Замын-Үүд боомт түр горимоор ажиллаж байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 09 сарын 03

Дорноговь аймгийн Замын-Үүд боомтын шинэчлэлийн ажил эхэлж байгаатай холбогдуулан энэ сарын 01-ний өдрөөс боомтын үйл ажиллагааг нэг жилийн хугацаагаар түр горимд шилжүүлэн ажиллаж байна. Түр горимд хил, гааль, мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагаа хэвийн явагдах бөгөөд суудлын болон УАЗ автомашинаар зорчигчид хуучин боомтын баруун хойд талд байрлах Замын-Үүд чөлөөт бүсийн зам талбайгаар нэвтэрнэ. Ачаа тээврийн хэрэгслүүдийн хувьд хуучин маршрутад өөрчлөлт орохгүй аж.

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Гаалийн шинэчлэл”-ийн хүрээнд Замын-Үүд боомтыг олон улсын жишигт нийцүүлэн шинээр барих, хүчин чадлыг нэмэгдүүлэхээр бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн бөгөөд зорчигч тээврийн 30, ачаа тээврийн 28 барилга, дэд бүтэц, ногоон байгууламж баригдана. Түүнчлэн шуурхай удирдлагын төвтэй холбогдсон орчин үеийн теле хяналтын систем бүхий тээврийн хэрэгслийг автоматаар бүртгэх ухаалаг гарцууд болон өндөр хүчин чадлын рентген, тоног төхөөрөмжүүд суурилагдана. Боомтын барилга угсралтын ажил 2020 оны аравдугаар сард дуусахаар төлөвлөжээ.

Замын-Үүд боомтыг шинэчилж, өргөтгөснөөр нийт талбай найм дахин, өдөрт нэвтрэх зорчигчийн тоо дөрөв дахин, том оврын ачаа тээврийн хэрэгслийн тоо гурав дахин, суудлын тээврийн хэрэгслийн тоо долоо дахин нэмэгдэж зорчигч, тээврийн хэрэгсэл хилийн боомтоор түргэн шуурхай нэвтрэн, ая тухтай үйлчлүүлэх боломж бүрдэж Монгол Улсын гадаад худалдаа, эдийн засгийн хөгжилд томоохон нөлөө үзүүлэх юм хэмээн Гаалийн ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top