Монгол Улсад нийт 46 хилийн боомт байдгаас ОХУ-тай хиллэдэг 29, БНХАУ-тай хиллэдэг 13, агаарын дөрвөн боомт байна.
Харин олон улсын байнгын ажиллагаатай, тэр дундаа авто болон төмөр замаар холбогдсон, стратегийн онцгой ач холбогдолтой боомт бол Замын-Үүд-Эрээний боомт юм.
Тус боомтоор Монгол Улсын нийт зорчигчдын 40 гаруй хувь, суудлын тээврийн хэрэгслийн 76 хувь нь нэвтэрч, импортын барааны 80 орчим хувийг хүлээн авч, улсын төсвийн 26 хувь буюу 1.8 их наяд төгрөгийг бүрдүүлдэг.
Тиймээс Гаалийн байгууллага Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, хүн амын эрүүл мэнд, удмын санг хамгаалах тусгайлсан чиг үүргийнхээ дагуу хяналт шалгалтыг сайжруулах үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж байна.

Тухайлбал, өнгөрөгч оноос эхлэн Замын-Үүд боомтын гаалийн хяналтын бүсэд ОХУ-ын үйлдвэрийн ISB-A загварын ачааны автомашин, чингэлэг шалгах өндөр хүчин чадалтай рентген төхөөрөмж ашиглаж эхэлжээ.
Энэхүү төхөөрөмж нь жолооч болон шалгагч нарын эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, рентген туяаны аюулгүй байдлыг бүрэн хангасан орчин үеийн дэвшилтэт технологи бөгөөд уг төхөөрөмжийг ашиглаж эхэлснээр ачааны автомашиныг нэвтрүүлэх болон хяналт шалгалтад зарцуулах хугацааг эрс багассанаас гадна хууль бус бараа бүтээгдэхүүний илрүүлэлт нэмэгдсэн үр дүнтэй байна.
Хамгийн сүүлийн жишээг дурдвал өнгөрөгч долоо хоногт Замын-Үүд боомтоор “Буман хаус” ХХК нь “Өег” гэх дардастай 100 хайрцаг буюу 36 мянган ширхэг өндөг хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг гаалийн байгууллага илрүүлэн, таслан зогсоосон байна.
.png)
Манай улс Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлага дор хэрэгжиж буй “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт” үндэсний хөдөлгөөн, “Атрын 4 дүгээр аян” зэрэг хүнсний хангамжийг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд өндөгний 80 гаруй хувийг дотоодоосоо хангадаг.
Харин импортоор ОХУ-аас Алтанбулаг, Боршоо, Цагааннуур зэрэг боомтоор өндөг импортолдог бөгөөд БНХАУ-аас өндөг импортлох нь хууль бус гэдгийг албаныхан онцолж байна.
Энэ талаар Замын-Үүд дэх гаалийн газрын улсын байцаагч Б.Хэнтий “Хяналт шалгалтын хүрээнд “Буман хаус” ХХК-ийн ачааг шалгахад “Өег” гэх бичиглэлтэй 100 хайрцаг өндөг, 90 хайрцаг вино, 640 литр химийн бодис нийт 294 хайрцаг шар айраг зэрэг зөрчилтэй хууль бус бараа илэрсэн” гэсэн юм.
Тиймээс дээрх хэргийг шалгуулахаар холбогдох хууль хяналтын байгууллагад шилжүүлжээ.

Түүнчлэн гаалийн байгууллага хүнсний аюулгүй байдлыг хангуулах чиглэлд холбогдох арга хэмжээг тогтмол авч хэрэгжүүлж байгаа ба тус боомтоор өдөртөө 650-750 ачааны автомашин нэвтэрч байгаагаас хүнсний бүтээгдэхүүний 150 орчим дээж авч Замын-Үүд дэх Гаалийн газрын дэргэдэх Хүнсний салбар лабораторид шинжилж байна.
Тус лаборатори нь 2024 оноос хойш шинэчлэгдсэн тоног төхөөрөмжөөр хүчин чадлаа нэмэгдүүлж, хилээр нэвтэрч буй хүнсний аюулгүй байдлыг хангах үндсэн үүргийг гүйцэтгэж байгаа. Гэсэн хэдий ч өнөөдрийн байдлаар ердөө гурван хүнсний шинжээч хэт өндөр ачаалалтай, илүү цагаар ажиллаж байгаа нь нэн түрүүнд шийдвэрлэх тулгамдсан асуудал болоод байна.

Сэтгэгдэл ( 0 )