Дорноговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга С.Түмэнбаяртай ярилцлаа.
-Та бүхний бүрэн эрхийн хугацаа дуусах дөхөж байна. Өнгөрөгч дөрвөн жилд хийж хэрэгжүүлсэн ажил, зорилго тань биеллээ олов уу?
-Тэгэхээр мэдээлэл өгөх зорилгоор арай эртнээс яриагаа эхлүүлье. Би Иргэдийн төлөөлөгчдийн хуралд 2004 оноос хойш төлөөлөгч, Тэргүүлэгчээр ажиллаж, үүний зэрэгцээ төмөр замынхаа ажлыг хийж байсан. Манай аймагт 2008-2012 онд АН олонх байсан учраас би найман жил цөөнхийн бүлгийн даргаар ажилласан. Сөрөг хүчний хувьд ил тод байдлыг эрхэмлэх, сахилга хариуцлагатай байх гээд олон тал дээр хурлын нүд чих нь болж ажилласан гэж болно. Тухайн үеэс хуралдааныг телевизээр шууд дамжуулан үзүүлдэг байсан нь нүдээ олсон зүйл. Аймгийн Иргэдийн хурал нь сумын Иргэдийн хурлыг шууд удирддаггүй, тэдний гаргасан шийдвэрийг хүчингүй болгодоггүй, даргыг нь ч томилдоггүй онцлогтой. Сөрөг хүчний бүлгийн даргаар найман жил ажиллахдаа удирдлагуудын гаргах гэж байсан алдаатай хэд хэдэн шийдвэрийг засаж залруулж, тэднийг аварч байсан удаатай.
-Таны хувьд 2016 онд Иргэдийн хурлын даргаар сонгогдон ажиллаж байгаа хүн. Тэгэхээр төлөөлөгч, тэргүүлэгч, сөрөг хүчний бүлгийн даргаар гээд олон жил ажилласан туршлага учраас ажил өөрөөр эхэлсэн байх?
-Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар сонгогдоод юуны өмнө сумдаар явж, хурлын үйл ажиллагаа, бусад зүйлтэй танилцлаа. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн ажлыг ч хамтатган явуулсан. Энэ салбарт санхүү байдаггүй болохоор ажил нь явдаггүй юм байна. Сумдад Иргэдийн хурлын дарга, Хурлын нарийн бичгийн дарга гэсэн хоёр орон тоо, Сайншанд, Замын-Үүдэд л 3-4 хүнтэй орон тоо байдаг. Аливаа ажил хийж байгаа хүмүүст санхүү байхгүй учраас цаасан дээр төлөвлөж, яриад ч нэмэргүй. Тиймээс сумдын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, багийн Нийтийн хурлыг чадавхжуулах, төсөвтэй болгох тал дээр анхаарсан. Манай аймаг орлогоо өөрсдөө бүрдүүлж, төсвөө баталдаг учраас онцлог, давуу талтай. Юуны өмнө сумдын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл тус бүрт нэг сая төгрөг төсөвлөж, Сайншанд, Замын-Үүдэд гурван сая төгрөг төсөвлөж өгснөөр ажлаа эхлүүлсэн. Дараа жил нь тус бүр хоёр сая төгрөг болгож, үйл ажиллагааных нь зардлыг нэмсэн юм. Ингэхээр бүх газарт ажил амжилттай өрнөж, үүнтэй зэрэгцээд сумдын Иргэдийн хурлын ажлыг дүгнэж шалгаруулдаг болсон нь ихээхэн үр дүнтэй ажил. Эхний гурван байр эзлүүлээд эхлэхээр өрсөлдөөн бий болдог. Ингэж л сууриас нь эхэлсэн. Дараагийн ажил нь Багийн хөгжлийн төв бариад, багийн Нийтийн хурлын даргыг өрөөтэй болгосон. Ингэж ажиллах нөхцөлийг бүрдүүлэхгүй болохоор өрөө ч байхгүй нэг тамга халаасалсан нөхөр яваад байдаг.
