Хот гэдэг утаа, түгжрэл төдий биш

2023 оны 10 сарын 04

Намрын улс төр ширүүхэн эхэлж байна. Ногоон автобусны дуулиан, түгжрэлийн эхлэл, утааны үнэр, угаартаж нас барсан хүмүүсийн эхний мэдээ...Түгжрэл бууруулж нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулахаар оруулж ирсэн ногоон автобусууд шугамдаа гарч чадалгүй шахам “авлига үнэртүүлж”, ард олноо мэхэлсний гор хотын дарга, түгжрэлийн сайд хоёрыг сэнтийгээс нь ховхоллоо.

УИХ-ын гишүүний олбогоо Хотын мэрийн суудлаар сольж, нийслэлийн иргэдийнхээ төлөө чөмгөө дундарч тамираа тасартал зүтгэхээ амлан байж Хангарьд ордонд төвхнөсөн, цар тахлын үеэр ачаалалтай ажиллаж, алжааж ядарч буйгаа тунин тунин мэдэгдсэн, зуны борооноор үерт боогдсон замын дэргэд цагаан комбинезон, усны гуталтай хүрз тулан зогссон зургаараа сошиалын нүүрийг чимсэн Д.Сумъяабазар дарга, түгжрэлийг түлхэн зайлуулж, олныг таг гацаа тэг зогсолтоос “аврах” төлөвлөгөөг тээврийн цагдаагийнхантай газрын зураг дээр байлдааны давшилтын тактик шигээр хэлэлцэн зогссон Ж.Сүхбаатар сайд хоёр нэгэн өдөр ийнхүү сандал суудлаасаа буух учиртай байж. Дараагийн сайд, дарга нарын сураг дуулдаж, нэр ус тодорч эхлээд байна.

Гэхдээ огцорсон дарга, сайд нар толгой бөхийн уучлал гуйгаад өнгөрдөг төдийгөөр хариуцлагаас мултрах биш, учруулсан хохирол хэдий хэр байгааг тооцож зэм сонсох л учиртай.

Дараагийн хотын даргын тухайд их хотын амьдрал, асуудал гэдэг утаа, түгжрэлийг бууруулах тухай үл гүйцэлдэх мөрөөдөл төдийхөн биш гэдгийг санах байлгүй. Инженерийн шугам сүлжээ, халуун, хүйтэн усны шугам, цэвэр, бохир усны суваг, зам, гүүрийн ус зайлуулах хоолой гээд дээр сүндэрлэх барилга байгууламжаасаа илүү нарийн “дотоод хот” бий. Ажлаа өгөхөөр болоод буй Д.Сумъяабазарын хувьд инженерийн шугам сүлжээг анхаарч, нийслэлийн төв хэсгээс засаж шинэчлэх ажлыг хийж эхэлсэн сайн тал байгааг хэлэх нь зүй. Хотыг гоё болгохоос гадна хуучны уран барилгын дурсгалууд, нийслэлийн намтар өгүүлэх түүхэн хэсгүүдийг нураан үгүй хийж газрыг нь зардаг үйлдлийг ч таслах ёстой.

Сураг дуулдаж буйгаар Х.Нямбаатар нь ч бай, өөр хэн нэг улстөрч ч бай, нийслэл хотыг удирдах боллоо гэхэд усан тээвэр, метро, агаарын дүүжин тээвэр зэрэг үл гүйцэлдэх утопи онол ярихын оронд давхар гүүрэн зам тавих, голын голдирол хааж хотыг үерт автуулан сандаргадаг авлигын балаг хорооллуудыг буулгах, Туулын бургасыг хядаж, Богд уулын амыг хааж боож сүндэрлүүлдэг эрх мэдэлтнүүдийн орд харшуудыг нэмүүлэхгүй байх, утаагүй түлшний найрлагыг шалгах, барьцалдуулагч хийгээд шуудайг дотоодын үйлдвэрлэгчдээрээ хийлгэх гээд олон бодит ажил хүлээж буй.  Есхөн сарын дараа болох УИХ-ын сонгууль, дараахан нь залгах орон нутгийн сонгуулиар хотын өнөө өвлийн байдал, дараа зуны үер усны төлөв сонгогчдын ой тойнд үлдэж оноо авахад нэмэр болох учраас хий мөрөөддөггүй, хоосон ярьдаггүй улстөрч л мэрийн суудал, түгжрэлийн сайдын орыг залгах учиртай.

Хэдхэн сарын настай Хот хариуцсан сайд, ганцхан жил болох Хотын даргын суудлыг хэн залгахыг эрх баригчид эрх биш учиртай шийдэх биз ээ.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.88.157) 2023 оны 10 сарын 08

Социализмын үед хотын хүн амыг тодорхой хэмжээнд барьж утаагүй байж, гуу жалга, үерийн аман дээр айл өрх буулгахгүй үерийн аюул гаргахгүй байж дээ,\nАрдчилал гэж хаана амьдрах, хаана буухаа өөрсдөө шийддэг болсоны үр дагавар утаа, үерээр илэрч байна даа

0  |  0
Суганы үс(66.181.161.216) 2023 оны 10 сарын 05

Төрийн алба хэдэн залуусын тоглоом болж, хэн нэг нь ажлаа тууштай хийхийн оронд уйдахаараа өөр ажил хийж үзэх, үнэндээ бол мөнгөтэй газар ажиллахын тулд сайдын албаа орхиж дарга болох гм хөгийн хэдэн банди ард түмний амьдралаар тоглож байна дөө.

0  |  0
Top