлагагүй.

Шинэчлэлийн суурь нь өөрөө засаглалын асуудал. Энэ чиглэлд Засгийн газраас чиглэл өглөө. ТУЗ-д байгаа мэргэжлийн болон хараат бус гишүүдийн тоог нэмэгдүүлнэ. Дүрэмдээ өөрчлөлт оруулж, засаглалын асуудалд шинэчлэл хийнэ” хэмээлээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top