-Та ажлаа сууриас нь эхэлсэн гэлээ. Иргэдээс сонгогдог учраас олон нийтийн оролцоо, засаг захиргаатай хэрхэн хамтарч байна?
-Би хурлын дарга болсон даруйд нэгдүгээрт, өмнө нь байсан ил тод байдлыг эрхэмлэж ажиллах зарчмаа барьсан. Хоёрдугаарт, “Төлөөлөгчийн өдөр”-ийг бий болгож, иргэдийн дунд нь орж ажилласан. Гэтэл иргэд “Та нар чинь сонгууль болоогүй байхад бас өрх айлаар явдаг юм уу. Сонгууль болохоор л намайг дэмжээрэй гээд явдаг биз дээ” гээд гайхаж байсан. Аймаг болон бүх сум, багуудын хурлын тайланг нэгтгэн, хийж гүйцэтгэсэн байдлаар нь сонин гаргаж, ажлаа танилцуулсан. Ингээд иргэдийн дунд явахаар болох болохгүй асуудлаа ярьдаг, хэлэлцдэг. Өнөөх л байнгын сэдэв уул уурхай, газар олголт, бусад эмх замбараагүй байдал гээд бүх зүйл тэнд ил тод яригдаж, асуудлаа шийдвэрлэхэд ихээхэн дөхөм болдог. Хаана ямар асуудал байгааг өөрийн биеэр сонсож, бас хардаг. Жишээ нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд нэг дутмаг зүйл байгааг олж харсан нь цагдаа хүчний асуудал. Тиймээс бид төсөв хөрөнгөө шийдэж, 23 олон нийтийн цагдаа ажиллуулсан. Суманд Хэсгийн төлөөлөгч нь аймаг руу ч юм уу албан ажилтай, цагдаа нь ямар нэг зүйлийн араас хөөцөлдөөд явсан үед олон нийтийн цагдаа ихээхэн чухал байдгийг олж харсан. Сүүлдээ цалинг нь нэмээд, нийгмийн даатгалын асуудлыг нь шийдэж өглөө. Энэ бол иргэдийнхээ аюулгүй байдалд анхаарч байгаа нэг ажил юм. Мөн сумдынхаа хуралтай харилцан, тэднээс шаардаж, шахаж хамтарч ажилласан нь үр дүнтэй болдог юм байна. Жил бүр явж уулзаад харилцан ажиллахаар нөхцөл байдал дээрддэг. Жишээ нь, Алтанширээ сумын иргэн нэг ийм асуудал тавьж байсныг ийм шийдвэрт хүргэсэн шүү гэдгийг дараа очихдоо танилцуулна. Өнгөрсөн жил Хатанбулаг сумын иргэн ийм гомдол тавьсан, түүнийг ийм замаар шийдвэрлэсэн гэх зэргээр дунд нь ажиллахаар иргэд рүү илүү ойр болж байна. Бидний эрх мэдэл, санхүүгийн чадамж хүрэхгүй асуудлыг бол цааш нь уламжлаад явдаг.
-Иргэдийн төлөөлөгчдийн хурлын үйл ажиллагааг тэр бүрий иргэд олон нийт ойлгодоггүй. Ард түмнээс сонгогдсон хэдэн нөхөд сэлгүүцэж байдаг шахам ойлгодог нь нууц биш. Энэ талаар?
-Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын үйл ажиллагааны тухай олон нийт буруу ойлголттой байх нь элбэг. Учир нь иргэд “Энэ Иргэдийн хурал гэж юу хийдэг байгууллага вэ, Засаг дарга нь л ажиллаад байна” гэх зэрэг яриа гардаг. Уг нь Засаг дарга, түүний Тамгын газар бол гүйцэтгэгч, Иргэдийн төлөөлөгчдийн хурал бол бодлогоо гаргана, чиглэл өгнө, төсвийг нь батална, түүнд хяналт тавьж ажилладаг байгууллага шүү дээ. Тэгэхээр нь хурлаас энэ жил ийм бодлого гаргаж, ингэж ажилласан, ийм зүйлийг Засаг даргад үүрэгдсэн, ажил нь төдөн хувьтай явна, тухайн төлөөлөгчдийн гаргасан санал санаачилга гээд бүхий л зүйлээ тайлагнаад явахаар ойлгомжтой болдог. Өөрөөр хэлбэл Иргэдийн төлөөлөгчдийн хурлын үйл ажиллагаа иргэдэд зөв хүрч, тэд ойлголттой болж байна гэсэн үг.
