БНХАУ, Бахрейны сайд нар Иран, АНУ-ын эвлэрлийг хэлэлцэв

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

БНХАУ-ын гадаад хэргийн сайд Ван И, Бахрейны гадаад хэргийн сайд Абдел Латиф бин Рашед аз-Заяани Иран, АНУ-ын зэвсэгт мөргөлдөөнийг эцэслэх тухай асуудлыг хэлэлцжээ.

БНХАУ-ын гадаад хэргийн яамны мэдээллээр, уулзалт Нью Йорк хотноо энэ сарын 26-нд болжээ. Бүрэн хэмжээнд гал зогсооход дэмжлэг үзүүлэх нь тулгамдсан асуудал болоод байгаа бөгөөд олон улсын хамтын нийгэмлэг энх тайвныг сахин хамгаалах чиглэлд хүчин чармайлтаа идэвхжүүлэх, хурцадмал байдлыг намжаахад хамтын хүчин зүтгэл гаргах нь чухал болохыг Ван И онцолсон байна.

Хятад улс нь хямралыг зохицуулах чиглэлд гаргаж буй Пакистан болон бусад улсын  хүчин чармайлтыг үнэлж байна. Хятадын эрх баригчид Ойрх Дорнодод урт хугацаанд энх тайван, тогтвортой байдлыг хангах зорилгоор Бахрейн болон НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүн орнуудтай нягт уялдаатай хамтарч ажиллахад бэлэн.

Бахрейны гадаад хэргийн сайд Хятад улсын хүчин чармайлт чухал болохыг онцлоод хоёр улсын хамтын ажиллагаа, Бээжин, Персийн булангийн орнуудын харилцааг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд бэлэн буйгаа илэрхийлжээ.

АНУ, Ираны хооронд байгуулах хэлэлцээрийг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд танилцуулж, хууль, эрх зүйн чадамжийг нь хангах ёстой гэж Ван И мэдэгджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top