“Би зургаадугаар сарын 18-нд хуримлах байсан ч энэхүү ажлаас болж хойшлуулсандаа эхнэрээсээ уучлал хүсье”. Хотын шинэ даргын хэлсэн титэм үг. Тэр тусмаа “хүн төвтэй хот болно” гэж хэлсэн дарга хүний үг. Ер нь байна аа, даргын суудлаа гэр бүлээс хойш тавьсан хүн ер нь хотыг хүн төвтэй болгож чадах уу гэдэг эргэлзээтэй. Эргэлзээтэй олон титэм үг урсгасан хотын шинэ даргаас бид юу хүлээх вэ...
Хот дээр одоо нэг парадокс үүслээ. Хотоос нэг ч атугай иргэний сонголтыг төлөөлөөгүй хүн хотыг удирдахаар боллоо. Нөгөөтээгүүр хотын төлөөлөгчидтэй хамтран ажиллах боллоо. Энэ өөрөө түүний өлмийд шигдсэн өргөс байх болно. Хотын төлөөлөгчид наанаа инээж, алга нижигнүүлдэг шигээ бүлэглэлийн дургүйг хүргэвэл хэрхэн тонгорч болдгийг өнгөрсөн жишээ бэлхнээ харуулна. Бас есөн дүүргийн Засаг дарга нар байна. Том даргын үг, үйлдэл таалагдахгүй бол ажлаа хийхгүй хэдэрлэж ч мэднэ. ТҮЦ-ийг буулгахад яалаа даа. Юун түрүүнд эдгээрийнхээ аашийг хэрхэн олохоос түүний даргын ирээдүй шалтгаална.
Халуун тогоо руу үсрээд орсон гэж ярина лээ. Ер нь юу л бол. Үсэрч орсон гэхээс илүү бүлэглэлүүдийн түлхээсээр орсон гэхэд хилсдэхгүй. Удирдах гэж буй хотоо “халуун тогоо” гэж дүгнэх нь ч өөрөө ямар юм. Улс төрийн бүлэглэлээр хоёр хуваагдсан намынхаа нөхдийг хэлээд байна уу, хот бугшсан асуудлуудыг хэлээд байна уу, Туулын хурдны зам тэргүүтэй 24 мега төслөө хэлээд байна уу, бүр эсвэл асуудалдаа дасчхаад сошиал дээр бухимдаж суугаа хотын иргэдээ хэлээд байна уу. Одоохондоо асуулт хэвээр байна. Ямар ч гэсэн “Залуу хүний хувьд биеэ нөөхгүй, сайн ажиллана” гэснээс харвал “халуун тогоондоо” эхлээд дасчхаад ажлаа гялалзуулаад өгнөө л гэсэн байх гэж таая.
"Даргын суудлаа гэр бүлээсээ хойш тавьсан дарга хүн төвтэй хот болгох нь өөрөө эргэлзээтэй"
Хүндээ төвлөрсөн хот болно гэнэ лээ. Хот гэдэг өөрөө олон хүний бөөгнөрөл. Өнгөрсөн хугацаанд хүндээ ээлтэй болох гэж хэрэндээ л чардайлаа. Хүндээ ээлгүй хот болгосон нь намынх нь ах нарын л хольсон бантан шүү дээ. Хотын төлөвлөлт гэдгийг мартаад улс төрийн шагнал болгочихсон. Хөдөөгийн хэт урсгалыг үл тоогоод хэн дуртай нь ир гээд хаалгаа нээсэн. Тэгээд ачааллаа дийлээгүй. Ачааллаа дийлээгүйн төлөөсийг бид замдаа түгжирч, өвөлдөө угаартаж, зундаа уртаар харайж төлж байгаа. Хүндээ төвлөрсөн хот болох нь хоёр жилийн ч ажил биш. Өнөөгийн нөхцөлд хоёр жарны ажил ч байж мэднэ. Арай том ам гарчихлаа гэж харвал энэ үгийг ах нар нь хэлүүлсэн ч байж мэдэх юм.
“Монголын за андгай буй за” гэж хэлнэ лээ. Хуучны монгол хэлээр “андгаар” гэдэг юм. Хэл шинжээчид “андгаар” гэдэг дээр одоог хүртэл нэгдсэн нэг ойлголтод хүрээгүй байна. Гэхдээ одоо манай жишээн дээр хотын шинэ дарга дээр хөрөнгө оруулалттай холбогдоно. Өнгөрсөн хугацаанд хот бонд босгож томоохон төслүүдээ хөдөлгөсөн. Дэд бүтцийн хувьд ойр, хөрөнгө оруулалтын нөхцөл нь хөнгөн учраас урд хөршөө бараадсан нь өмнөх Засаг даргыг онхолдуулах шалтгаан болсон. Ер нь байна аа, “шенген”-ийн орнууд, барууны орнууд манайх руу тоож харахгүй. Хоёр том хөрш маань тоож харвал харна, үгүй бол үгүй. “Гаднын хөрөнгө оруулагч нартаа хэлсэндээ байж чадах юм бол дараа дараагийн төслүүд өөрөө ороод ирнэ” гэж шинэхэн дарга үзэж байгаа. Үүнээс нь харах юм бол “МоЯ” болон “ТуЯ” нарын улдан эсэргүүцээд байдаг төсөл хөтөлбөрүүд анх байгуулсан гэрээнийхээ дагуу үргэлжилнэ гэж харж болно. Тэгэхээр дургүйцдэг хэсгүүд түүнийг удахгүй жадлах нь бараг тодорхой болж байх шиг байна.
Төрх нь залуу ч байгаа байдал нь өмнөх ах нар шигээ нэг ийм даргатай боллоо. Хүнээ л бодсон гоё хоттой болно гэж таая. Гэхдээ алга нижигнүүлсэн намын нөхөд нь л адаг сүүлд нь тонгордог юм даа
Хэлсэн үгнүүдээс нь харвал төрх нь залуу боловч байр байдал нь огт ялгал үгүй нэг даргатай боллоо. Дарга болж тодрохдоо ч өөхөнд ороолгож, хандаг яндартай угтуулсан. Ямарсайндаа МАН-д түүнээс өөр нэр цэвэр хүн үлдээгүй бололтой. Байр байдлыг нь харвал Засгийн газрын БЭТ гэж харж болохоор, крандуулсныг нь харвал нэгдүгээр хүний оролцоотой ч гэж хардахаар шинэ хүн дарга боллоо. Дарга болох амархан. Харин дарга байх хэцүү. Хувийн амьдралаа золин байж энэ суудал дээр ирсэн түүнийг Н.Учралаар шошго хадсан улс бүлэглэл хэрхэх ээ одоо бодож суугаа.

Сэтгэгдэл ( 1 )
гое, үнэнийг бичжээ. харж л байя даа. харахад залуу төрхтэй ч байгаа байдал нь ах нар шигээ ..... ккк