-Иргэдийн төлөөлөгчдийн хурал бол бодлогын байгууллага, олон нийтийг аймгийн хэмжээнд төлөөлж байгаа газар. Тэгэхээр чиг үүргээс гадна олон нийтэд хандсан ямар нэг ажилд оролцох уу?
-Оролцоно. Жишээ нь Хөвсгөл суманд малчид сүлжээгүй байна гэсэн асуудал гарч, энэ талаар хөөцөлдсөн. Төсөв хөрөнгө байхгүйгээс гадна бизнесийн агуулгагүй учраас ААН-үүд сүлжээ оруулах сонирхол байдаггүй. Бизнесийн ашиггүй газруудад холбоожуулалт хийдэг Ерөнхий сайдын дэргэд байгуулагдсан Нийтийн үүргийн сан гэж бий. Энэ сантай ярьж хөөцөлдөж байгаад Хөвсгөл суманд холбоожуулалт хийж, “4 G” сүлжээ оруулсан. Бидний ажлын чиг үүргээс ангид ажил олон байдаг ч оролцох үе бий. Би өөрөө холбооны хүн болохоор ч тэр үү, энэ тал дээр ажиллахад бүр ч ойрхон байдаг. Одоо энэ холбоожуулалтыг Мандах суманд тавих гэж байгаа.
-Нам, улс төрийн хүчин, жендерийн хувьд ямар харьцаатай байна вэ?
-Манайд 31 төлөөлөгч байдгаас 29 нь МАН-аас сонгогдсон байна. Гэтэл Ардчилсан намаас нэг, бие даагч нэг байна гэхээр МАН үнэмлэхүй олонх юм. Эмэгтэй төлөөлөгч зургаа байгаа нь жендерийн асуудал тэнцвэртэй байна гэсэн үг. Нэг зүйл хэлэхэд нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагыг чадавхжуулахаар УИХ-ын Тамгын газар, НҮБ-ын төсөлтэй хамтран, багийн Иргэдийн нийтийн хурлын дарга нар, дараа нь аймаг сумын хурлын төлөөлөгч, дараа нь тэргүүлэгчдийг, эмэгтэй төлөөлөгчдийг чадавхжуулах гэсэн дөрвөн чиглэлийн сургалт зохион байгуулсан. Сургалтаар төлөөлөгч гэж хэн юм, юу хийх ёстой юм, тэргүүлэгч яах ёстой юм гэдэг сургалтыг эхний хоёр жилд зохион байгуулсан. Үүгээрээ төлөөлөгчдөд их зүйл өгсөн.
-Та олон жил сөрөг хүчний бүлгийн даргаар ажилласан хүн. Олонх болох ямар байна?
-Ойлголцохгүй зүйл байхгүй. Гэхдээ үнэмлэхүй олонх байхад эерэг тал ч бий, сөрөг тал ч бий, гагцхүү зохицуулах нь чухал. Олонх байхад санал зөрөлдөхгүй, аливаа асуудлыг түргэн шийддэг сайн талтай. Талцаад байх асуудал гарахгүй. Сөрөг тал нь гэвэл төлөөлөгчдийн идэвх муу байдаг юм байна. Аливаа зүйл болоход хойд солонгосчууд шиг гар өргөчих гээд байдаг, ерөөсөө сөрөг хүчингүй ажиллана гэдэг ийм талтай. Би найман жил сөрөг хүчний даргаар ажиллахдаа тухайн үед эрх барьж байсан хүмүүсийг олон эрсдэлээс аварсан гэдгийг дээр дурдсан даа. Олонхдоо найдаад алдах зүйл ч гарч болзошгүй юм билээ. Тиймээс би аливаа шийдвэр гаргах бүхий хуралдаан болохоос өмнө хороодоо хуралдуулдаг. Дараа нь бүлгээ хуралдуулж, саналаа солилцож, эцэслэн нэгтгэсний дараа хуралдаанаа хийдэг жишиг тогтоосон. Энэ нь давуу тал бөгөөд эрсдэл гардаггүй.
