Яруу найрагч Ц.Гончиг "Дээврээс дуслах хавар" нэртэй анхны номоо 2013 онд гаргаж байсан. Тэгвэл тун саяхан "Цэцгийн нэртэй сууринд" яруу найргийн түүврээ өлгийджээ.
"Ийнхүү хүлээн авагчийн дотор нь хумсын чинээхэн хүмүүс амьдардаг гэж итгэдэг хүүхэд балчирхан үеэс нь эхлээд дурлаж догдолж, хагацаж шаналж, хатуужин зоригжиж, хань болж, аав болж, хамтдаа ургаж, хааяа битүүхэн гуньж, хөвгүүдийнхээ гэнэн асуултад эрүүлэхдээ ааваа санан нулимс унагах том эр болтол нь хамтдаа торнисон энгүүн, үнэн, элдэв чамирхалгүй, тэгсэн атлаа ганган мэдрэмжтэй шүлгүүд нь таны өмнө байна" гэж орчуулагч, яруу найрагч Б.Баясгалан номын өмнөтгөлд бичжээ.
Энэ удаагийн "Bookteller" буландаа түүний "Цэцгийн нэртэй сууринд" түүврээс онцлох таван шүлгийг хүргэж байна.
***
Гэрэлт дурсамжуудаа амилуулаад
Гэрэлт гудамжнуудаар алхаж явна.
Гэнэн байж, тэнэг байж, чи хөөрхөн байж
Гэнэн тэнэг байхдаа би ч бас хөөрхөн байж.
Хурууны чинь хээг авч үлдсэн
Хуурай навчис уруулд шүргэн байна.
Хувь тавилангийн уран зургийг ингэж
Хүндэтгэл дүүрэн үнсэхэд
Өргүүр шатаар зорчих мэт
Өгсүүр мэдрэмж цээжнээ төрөөд
Өө, хэчнээн сайхан гэрэл гэгээтэй амьдрал вэ?
Өөр хэний дурсамжид би инээмсэглэж байгаа бол?
***
Цаг хугацаа гэж байхгүй.
Чамайгаа би санасан
Намайгаа чи минь хүлээсэн
Сэтгэл л гэж бий.
Одоо, өнгөрсөн, ирээдүй ч гэж үгүй
Он жилүүд гэж байхгүй
Олж харсан, би үнссэн, чи тэвэрсэн
Олон дурсамжид хэзээ гэдэг нь хамаагүй.
Мөч хормууд гэж үгүй
Мөргөлдсөн харцнууд үүрд болж
Шүргэлцсэн хуруунууд мөнх атгалцсан
Орон зайг туулах бидний жимд
Олон жижигхэн мөрнүүд зам нийлээд
Орон гэр лүү минь хамтдаа алхах болсон.
Хайрт минь
Энэ шүлгээс цаашаа
Урт, богино зүүнүүд эргэлдэхгүй
Урьд эртийн цагт гэж
Үлгэр эхлэхгүй ээ.
***
Хумсын чинээхэн хүмүүсийг олох гэж
Хүлээн авагчаа эвдэж үзсэн
Азгүй тэр өдрөөс эхлээд
Амьдрал намайг дандаа хуурсан
Уулнаас өндөр уултай таарах болсон
Уснаас их устай учрах болсон
Үүлс уснаас үүсдэггүй гэсэн
Үнэн бүхнийг минь худлаа болгосон
Хамгийн хачин нь сарыг гэрэлтдэггүй
Нарыг байрнаасаа хөдөлдөггүй гэсэн
Үзтэл нүдний өмнө илхэн тэр зүйлс
Үнэн байхаа болих тусам би хүн болсон.
Толгой эргэхгүй байгаа болохоор
Дэлхий эргэдэггүй гэж хүү минь баталдаг
Толины араар дүү нь дандаа тэмтэрч үздэг
Том болсон ч гэсэн
Энэ бүхэндээ битгий эргэлзээрэй!
Цайран толины өмнө зогсоод
Цаагуур нь гараа явуулахад
Торох юм үгүй хоосон байгаа нь
Тойрч болдоггүй амьдрал юм.
Ийм хоосон зүйлсийг зөвхөн
Итгэл чинь л дүүргэж чадна гэдэгт
Голдоо ортол аав нь итгэдэг
Гол нь л итгэл юм.
***
Нарийхан гэрлийн утсан дээр
Хуучин бороо дахин төрөөд, ахин үхэх
Наймдугаар сарын
Манант үдшүүд...
Магадгүй
Магадгүй гэж хэчнээн бодовч
Маргаашийн тухай ямар ч
Шинэ төсөөлөл алга.
Яг одоо л чи энэ
Эл хулийг туучин ирээд
Явган хайсан дахь жимсний модноос минь
Намрын ойг амтлаасай.
***
Үүлс, асгарах уулс, зэврүүн гудамж
Өнөөдөр, энэ саарал өнгө хоёрыг ээ.
Захаа босгож, гараа халааслаад
Зөрөх хүмүүсийн нүдэнд
Жаахан ч гэсэн дурсамж асаах сан.
Хонгор минь
Энэ жижигхэн хотоор нэг
Хөшөө мэт хүмүүсийн
Хоосон цээжинд
Хонх цохих сон.
Эсвэл зүгээр л хуанлийн хуудсыг урж орхиод
Саарал өнгийг нь ч болов
Эндээс зүгээр л арилгаж орхих сон.
Сэтгэгдэл ( 0 )