-Та аймгийн Засаг дарга, нутгаас сонгогдсон гишүүдтэйгээ хэрхэн ойлголцон ажиллаж байна?
-Бид өөр өөрийн зүгээс, шат шатандаа ойлголцдог. УИХ-ын гишүүд бол тэртээ тэргүй хууль тогтоох дээд байгууллагын ажлаа хийнэ. Бидний хувьд төрд хүргэх санал хүсэлт, төсөв мөнгө юу эс мундах билээ, түүнийг гишүүддээ уламжилдаг. Харин Засаг дарга бол гүйцэтгэх ажлаа хийж, бид хяналтаа тавин ойлголцоод ажиллаж байна. Ерөөсөө өөр өөрийнхөө чиг үүргийн ажлыг л хийе гэсэн зарчим барьж ажилладаг болохоор үл ойлголцол гардаггүй. Түүнээс бид Засаг даргын өдөр тутмын ажилд хутгалдаад, тэнд ч нэг олон нийтийн ажилд оролцоод явах хэрэггүй. Би анх ажилд томилогдоод Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг эдийн засгийн хувьд чадавхжуулах, ард иргэдэд хурлын үйл ажиллагааг ойлгуулах, сумдын Иргэдийн хурлыг дэмжих, аль нам нь хамааралгүй сонгогдсон төлөөлөгч юу хийж байна гэдгийг иргэдэд танилцуулах, тэднийг дэмжих гэсэн үндсэн зарчим барьж ажилласан. Ерөөсөө үндсэн чиг үүргийн ажлаа л хийх зорилго дор ажиллаж ирсэн. Энэ бол төмөр замд ажиллаж байхад надад суулгаж өгсөн зарчим юм уу даа.
-Өнгөрөгч дөрвөн жилд хийж амжаагүй ямар ажил үлдэж вэ?
-Хүний хүсэлд хязгаар байхгүй. Гэхдээ бид сууриас нь эхлээд зөв болгох тал дээр ажиллаж эхэлсэн учраас хийгээгүй үлдсэн ажил байхгүй. Өнгөрөгч 2016 онд өгч байсан амлалтаа биелүүлэхийн төлөө ажилласан нь үр дүнтэй байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалт ч сайн байлаа. Аймаг орон нутгаас ч төлөвлөсөн ажлаа биелүүлсэн. Сайншандынхаа багийн төвүүдийг өрхийн эмнэлэгтэй нь засварлаж шинэчлэхийг нь шинэчилж, шинээр байгуулахыг нь байгууллаа. 2020 оны төсөвт 2016 оны мөрийн хөтөлбөр дээр дэвшүүлсэн ажил юу байна, дууссан уу, гүйцэтгэл ямар байгаа зэргээс харж, түүнийгээ баталсан. 2016 онд гаргаж байсан мөрийн хөтөлбөрөө 100 хувь гүйцэтгэсэн. Үүнээс гадна мөрийн хөтөлбөрт ороогүй олон ажил амжуулсан гэхээр миний хувьд дутуу, үлдсэн зүйл алга. Өнгөрсөн хугацаанд мөрийн хөтөлбөртөө хяналт тавьж, эргэж шалгаж ажилласан. Магадгүй би төмөр замд ажиллаж байхдаа Замын даргын хяналт шалгалтаар жилд дөрвөн удаа явдаг, газар дээр нь асуудал шийддэг байсан болохоор энэ нь зуршил болсон ч байж болох юм.
-Дорноговь аймагт сүүлийн хэдэн жил ураны асуудал яригдаж байгаа. Мэргэжлийн байгууллагаас уран олборлохыг тэгтлээ буруушаахгүй байх шиг. Гэтэл олон нийт уранд мал хордож үхэж байгаагаас эхлээд аюул тулгарлаа гэх юм?
-Асуудал байна, тэд далд аргаар уусгах технологиор олборлолт хийнэ гэж яриад байгаа юм. Тиймээс би та нар хөрс рүү 100 литр шингэн шахаад уран уусган соруулж авна гэж байна. Буцааж хэдийг нь авах юм гэхээр дуугарч чаддаггүй. Хариу өгдөггүй. Би энэ талаар Мон-Атом, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Цөмийн энергийн газар, Засгийн газар, УИХ гээд олон газар явж, бүгдэд шаардлага хүргүүлсэн. Одоо “Түгээмэл тархацтай газар” нэрээр хууль бусаар байгальд хандах болсон. Үүнийг одоо цэгцлэх хэрэгтэй. Гэхдээ манай аймагт уул уурхайн лиценз 500 орчим байсныг цэгцэлж, 200 гаруйг цуцлуулах ажил зохион байгууллаа.
-Та яриа эхэлснээс хойш төмөр зам гэж олон дурдлаа, ажлынхаа гарааг эхэлсэн учраас элэг татаад байна уу. Тэгэхээр өөрийнхөө болон төмөр замын талаар асуухгүй өнгөрч болохгүй байх?
-Би төмөр замаас ажлынхаа гарааг эхлүүлж, энэ айлд 27 жилд ажилласан болохоор дурдаж, дурсахаас өөр аргагүй. Энэ салбарт монтёроос эхлээд механик, инженер, ахлах инженер, ангийн алба хариуцсан орлогч дарга, байгууллагын дарга гээд шат дараалан ажилласан. Социализмын үед сурч ажиллаж эхэлсэн болохоор тухайн үеийн ахмадууд, удирдах албан тушаалтны хэрэгжүүлж байсан ажил, хэлж байсан үг тэр чигээрээ эрдэнэ. Одоо цаг өөр болжээ. Намайг инженерээр ажилла гэхэд “Би чадахгүй” гэж байлаа, мөн орлогч, байгууллагын даргаар томилоход “Би чадахгүй” гэж байлаа. Одоо цагт бол “би болно, би чадна” гээд явж байна. Тухайн цагт намайг цааргалаад байхаар дарга нар “Чи номыг нь үзэж, ногоотой шөлийг нь уусан байж, чадах ёстой” гээд загнаад томилж байлаа, бидний үе ийм л байсан. Байгууллагын дарга болчихоор өнөөх л дамжиж байсан ажлуудаа мэднэ, механикаа мэднэ, инженерээ мэднэ, ажлын ачааллаас эхлээд ажил яаж хийдүүлж байгааг ч мэднэ. Тухайн үед хамгийн бага шатнаас эхлэн ажиллуулдаг байж дээ. Тэгээд ч өвөө, эмээ, аав, ээж маань “Буруу олзноос зөв гарз дээр шүү” гэж үргэлж сануулж, “Эдээр биеэ чимэхээр эрдмээр биеэ чим” гэж захиж өсгөсөн. Би Сайншандын Төмөр замын найман жилийн сургууль төгсөөд Төмөр замын техникумд сурахаар явсан. Сургуулиа төгсөөд төмөр замд ажиллаж байгаад Эрхүүгийн Төмөр замын сургууль төгсөж ирээд эндээ ажилласан хүн. Ажиллах хугацаандаа Удирдлагын академийг менежер, мастераар нь төгсөж, дараа нь мэргэшсэн инженер, Зөвлөх инженер болсон гээд миний ажил амьдрал төмөр замтай салшгүй холбоотой.
Сэтгэгдэл ( 3 )
Ёр нь их гоё худлаа ярина даа.
Ajliin amjilt
Гое ярьж байна ее